Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

А.Тэмүүжин хүнд гэмтлийн дараа хөл дээрээ босож, одоо “Shoe’s Love”-д амжилттай ажиллаж байна

ikon.mn
2023 оны 12 сарын 12
ikon.mn
зураг
 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №22

“Shoe’s love” гутлын гоо сайхан, хими цэвэрлэгээ

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

“Ажлаараа дамжуулан хүсэл эрмэлзэл, шинэ зорилготой болжээ”

зураг
 
А.Тэмүүжин /зүүн гар талаас хоёр дахь/ нь хоёр удаагийн ослын улмаас хүнд гэмтэл авч, хөгжлийн бэрхшээлтэй болсон ч олон удаагийн мэс заслыг даван туулж, дасгал хөдөлгөөн уйгагүй хийсний үр дүнд ажилд орж, хамт олноороо хүрээлүүлэн амжилттай ажиллаж байна /зургийг 2023 оны 6-р сард авав/

Ахуйн үйлчилгээний чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг анхны компани

зураг
 
Хан-Уул дүүрэгт байрлах “Shoe’s Love”-ийн төв оффис болон угаалга, цэвэрлэгээний үйлдвэр /зургийг 2023 оны 6-р сард авав/

Дөрвөн улиралтай, цаг агаарын өөрчлөлт ихтэй Монгол улсад зун нь цэнхэр тэнгэр цэлийж, хавар нь хуурай ширүүн салхи салхилан, бороо цас холилдон орно.  Харин намар эрт орсон цас орж замын энд тэнд хөлдөж, уртаас урт өвлийн улирал эхлэхэд шөнөдөө хасах 40 хэм хүртэл хүйтэрч, гудамж талбай бүхэлдээ мөнгөлөг өнгөөр хучигдана. Нийслэл Улаанбаатарын хаа сайгүй өглөө оройн замын түгжрэлээс болж ажил гэр рүү гээ алхах хүмүүс тасрахгүй.

зураг
 
Улаанбаатар хотод “Shoe’s love”-ийн нийт 20 салбар /ахуйн үйлчилгээний төв/ ажилладаг /зургийг 2023 оны 6-р сард авав/

"Shoe’s love” нь гутлын  засвар, цэвэрлэгээнээс эхлээд ахуйн үйлчилгээний бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Их сургуульдаа эдийн засагчийн мэргэжил эзэмшиж, төрийн албан хаагчаар ажилласан туршлагатай Г.Чимэдзаяа захирал 2006 онд энэхүү компаниа байгуулжээ. Тус компанийн төв оффис болон угаалга цэвэрлэгээний үйлдвэр нь Хан-Уул дүүрэгт байрладаг бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 20 ахуйн үйлчилгээний төвтэй.

Ерөнхий захирал Г.Чимэдзаяа ”Саяхныг хүртэл хувийн гутал засварын газрууд хаа сайгүй байсан ч ахуйн үйлчилгээний төв бүхий бие даасан компани гэвэл манайх анхдагч” гэж бахархангуй хэлэв. Гутал арчилгааны төрөл бүрийн бүтээгдэхүүн импортлон борлуулахын зэрэгцээ гутал засвар-угаалга, цүнх засвар, хуурай хими цэвэрлэгээ, хивс цэвэрлэгээ гэх мэт ард иргэдийн амьдралд нэн хэрэгцээт үйлчилгээ үзүүлдэг компани юм.

зураг
 
Ерөнхий захирал Г.Чимэдзаяа /баруун гар тал/ болон гүйцэтгэх захирал Б.Тогтох нар /зургийг 2023 оны 6-р сард авав/

