Улсын Их Хурал(УИХ)-ын Нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр болж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайланг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хөдөө орон нутагт жендэрийн эрх тэгш байдал хэр хангагдаж байгаа талаар тодруулав.
Тэрбээр "XXI зууны охид эмэгтэйчүүд өөрийнхөө төрсөн нутагт үлдээд мал аж ахуйгаа эрхлээд явах боломж, тэгш эрхийн асуудал болон наад захын хүний эрх хэр хангагдаж байна гэж үзэж байгаа вэ" хэмээн асуув.
Мөн хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн П.Анужин "Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар УИХ дээр ярьж байхад нэр дэвшиж, улс төрд орох нь байтугай хөдөөд тогоо барих эмэгтэйчүүд олдохгүй байна гэж эрчүүд хэлж байсан. Монголд, ялангуяа хөдөөд гэр бүлийн бүтэц алдагдаж байна. Эмэгтэйчүүд багасаж байна. Энэ асуудлыг анхаарах ёстой" гэсэн юм.
Асуултад Жендэрийн Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр "2021 онд Жендэрийн Үндэсний Хорооны ажлын албанаас боловсролын яам болон бусад яамтай хамтарч Малчин залуу гэр бүлийн асуудлаарх үндэсний судалгааг хийсэн.
Долоон аймгийн 20 гаруй сумын хамруулсан уг судалгаагаар тэдэнд тулгарч байгаа гэр бүл төлөвлөлт, бага боловсрол эзэмшүүлэхтэй холбоотой асуудлуудыг нь тодруулсан.
Малчин залуу гэр бүлийн үндсэн асуудал нь
Мөн Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам(ХХААХҮЯ)-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга н.Саран "Жилээс жилд эрэгтэй малчдын тоо өсөж, давамгайлсаар байгаа. Иймд малчдын А данс, өрхийн мэдээлэлд зөвхөн өрхийн тэргүүлэгчдийн мэдээлэл оруулдаг байсныг гэр бүлийн бүх гишүүний мэдээллийг оруулдаг байх санал гаргасан. Энэ асуудал шийдэгдсэнээр 123.3 мянган эмэгтэй малчин яамнаас олгодог урамшууллыг өөрийн дансанд авах боломж бүрдэнэ.
Түүнчлэн залуу малчдад зориулсан төслийг 2021 оноос хэрэгжүүлж, дөрвөн бүсэд 18-35 насны залуусыг хамруулж байна. Ингэхдээ хүйсийн харьцааг тэгш байхаар зохион байгуулдгаараа онцлогтой. Яамнаас 2018-2023 онд хэрэгжүүлэх жендэрийн бодлогоо гаргаад явж байгаа" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!