Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Машин угаалгын газруудад ус дахин ашиглалтыг бодитоор хэрэгжүүлэх хоёр АРГА

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Машин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй байх журмын талаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Энэ жилээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудад ус ашиглах мэргэжлийн дүгнэлт гаргуулан ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар Усны газраар 209 ААН, байгууллага дүгнэлт гаргуулж, 171 сая шоо метр усыг хаана, хэрхэн яаж ашиглаж, хэдэн төгрөг төлж байгаа асуудалд тооцоолол үүссэн. 

33 ус хангагч байгууллагаас 129 сая шоо метр усны дүгнэлтийг гаргажээ. Усны газраас дамжаад нийт 300 орчим сая шоо метр усны дүгнэлт гарчээ. Өнгөрсөн жилийн тоон мэдээллээр Монгол Улс 604 сая шоо метр усыг ашигласан.

Бид ашиглаж байгаа усныхаа 50 хувийг дүгнэлтээрээ дамжуулаад эзэнтэй буюу хэдийд, яаж ашиглаж байгааг мэдэж байна. Харин үлдсэн 50 хувь нь хөдөө аж ахуйн усны хэрэглээ буюу мал аж ахуй, газар тариалангийн хэрэглээнд тооцоолол бүрхэг байна" гэв. 

Үргэлжлүүлэн "2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, машин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй байх журамд шилжүүлж, Монгол Улсад усны дахин ашиглалтыг бодитоор хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа.

Машин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй болсны дараа шийдвэрлэх хоёр янзын арга зам байгааг тоо баримттай хэлье.

  1. Яг одоо үйл ажиллагаа явуулж байгаа 11 барилгын компанийн шүүрлийн уснаас 2.7 сая шоо метр ус шүүрүүлж байна. Өөрөөр хэлбэл машин угаалгын газруудад барилгын шүүрлийн усыг авахад ямар ч асуудалгүйгээр хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой.
  2. "М-Си-Эс Кока-Кола" ХХК хоног тутамд 2,000 шоо метр усыг цэвэршүүлж гаргадаг. Машин угаалгын газрууд 2,000 шоо метр усыг тус компаниас аваад ашиглавал бүрэн хүрэлцээтэй.

Иймд усны нөөц эсвэл хаанаас ямар ус авах зэрэгт асуудал үүсэхгүйгээр машин угаалгын газрууд шүүрлийн ус, үйлдвэрээс гарч байгаа цэвэршүүлсэн усыг ч аваад ашиглах бүрэн боломжтой" хэмээв. 

зураг
 
зураг