“Shoe’s love” нь CSR буюу нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайхан зүйлс хийж иржээ. Гүйцэтгэх захирал Б.Тогтохын хувьд оюутан байх үеэсээ тус компанид цагийн ажилтнаар ажиллаж, сургуулиа төгсөөд шууд үндсэн ажилтнаар орсон байна. Тэрээр “Нийгмийн хариуцлагын хүрээнд бусдад тустай ямар зүйл хийж болох талаар ажилтнуудтайгаа байнга ярилцаж шинэ санаа эрэлхийлдэг” гэв. Жишээлбэл, 9-р сард хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө хүүхдүүдийн багадсан дүрэмт хувцаснуудыг цуглуулж, үйлдвэртээ угааж цэвэрлэн зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэглэдэг гэнэ.  Мөн хуучин хувцаснуудыг ариутгаж цэвэрлээд, “Чөлөөтэй авч болно” гэж бичээд автобусны буудлууд дээр тавьж орхидог байна. Үүгээр зогсохгүй 6-р сарын 1-нд “Хүүхдийн баярын өдөр”-өөр хүүхдүүдэд шинэ гутал бэлэглэх, “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв”-ийн хүүхдүүдийн хувцсыг үнэгүй угааж цэвэрлэх гээд нийгэмд тустай олон зүйлийг хийж хэрэгжүүлжээ.

Хүнд гэмтлийн дараа хөл дээрээ босож чаджээ

зураг
 
“Shoe’s love” нь хувцас хими цэвэрлэгээний үйлчилгээг ч мөн үзүүлдэг /зургийг 2023 оны 6-р сард авав/

Тус компани нь байгуулагдсан цагаасаа хүний нөөцийн бүрдүүлэлт дээрээ анхаарч, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний төвөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авч иржээ. Одоогийн байдлаар Төв оффис болон үйлдвэр, мөн 20 ахуйн үйлчилгээний төвүүдэд нийт 60 гаруй үндсэн ажилтан, 10 цагийн ажилтан ажилладаг бөгөөд оюуны болон дотоод эрхтний бэрхшээлтэй нийт 4 хөгжлийн бэрхшээлтэй ажилтантай.

А.Тэмүүжин нь олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй. Их сургуулийн оюутан байхдаа буюу 2014 онд дараа нь 2018 онд хүнд зодуулж, маш хүнд гэмтэл авчээ. Ялангуяа хоёр дахь удаагийн гэмтлийн дараа 28 хоног ухаангүй эмнэлэгт хэвтсэн гэнэ. Хэд хэдэн удаагийн хүнд хагалгааны дараа амь нас нь аврагдсан ч 3 жилийн турш хэвтэрт байжээ.

зураг
 
Олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй А.Тэмүүжин голлон гутал, пүүзний үдээс тайлах ажлыг хариуцаж хийдэг /зургийг 2023 оны 6-р сард авав/

Гэсэн хэдий ч гэрийнхнийхээ авч өгсөн фитнесийн төхөөрөмжийг ашиглан, гэртээ уйгагүй дасгал хөдөлгөөн хийсний үр дүнд бие нь бага багаар сайжирчээ. Одоо зүүн хөл болон баруун гарын саажилт, бага зэрэг хэл ярианы бэрхшээлтэй ч ажил хөдөлмөр хийх хэмжээнд хүрч чаджээ.

А.Тэмүүжин “Ухаан орсныхоо дараа хуруугаа ч хөдөлгөж чадахгүй байсан. Сэтгэлээр их унасан. Арай гэж хөл дээрээ босоод бага багаар дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн ч маш хэцүү байсан. Гэхдээ хэрвээ дундаас нь шантарчихсан бол одоо ч хэвтэрт байх байсан” гэж дурсан ярив. Одоо ч түүний биед гэмтлээс үлдсэн олон шарх сорви үлдсэн гэнэ. “Байнга сахиж, асарч байсан ээж болон хагалгаа, эмчилгээний бүх зардлыг гаргаж байсан ах хоёртоо маш их талархаж явдаг” гэж ярих үед сэтгэл нь их хөдөлж байгаа нь мэдрэгдэж байсан.

Өрөөсөн хөлөө чирч арай гэж алхаж чаддаг болсон тэр 2022 оны 11-р сард дүүргийнхээ ХХҮХ-д ажил хайгчаар бүртгүүлж, улмаар “Shoe’s love”-д ажилд орсон байна. Өглөө бүр 6 хагаст босож, автобусаар дамжиж ажилдаа ирдэг бөгөөд түүний ажил өглөөний 8 цаг 30 минутаас өдрийн 2 цаг 30 минут хүртэл үргэлжилнэ. Жилд 4 удаа долоо хоног орчим эмнэлэгт хэвтэж, эмийн болон сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг ба байгууллага нь энэ үед чөлөө олгож, зохицуулалт хийж өгдөг байна.

