ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын явуулсан томоохон агаарын цохилтын үеэр Украины 30 орчим иргэн алагдав

Т.Давааням, ikon.mn
2023 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Оросын тал 122 пуужин, олон арван дроноор Украины хотуудыг довтолсон нь энэ дайны хугацаанд гарсан хамгийн том агаарын цохилт гэж ажиглагчид үзэж байна.

18 цаг үргэлжилсэн ажиллагааны улмаас Украины зургаан хотод 30 орчим энгийн иргэн алагдаж, 144 орчим хүн шархаджээ. Барилгуудын нурангид дарагдсан хүмүүсийг гаргаж дуусаагүй байгаа тул хохирлын тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Төрөх эмнэлэг, орон сууцны барилгууд, сургуулиуд зэрэг олон объект агаарын цохилтод өртжээ.

Оросын харвасан пуужин, дронуудын ихэнхийг устгаж чадсаныг Украины армийн командлагч Валерий Залужний мэдээлсэн байна.

Оросын тал сүүлийн үед агаарын ажиллагаагаа хязгаарлаад байсан нь Украинд томоохон цохилт өгөхөөр пуужингуудаа нөөцөлж буйтай холбоотой гэж Өрнөдийн мэргэжилтнүүд өмнө нь анхааруулж байсан юм.

2022 оны хоёрдугаар сард эхэлсэн Украины дайны турш Оросын тал ийм том агаарын довтолгоо явуулж байгаагүйг Украины агаарын хүчний командлагч Микола Олешчук сошиал хуудсандаа бичжээ.

2022 оны арваннэгдүгээр сард Оросын арми 96 пуужин, энэ оны гуравдугаар сард 81 пуужингаар дайрсан нь өмнөх хамгийн том агаарын довтолгоонууд байсан гэнэ.

Баасан гарагт бас Польшийн батлан хамгаалах яам тус улсын агаарын хилд үл мэдэгдэх биет орж ирсэн тухай мэдээлжээ.

Украины талаас орж ирсэн уг биет удалгүй радараас алга болсон бөгөөд Оросын пуужин байх өндөр магадлалтай гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Associated Press