Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эр хүн уйлдаг юм

Б.Солонго, Зууны мэдээ
2014 оны 1 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг
1990-ээд оны нийгмийн өөрчлөлтүүд, шилжилтийн явцад ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал ихэссэн

Хайрлана, жаргаана гэж авч суусан эхнэрээ зодсоор байгаад алчихдаг эр хүнийг ойрын өдрүүдэд бид яасан их жигшин зэвүүцэвээ.

Хүчирхийлэл гэдэг үг хүн бүрийн чихэнд хамгийн муухайгаар сонсогдож, улсын Ерөнхийлөгч хүртэл эрчүүддээ хандан “Бүгдээрээ жинхэнэ эрчүүд байя, охид бүсгүйчүүдээ хамгаалья” гэж уриалаад байна.

Ингэхээс ч аргагүй жигшим явдлууд сонин хэвлэлийн хуудас, телевизийн дэлгэцээс салсангүй. Хүчирхийлэгчид ногдуулах хариуцлагыг чангатгах хуулийн төсөл хүртэл дуулдаж байна.

Гэвч нэгэнт үйлдэгдсэнийх нь дараа тэр хүчирхийлэгчийг шийтгээд өнгөрөх нь бодит үр дүн мөн эсэх нь эргэлзээтэй. Мэдээж хэрэгтэн  хариуцлагаа үүрэх нь тодорхой л доо. Гэр бүлийн хүчирхийллийн 80 хувьд хохирогч нь охид, бүсгүйчүүд байдаг.

Ингэхээр хүчирхийлэгч нь эрэгтэй хүн. Ерөөс энэ сэдвээр ярихад яалт ч үгүй эрчүүд голлоно. Эмэгтэйчүүд ийм хэргийн эзэн болсон тохиолдол бий ч харьцангуй цөөн. Тэгвэл хүчирхийллийн уг үндэс нь юу вэ.

Эрчүүдийг тодорхойлдог өнөөх олон зан чанарууд байна. Юунд ч бууж өгдөггүй хор шар, чадах ёстой чадахгүй бол эр хүн биш гэсэн бардам итгэл, хайртай хүнээ ер нь юм бүхнээ өмчирхөх үзэл гэх мэт.

Эрчүүдийг  багаас нь хүмүүжүүлж, тархинд нь суулгаж байгаа зарим буруу үзлүүд өнөөдрийн хүчирхийллийн эх үндэс болж байгааг анзаарах цаг болжээ. Гүйж явсан хүүгээ бүдрээд ойчиход нь “Эр хүн чинь уйлдаггүй юм бос бос” гэнэ. Харин охиноо унавал “Эвий дээ миний охин яав ийв зүгээр үү” гэнэ. Эр хүн л юм чинь уйлж болохгүй, охид шиг гоморхож болохгүй, олон үг ярьж болохгүй.

Энэ бол өнөөгийн бидний хөвгүүдээ хүмүүжүүлж байгаа тун тодорхой жишээ. Тиймээс л хөвгүүд тулгарсан бэрхшээлээ бусадтай хуваалцдаггүй, бүхнийг өөрөө зохицуулах дотоод сэтгэлгээтэй болдог. Амьдралаа ярихын тулд архийг сонгодог нь эрчүүдийн нийтлэг шалтгаан.

Үүнд зөвхөн тааруулаад уух, хэтрүүлэн донтох гэсэн хувь хүний сонголт л ялгаатай. Энэ нь нөгөө л багаасаа ярьж хэлж чадаагүй зүйлээ, өөрөөр хэлбэл, дотоод сэтгэлээ илэрхийлэх гэсэн нэг арга нь.

Өөрийгөө нээж, илэрхийлж чадаагүй эр хүн аливаа зүйлийг удаан хугацаанд дотроо тээсний эцэст хамгаас хайртай хүмүүстээ нэг дор гаргаж орхино. Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн эхлэл юм. Хувь хүний араншин,  өсөж том болсон орчин гээд олон хүчин зүйл үүнд нөлөөлөх ч багаас нь хүмүүжүүлэх ухаан яах аргагүй чухал болж таарч байна.  Боловсролын хувьд ч тэр.

Монголын эрэгтэйчүүдийн боловсролын байдлыг авч үзвэл нийт суралцагсдын 52.5 хувь нь эмэгтэй, 47.5 хувь нь эрэгтэй. Их дээд сургуульд 60.5 хувь нь эмэгтэй, 39.5 хувь нь эрэгтэйчүүд суралцаж байна. Албан бус хэвшилд ажилладаг насанд хүрээгүй хүүхдийн 64.3 хувь нь хөвгүүд, тэдний 58.7 хувь нь сургууль завсардсан байна.

18 нас хүрсэн залуусын 12 хувь нь, цэргийн үүрэгт алба хааж буй залуусын 20 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй байна.

Эрэгтэй хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хөгжил өсвөр насандаа эмэгтэй хүүхдийнхээс хоцорч явдаг гэдгийг шинжлэх ухаан хэдийнэ тогтоосон. Гэтэл энэ шалтгааныг тоолгүйгээр ахлах ангиа төгсөхөд нь ижилхэн төвшинд үнэлдэгээс болж сургуульгүй хоцрох явдал хөвгүүдийн дунд олон бий.

1990-ээд оны нийгмийн өөрчлөлтүүд, шилжилтийн явцад ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал ихэссэн.

Тэр үед сургууль завсардах явдал эрс нэмэгдэж 1992-1993 оны хичээлийн жилд сургуулиас завсардсан хүүхдийн тоо нийт сурагчдын 8.8 хувийг эзэлж байжээ. Завсардсан сурагчдын дийлэнх нь хөвгүүд байж. Өнөөдрийн нийгэмд гэмт хэрэг үйлдэгсэд тэр үеийн сургууль завсардсан хүүхдүүд байгааг ч судлаачид хэлж байна.

Тэгэхээр хүчирхийллийг ор үндсээр нь устгахад туслахын тулд өнөөдрөөс хөвгүүдийнхээ боловсролд бас хүмүүжилд онцгой анхаарах шаардлага тулгарчээ.  Эр хүн ч бас уйлдаг юм шүү дээ.

Зураг