Бүх ажилтанд таатай ажлын орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна

зураг
 
Үйлдвэрийн менежер Т.Наранцэцэг /зүүн гар тал/ болон А.Тэмүүжин нар /зургийг 2023 оны 6-р сард авав/

Тэмүүжинг ажил дээр нь байнга тусалж дэмждэг, харж анхаарч байдаг хүн бол тус компанид 13 дахь жилдээ ажиллаж байгаа үйлдвэрийн менежер Т.Наранцэцэг юм. Анх А.Тэмүүжингийн осол, гэмтлийн талаар сонсоод их гайхсан ч тууштай дасгал хөдөлгөөн хийж хөл дээр босож ирсэн тухай нь сонсоод шууд л үйлдвэртээ авч ажиллуулахаар шийджээ. 

Эхлээд цэвэрлэгээний ажил хийлгэх бодолтой байсан ч гар хөл нь саажилттай болохоор цэвэрлэгээний багаж хэрэгсэл ашиглахдаа хүндрэлтэй байгааг нь анзаарч, урт цагаар зогсох, өрөөнөөс өрөө рүү шилжих шаардлагагүй, суугаад хийх боломжтой гутлын үдээс тайлах ажилд шилжүүлжээ. Ажил багатай өдөр гал тогоонд туслуулах үе ч байдаг гэнэ. Жилд 4 удаа эмнэлэгт хэвтэх шаардлагатай учраас тэр бүрд нь ажлыг нь зохицуулж, чөлөө олгодог бөгөөд ажлын цагийн зохицуулалт хийж, бусад ажилтнуудаас 2 цагийн өмнө тарах зэргээр компани, хамт олны зүгээс А.Тэмүүжинг бүх талаар дэмжин ажилладаг байна. Гэхдээ зөвхөн Тэмүүжинд тусгайлан  ханддаг гэвэл тийм биш юм. Жишээлбэл, бага насны хүүхэдтэй ажилтнуудаа ажлын байрандаа хүүхдээ дагуулж ирж ажиллах боломжийг ч бүрдүүлсэн нь бүх хүн ажиллахад таатай орчныг бүрдүүлэн ажиллах тал дээр үнэхээр мэдрэмжтэй байгууллага гэж санагдсан.

зураг
 
“Shoe’s love”-д хүргэгдэж ирсэн гутлуудыг нэг бүрчлэн угааж цэвэрлэж байв /зургийг 2023 оны 6-р сард авав/

Тус компанийн хувьд ажилтнуудаа шинэ мэдлэг мэдээлэл эзэмших, сургалт, семинарт  оролцуулах тал дээр дэмжиж ажилладаг. Дээр танилцуулсан гүйцэтгэх захирал Б. Тогтохын хувьд ХНХЯ болон DPUB2 төслөөс 2023 оны 6-р сард зохион байгуулсан ААНБ-уудад зориулсан нөлөөллийн сургалтад хамрагдсан юм.

Гүйцэтгэх захирал Б.Тогтох “Манай компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаад багагүй хугацаа өнгөрүүлсэн бөгөөд тэр хэмжээгээрээ хөгжлийн бэрхшээлтэй  ажилтнуудтай ажиллах тал дээр туршлагатай. Гэвч дээрх сургалтад хамрагдсанаар, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан нэг бүрийн онцлогт тохирсон тохируулга хийх хэрэгтэйг, бас тохируулга хийх нь ямар ач холбогдолтой талаар суралцсан” гэж сургалтын талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэр үргэлжлүүлэн “Өмнө манайд сонсголын бэрхшээлтэй нэг ажилтан байсан. Бид дохио зангаагаар харилцдаг байсан ч харамсалтай ажлаасаа гарчихсан. Хэрвээ DPUB2 төслийн сургалтад арай эрт хамрагдсан бол тэр ажилтан маань ажлаасаа гаралгүй одоо ч ажиллаж байх байсан болов уу гэж бодогдож байна” гээд, “Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран бүх хүн ажиллахад таатай орчныг бүрдүүлж, ажилтнууд сэтгэл хангалуун ажилласнаар байгууллагын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ гэж боддог. Цаашид энэ тал дээр илүү уян хатан бодлого баримтлан ажиллах зорилготой байна” гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.

