Дэлхийн хамгийн том крипто арилжааны төвийг ажиллуулдаг Binance Holdings компанийн гүйцэтгэх захирал Чанпэн Зао АНУ-ын хоригийг зөрчин хууль бус мөнгө угаасан гэм буруугаа хүлээжээ.
Тухайлбал Палестины Хамас болон бусад террорист байгууллагын арилжаа, гүйлгээг дамжуулж байснаа хүлээсэн байна.
АНУ-ын хууль зүйн яамтай тохиролцсоны дагуу Binance компани $4 тэрбумын торгууль төлөхөөр болжээ. Мөн гүйцэтгэх захирал Зао албан тушаалаасаа огцорч, хувийн зүгээс $50 саяын торгууль төлөхөөр болсон байна.
АНУ-ын сангийн яам болон холбогдох хяналтын байгууллагууд Binance компанийн үйл ажиллагааг сүүлийн хэдэн жилийн турш мөрдөн шалгасан юм.
Шалгалтын үр дүнд тус компанийг мөнгө угаасан, хууль бус мөнгөний гүйлгээг зөвшөөрсөн, АНУ-ын хоригийг зөрчсөн гурван зүйл ангиар буруутгасан нь өчигдөр нийтэд ил болсон шүүхийн тогтоолд дурдагдсан байна.
Binance компанийн төлөх мөнгөний $1.8 тэрбум нь гэмт хэргийн торгуулийн шийтгэл, $2.5 тэрбум нь учруулсан хохирлоо барагдуулсан мөнгө ажээ.
Тус компанийн арилжааны төвөөр Хамас байгууллагын Аль-Кассам бригад, Палестины Исламын Жихад, Аль-Кайда, Ирак болон Сири дэх Исламын Улс бүлэг зэрэг террорист байгууллагуудын гүйлгээ дамжиж байсныг мөрдлөгийн явцад тогтоосон байна.
Үүнээс гадна Ираны харилцагчдын нийт $898 саяын дүнтэй 1.1 сая ширхэг гүйлгээ дамжиж байжээ.
“Binance үйлдсэн гэмт хэргийнхээ хүчээр дэлхийн хамгийн том крипто арилжааны төв болсон. АНУ-ын түүхэнд хамгийн томд тооцогдох бизнесийн байгууллагын шийтгэлийг энэ хэрэгт оноож байна” гэж АНУ-ын ерөнхий прокурор Мэррик Гарланд мэдэгдсэн байна.
АНУ-ын сангийн сайд Жанет Йеллений мэдэгдэлд “Binance ашиг олохын тулд хуулиар хүлээсэн үүргээ умартсан. Тус компанийн санаатай алдаа нь террористууд, гэмт хэрэгтнүүд, хүүхдийн хүчирхийлэгчдэд мөнгө урсах боломжийг олгосон байна” гэжээ.
Шүүх хуралд оролцсон Зао “Би энэ асуудлыг дуусгаж, хариуцлагаа хүлээж, амьдралынхаа энэ хуудсыг хаахыг хүсэж байна” гэж мэдэгдсэн байна.
Хятадад төрсөн, Канадын иргэн тэрбээр шүүх хуралд оролцохоор АНУ-д ирэхдээ “бага зэрэг айж байсан” ч шүүхийн нээлттэй, ил тод байдал өөрийг нь тайвшруулсныг бас хэлжээ.
Зао дээд тал нь 10 жилийн хорих ял, $500,000 хүртэл мөнгөн торгуулиар шийтгүүлэх төлөвтэй байна. Үүнээс гадна хууль бус үйлдлээс олсон бүх орлогоо хураалгах юм.
Түүнийг яллах хугацаа зургаан сараар хойшилсныг өмгөөлөгчид нь мэдээлжээ.
Буруугаа хүлээж, торгууль төлснөөр Заогийн хоригдох хугацаа 18 сараас хэтрэхгүй байх төлөвтэй байна.
Binance компани 2017 онд бизнесээ эхлээд удалгүй крипто валютын зах зээлд том тоглогч болсон юм.
2022 оны арваннэгдүгээр сард FTX биржийг дампуурахад тус компанийн зал зээлд эзлэх хэмжээ 60 хувийг давж өссөн байна.
Өнөөдрийн байдлаар 44 орчим хувьтай болжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!