XVI зууны Францын астрологич Нострадамус 2024 оныг хэрхэн зөгнөсөн талаар АНУ-ын өдөр тутмын New York Post сонин мэдээлжээ.
1555 онд түүний бичсэн “Les Prophecies” (Зөгнөлүүд) зохиолд өгүүлснээр бол шинэ он үймээн самуун ихтэй, ороо бусгаа жил байх гэнэ.
Нострадамусын зохиол 942 ширхэг дөрвөн мөрт шүлгээс бүрдсэн байдаг.
Түүний зөгнөлүүдийн заримыг тайлж ойлгоход хэцүү байдаг ч Адольф Хитлерийн хүчирхэгжилт, Жон Кеннедийн аллага, есдүгээр сарын 11-ний халдлага, Covid цар тахал зэргийг зөв таасан гэж үздэг юм.
Гэхдээ Нострадамусын зөгнөсөн гай гамшгаас айх хэрэггүй гэж судлаачид зөвлөж байна. Тухайлбал тэр 2023 онд Дэлхийн Гуравдугаар дайн дэгдэхийг зөгнөсөн ч биелээгүй гэж үзэж болох юм.
2024 онд болох дөрвөн үйл явдлыг New York Post онцлон нийтэлжээ.
Хаан ширээний үймээн
2024 онд “Арлуудын хаан хүчээр ширээнээсээ бууна” гэжээ.
Зарим хүмүүс үүнийг Их Британийн хаан III Чарльзыг хэлсэн гэж үзэж байна. Чарльз хаан дотоод гадаадын дарамт шахалтын улмаас ширээнээсээ бууж, оронд нь хунтайж Уилльям, Харри нарын нэг хаан ширээг залгамжлахыг хэлж байж магадгүй гэнэ.
Тэнгисийн дайн
Нострадамус 2024 онд далай тэнгисийн дайн дэгдэх тухай зөгнөжээ. Тухайлбал “Улаан түрэмгийлэгч далай тэнгисийг айдаст автуулна” гэж тэр бичсэн байна.
Зарим хүмүүс “Улаан түрэмгийлэгч”-ийг Хятад улс байх магадлалтай гэж дүгнэжээ. Дэлхийн хамгийн том тэнгисийн флоттой гэгддэг Хятад улс Тайвань арал болон Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутагт зөрчил маргаантай байдаг.
Байгалийн гамшиг
Уур амьсгалын өөрчлөлт сүүлийн жилүүдэд ган гачиг, ой хээрийн түймэр, агаарын хэт халалтыг улам эрчимжүүлж байгаа.
Нострадамус энэ бүхэн улам дордохыг зөгнөжээ.
“Хуурай газар улам ширгэж, их үерт автах болно” гэж бичсэн зөнч “асар том өлсгөлөнгийн давлагаа ирнэ” гэж бас бичсэн байна.
Шинэ Пап
Нострадамусын зөгнөснөөр энэ онд Ромын католик сүм хийдийн тэргүүн солигдох гэнэ.
“Өндөр настан ламыг өөд болоход харьцангуй залуу Ром хүн сонгогдох болно. Түүний хараа муудах ч суудалдаа удаан хугацаанд тогтож, үйл хэргээ үргэлжлүүлэх болно” гэж тэрбээр бичсэн байна.
Одоо 87 настай пап Францисын эрүүл мэнд сайнгүй байгаа.
Саяхан болсон НҮБ-ын уур амьсгалын чуулганд тэр уушгины үрэвсэл, амьсгалын замын өвчний улмаас оролцож чадаагүй юм.
Эх сурвалж: New York Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!