Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 25-ны өдөр шилжүүлсэн юм.
Тус эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай тул прокурорт буцаасан хэмээн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1-т Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн хуульчилсан.
Шүүхийн мэдээ:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Д.Бауыржан, О.Нурлан, К.Хуаныш, А.Серикболат, А.Камелият, К.Бекжан, Т.Аршагүл, Ө.Хуралай, А.Гылымхан, К.Болат, С.Арман, Д.Есболат, Д.Ербол, С.Хонаев нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр товлосон.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “..шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!