зураг
 
Угааж цэвэрлэсэн гутлуудыг хатаагч машинд хийх нь түүний ажлын бас нэг хэсэг /зургийг 2023 оны 6-р сард авав/

А.Тэмүүжин амь насанд тулсан хүнд бэртлийн дараа хэсэг хугацаанд ухаангүй байж, дараа нь хэвтэрт удаан байсан ч бууж өгөлгүй дасгал хөдөлгөөн тасралтгүй хийж, хөл дээрээ босож ирсэн нэгэн.  Түүний тэвчээр, шантаршгүй байдал үнэхээр бахархмаар. “Shoe’s love”-д ажиллаж эхэлснээс хойш түүнд маш их өөрчлөлт мэдрэгдсэн.

А.Тэмүүжин “Энд ажилд орохоосоо өмнө өдөр болгон гэртээ ганцаараа дасгал хийгээд л өнждөг байсан. “Shoe’s love”-д ажилд орж, эелдэг сайхан хамт олонтой болсны ачаар “бусадтай илүү их ярилцах юм сан” гэсэн бодол төрөх болсон. Амьдралд итгэх итгэл маань нэмэгдэж, их өөдрөг байдаг болсон. Одоо бол өдөр бүрийг хөгжилтэй сайхан өнгөрүүлж байна. Хамт олондоо маш их хайртай” гээд инээмсэглэв.

зураг
 
Тэмүүжин /баруун гар талаас эхнийх /2023 оны 6-р сард болсон “Монголын мистер” бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлд амжилттай оролцсон юм /хувийн архиваас/

А.Тэмүүжин “Сүүлийн үед булчингийн массаа нэмэхийн тулд бодибилдингээр хичээллэж байгаа.  Ажлаа тараад шууд фитнес рүү гээ явдаг. Дасгалтай өдөр заримдаа их оройтдог. 9 цаг өнгөрөөж харих үе ч бий.  Цаг агаар сайхан өдөр буух буудлаасаа нэг буудлын наана буугаад алхах дуртай. Бие бялдраа хөгжүүлж, эрүүл мэнддээ их анхаардаг” гэж ярив.  

“Дасгал хөдөлгөөн бол бусадтай биш өөртэйгөө тэмцэж байгаа тэмцэл юм. Өөрийгөө ялах л хамгийн чухал” гэж ярих Тэмүүжингийн нүдэнд итгэл үнэмшил, зориг тэмүүлэл харагдаж байв. Тэр зөвхөн дасгал хөдөлгөөн хийгээд зогсохгүй энэ оны 6 болон 10-р сард бодибилдингийн тэмцээнд амжилттай оролцсон юм.

Өвчин, шаналалд бууж өгөлгүй дасгал хөдөлгөөн хийж, улмаар бодибилдингийн спортоор тууштай хичээллэн, ажил  хөдөлмөр эрхлэн яваа түүнийг үйлдвэрийн хамт олон нь “Сэтгэлийн их тэнхээтэй хүн”, “Даалгасан ажлыг дундаас нь орхилгүй, дуустал нь хариуцлагатай хийдэг” хэмээн магтаж байсан. Үйлдвэрийн менежер Т.Наранцэцэг “Тэмүүжин ажлаа их хичээж хийдэг. Манайхан ч гэсэн Тэмүүжинг бүгд дэмжиж ажилладаг” гэсэн юм.

