Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Украины тусгай алба ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэрт төмөр зам дэлбэлснээ хүлээжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг төмөр замын хонгилд дэлбэрэлт зохион байгуулснаа Украины аюулаас хамгаалах албаны (СБУ) эх сурвалж хүлээн зөвшөөрчээ.

“Ачааны галт тэрэгний цуваанд дөрвөн тэсрэх бөмбөг байрлуулсныг дэлбэлж чадлаа. Энэ бол тусгай албаны зохион байгуулсан ээлжит нэг амжилттай ажиллагаа юм” гэж Украины нэрээ нууцалсан албаны эх сурвалж CNN агентлагт мэдээлсэн байна.

Ачааны галт тэрэг Лхагва гарагаас Пүрэв гарагт шилжих шөнө Байгал-Амарын төмөр замын Бессолов-Северомуйскийн хонгилд зорчих үеэр бөмбөг дэлбэрсэн гэнэ.

Уг хонгил нь ОХУ-ын төмөр замын хамгийн урт хонгил (15 км урт) бөгөөд Орос-Хятадын хооронд ачаа тээвэрлэдэг гол замын нэг хэсэг юм байна.

Үүнийг Украины хилээс 4,000 гаруй километрын алсад зохион байгуулагдсан буюу ОХУ-ын нутаг дэвсгэрийн хамгийн гүн хэсэгт явуулсан ажиллагаа гэж үзэж байгаа аж.

Дизель түлш тээвэрлэж явсан галт тэрэгний цуваанд дэлбэрэлтийн улмаас гал гарсан, хүний амь хохироогүй гэж Оросын Мөрдөн Байцаах Хороо мэдээлжээ. Оросын Төмөр Зам Нэгтгэл ачаа тээврийг өөр замаар явуулж эхэлснийг бас мэдээлсэн байна. Ингэснээр галт тэрэг “арай урт зам туулах ч ачаа тээвэрлэлт тасалдахгүй” гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Reuters