Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Долоо хоног үргэлжилсэн гал зогсоох завсарлага өндөрлөж, Газын зурваст байлдааны ажиллагаа сэргэлээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хамас зэвсэгт байгууллага барьцаанд байгаа бүх эмэгтэйчүүдийг суллах тохиролцоогоо зөрчин пуужин харваж эхэлсэн тул Газын зурваст байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлж эхэлснийг Израилийн засгийн газар Баасан гарагт мэдээлжээ.

Талууд дөрвөн өдөр гал зогсоож, барьцааны хүмүүсийг шоронгийн хоригдлуудаар солилцох гэрээ байгуулсан нь өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагаас хэрэгжиж эхэлсэн юм. Гал зогсоох хугацааг талууд хоёр удаа сунгаснаар Пүрэв гараг хүртэл үргэлжилжээ. Гал зогсоох хугацаа өндөрлөх өглөөний 7:00 цагаас өмнөхөн Хамасын талаас пуужин харвасныг Израилийн агаараас хамгаалах систем устгасан байна.

“Барьцаалагдсан иргэдээ суллах, Хамас байгууллагыг устгах, Газын зурвасыг Израилийн иргэдэд дахин хэзээ ч аюул учруулахгүй болгох зорилтуудыг хэрэгжүүлэхээр бид байлдааны ажиллагаагаа сэргээж байна” гэж Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдсэн байна.

Хамасын улс төрийн товчооны гишүүн Эззат Эль Рашик “Гал зогсоохын өмнөх 50 хоногийн хугацаанд хүрч чадаагүй зорилгодоо Израильчууд түрэмгий дайнаа үргэлжлүүлснээр хүрч чадахгүй” гэж цахим хуудсаараа мэдэгджээ.

Өнгөрсөн хугацаанд Хамасын барьцаанаас 100 орчим Израилийн болон гадаадын иргэдийг суллаж, оронд нь гурав дахин олон палестин хүнийг Израилийн шоронгуудаас суллаад байна.

Одоо Газын зурваст 136 барьцааны хүн үлдсэн гэж Израилийн албаныхан мэдээлж байгаа. Эдгээрийн 17 нь эмэгтэйчүүд, хүүхдүүд юм байна.

Барьцааны хүмүүсээс таван хүн Израилийн бөмбөгдөлтийн үеэр алагдсаныг тогтоожээ.

Аравдугаар сарын 7-ны өдөр Хамас байгууллага Израилийн нутаг дэвсгэрт халдан довтлохдоо энгийн иргэн голдуу 1,200 гаруй хүний амийг хөнөөж, 240 орчим хүнийг барьцаалсан юм.

Израилийн армийн Газын зурваст явуулсан байлдааны ажиллагааны улмаас 15,000 гаруй палестин хүн амиа алдсаны гуравны хоёр нь хүүхэд, эмэгтэйчүүд байна.

 

Эх сурвалж: Reuters