Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Томуу болон уушгины хатгалгаа өвчнийг анагаах Т.Навчаа эмчийн зөвлөгөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЭМЯ-наас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр томуу болон уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Зинт эмнэлгийн ерөнхий эмч Т.Навчаа зөвлөгөө өглөө.

Дэлхий нийтээр өвлийн улиралд томуу дэгддэг өвчин. Манай оронд сүүлийн хоёр долоо хоногт томуугийн дэгдэлт эхэлжээ. Түүний өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

  • Томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд 9, 10 дугаар сард вакцин хийлгэсэн байхад өвчлөхгүй, хөнгөн тусдаг.
  • Эцэг эх, асран хамгаалагч нар 5 хүртэлх насны болон 6 сараас 60 сартай хүүхдэдээ намар болгон томуугийн эсрэг вакцин хийлгэж хэвшихийг уриалж байна. 
  • Томуу өвчин хүндрэл ихтэй, нас баралт гардаг. Хоёроос доош насны хүүхэд томуугаар хүнд өвддөг. 
  • Гэнэт 38.5-39 хэм хүрч халуурах, толгой, хоолой, яс булчин, үе, ууц нуруу өвдөнө. Хоолны дуршил буурч, хоол харахаар дотор нь муухай оргино. 3-4 хоног юу ч идэхгүй байснаар хүүхэд шингэн дутагдалд ордог. Хамар битүүрэх, ханайх, шингэн нус гоожих шинж тэмдэг илэрнэ.
  • Бага насны хүүхдэд уушгины бус шинж буюу суулгалт илэрч болно. Томуу төст өвчний үед уушгины бус шинж тэмдэг бараг илрэхгүй.
  • Гурван сар хүрээгүй хүүхэд 37.5 түүнээс өндөр халуурвал яаралтай эмчид хандана. 
  • Харин гурван сартайгаас дээш хүүхэд 38.5 түүнээс дээш халуурвал эмчид хандана.
  • Дөрвөн настай хүүхэд 38 хүрч халуурвал гурав хоног гэртээ харж байж болно. Яагаад гэвэл томуу 3-4 хоног халуурдаг бол томуу төст өвчин нь 1-3 хоног халуурдаг. Энэ нь вирусийн үржил дээд цэгтээ хүрдэг хоногууд. Аажмаар сайжирч эхэлнэ. Халууралт болгон хүүхдийн бие хүндрээд байгааг илтгэнэ гэсэн ойлголт биш.
  • Хүүхэд халуунгүй үедээ амьсгаадах, цээж хонхолзох, уруул, хэл, хуруу, хумсны үзүүрүүд хөхрөөд байвал хүүхдийн биеийн байдал хүнд, хатгалгаа эхэлсний шинж. Ийм шинжүүд илэрвэл нэн яаралтай эмчид хандана.
  • Эмч уушгины хатгалгааг гурав ангилна. Уушгины, уушгины хүнд, уушгины маш хүнд хатгалгаа. Гурван сар хүрээгүй хүүхэд уушгины хатгалгаа авсан бол заавал эмнэлэгт эмчлүүлнэ.
  • Уушгины хатгалгаа авсан гурван сартайгаас дээш хүүхэд гэрээр эмчлүүлж болно. Антибиотик ууна. Харин уушгины маш хүнд хатгалгаа заавал эмнэлэгт хэвтэж эмчлэгдэнэ. Уушгины ямар төрлийн хатгалгаа болохыг эмчээсээ асууна.
  • Уушгины хатгалгаа аваад гэртээ эмчлүүлж байгаа хүүхдийг хоёр хоногийн дараа эмчид давтан үзүүлнэ.
  • Бүх насны хүн амны хаалт зүүх, гараа ойрхон савандаж угаах, хүн хоорондын зайг барих, даарахгүй дулаан хувцаслаж томуугаас сэргийлнэ.
  • АНУ-ын эрүүл мэндийн байгууллагаас ариутгал халдваргүйтгэл хийхийг зөвлөж байгаа. Сургууль, цэцэрлэгт хаалганы бариул, ширээ сандал, бие засах өрөө, угаалтуурын бариулуудыг ариутгалын энгийн уусмалууд, нойтон салфетка зэргээр халдваргүйжүүлэхийг зөвлөж байгаа.
  • Томуу, томуу төст өвчнийг эдгээх ид шидийн юм одоогоор байхгүй, эмч, эмнэлгийн байгууллагуудын өгч байгаа энгийн зөвлөгөөнүүдийг дагаж мөрдсөнөөр урьдчилсан сэргийлнэ.