Спорт, дасгал хөдөлгөөнөөр дамжуулан сэтгэлийн тэнхээтэй болсон

А.Тэмүүжин бидэнтэй шинэ мөрөөдлийнхөө тухай хуваалцсан юм. Түүний мөрөөдөл бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан фитнес клуб байгуулах гэнэ. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь хүний сэтгэл зүйд ямар чухал болохыг өөрийн биеэр мэдэрсэн хүний хувьд нэг ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэр зүйлийг мэдрүүлэх зорилготой гэнэ. А.Тэмүүжин “Эхлээд нэг сар, цаашдаа тогтмол хичээллэж чадвал биед ч сэтгэл зүйд ч заавал эерэг өөрчлөлт гарна. Над шиг олдмол бэрхшээлтэй хүмүүсээс гадна төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийж, өөртөө итгэлтэй болоосой гэж хүсэж байна” гэж өөрийн мөрөөдлийнхөө тухай сэтгэл догдлон ярив.

зураг
 
“Shoe’s love”-ийн ахуйн үйлчилгээний төвүүдээс хүргэгдэж ирсэн гуталнуудыг компанийн үйлдвэрт цэвэрлэгээ угаалга хийгддэг /зургийг 2023 оны 6-р сард авав/

Амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн хоёр ч удаагийн ослын талаар ярихдаа тэр нэг ч сөрөг зүйл яриагүй юм. А.Тэмүүжин “Хөгжлийн бэрхшээлтэй болсноос хойш өмнө нь хийж чаддаг байсан ч одоо хийж чадахгүй болсон зүйлсээ тоолоод барахгүй. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй болсноор ойлгож ухаарсан зүйл ч олон бий. Би өмнө нь их хүүхдээрээ, аливаа зүйлд их хөнгөн ханддаг байсан. Одоо бол тэр үеийн Тэмүүжин биш болсон” гэсэн юм. Түүнийг ингэж хэлэхэд өөрийн бие, сэтгэлээ бүрэн удирдаж, өвчиндөө бууж өгөлгүй тэмцэж ирсэн хүний өөртөө итгэлтэй, хүсэл зорилготой байдал мэдрэгдэж байсан юм.

Энэхүү нийтлэлээрээ гэр бүл, хамт олон, мөн спортоос урам, эрч хүч авч, өнгөрснийг мартан урагшилж буй А.Тэмүүжин болон түүнийг бүхий л талаар дэмжин ажилладаг “Shoe’s love”-ийн хамт олны тухай танилцууллаа. Гутлын угаалга цэвэрлэгээ, хими цэвэрлэгээ гэх мэт олон төрлийн үйлчилгээг ахуйн үйлчилгээний төвүүдээрээ дамжуулан үзүүлж буй тус компани нь цаашид ч олон олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж, зорилго, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь хүч болно гэдэгт итгэлтэй байна. Мөн DPUB2 төсөлтэй хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, “Бүх ажилтанд таатай ажлын орчин” бүрдүүлэх тал дээр Монгол Улсдаа загвар байгууллага болох нь гарцаагүй.

【Байгууллагын мэдээлэл】

Байгууллагын нэр

“Shoe’s love” гутлын гоо сайхан, хими цэвэрлэгээ

Үйл ажиллагааны чиглэл

  • Гутал, цүнхний засвар үйлчилгээ
  • Хими цэвэрлэгээ
  • Хивс цэвэрлэгээ

Ажилтны тоо

Үндсэн ажилтан-60 /2023 оны 6-р сарын байдлаар/

Цагийн ажилтан-10 /2023 оны 6-р сарын байдлаар/

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан

4 ажилтан/2023 оны 6-р сарын байдлаар/

ХБИ-ийг ажилд авсан шалтгаан

  • Байгуулагдсан цагаасаа хүний нөөцийн бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулсан.
  • Харьяа дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний төвтэй хамтран ажилладаг.

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

  • Эмнэлэгт хэвтэх болон эмчилгээ хийлгэх шаардлагатай тохиолдолд зохицуулалт хийж, амралт олгодог.
  • Богино цагаар ажиллуулах, ажлаа тараад спортоор хичээллэх, тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжиж ажлын цагийн зохицуулалт хийдэг.
  • Бэрхшээлийн онцлогийг нь харгалзан үзэж, сууж хийх боломжтой ажилд шилжүүлсэн.

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222