Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр үхэр ээмэгжүүлэх төслийн талаарх сэтгүүлчийн асуултад Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэр (ХХААХҮ)-ийн сайд Х.Болорчулуун дараах хариултыг өгөв.
Тэрбээр "Үхэр ээмэгжүүлэх гэдэг нь бүртгэлжүүлэх ажил юм шүү дээ. Манайхаас өөр үхрээ бүртгээгүй дэлхийн улс орон байхгүй. Тэр битгий хэл Хонконг, Сингапур зэрэг дулаан орнууд модоо хүртэл бүртгэсэн байдаг.
Гэтэл бид амьд малаа бүртгэл хяналтад оруулаагүй байж гадагшаа экспортын асуудал ярьдаг. Үхрийн мах нь шимэгч бактери их агуулдаг болохоор олон улсын шаардлага нь онцгой байдаг.
Зөвхөн мал эмнэлгийн дэглэм бүхий эрүүл бүс болон хамгаалагдсан аж ахуйгаас үхрийн мах авдаг ёстой. Ийм орчныг бүрдүүлээгүй байсан. Харин одоо Засгийн газраас тогтоол гаргаж, бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа.
Ингэснээр үхэр сүргээ бүртгэл хяналтад оруулна гэсэн үг. Түүнээс биш ээмэг гэдэг нь дагалдах асуудал" гэлээ.
Мөн "2024 онд улсын хэмжээнд бүх үхэр сүргийг бүртгэлжүүлж хараахан чадахгүй. Мал эмнэлгийн дэглэм бүхий эрүүл бүсийн таван аймаг байгаа. Эдгээр аймагт бүртгэл хяналтыг явуулж, цахимжуулна.
Улирал тутам мал амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдээ, судалгаагаа өгч байна. Ямар вакцин, тарилга, туулга хийж байгаа талаарх мэдээлэл болгоныг өгч байдаг.
Дунджаар хоёр жилийн хугацаанд эрүүл бүс болдог. Түүнээс гадна бусад аймагт жижиг хэмжээний газар нутагт хамгаалагдсан аж ахуйг хөгжүүлнэ.
Энэ хүрээнд хамгаалагдсан аж ахуй, эрүүл бүсийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Мөн хамгаалагдсан аж ахуйн журам стандартыг шинэчлэн баталж, стандарт батлах чиглэлтэй ажиллаж байгаа.
Мал эмнэлгийн дэглэм бүхий эрүүл бүс, хамгаалагдсан аж ахуйгаас нэг килограммыг 6-10 ам.доллароор зардаг. Ингэж үнэ цэнтэй зарагдах үндэс болдог учраас бид олон улсын жишгээр ажиллах ёстой" гэв.
Сэтгүүлч: Эхний ээлжид таван аймгийн хэчнээн үхрийг бүртгэлжүүлнэ гэсэн үг вэ?
Сайд Х.Болорчулуун: Нийт үхэр сүргийн 30 хувь байгаа.
-Ээмгээ зүүх үү?
-Мэдээж зүүнэ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|