М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чандганы талд байгуулсан хөдөө аж ахуйн цогцолборынхоо анхны бүтээгдэхүүн болох өндөр зэрэглэлийн үхрийн махны “Primeat” брэндээ зах зээлд нийлүүлж эхэллээ.
Мэтагро компани бэлчээрт өссөн бага залуу үхрийг олон улсын стандартад нийцсэн үхэр бордох аж ахуйдаа хүлээн авч, өөрийн талбайд ургуулсан тэжээлээр 150 хоног бордож, өөх мах нь алагласан өндөр зэрэглэлийн үхрийн махыг бэлтгэж байна. Бэлчээрийн малыг хүлээн авахдаа сүргийн бүртгэлийн системд оруулж, эрүүл мэндийн үзлэг, дархлаажуулалтыг хийж, мөшгөх тогтолцоог бүрдүүлснээр эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үхрийн махыг зах зээлд нийлүүлэх боломжтой болж байна.
Бордох аж ахуйн үхрийн тэжээлийг Канадын зөвлөх компанийн боловсруулсан жороор бэлтгэдэг бөгөөд бүх улирлын турш бүлээн ус уух боломжтой услуурын систем нь үхрийг үр дүнтэй бордож, махыг гантиглуулах нэг үндэс болдог. Түүнчлэн бордох аж ахуй нь бэлчээрийн аж ахуйтай харьцуулахад хүлэмжийн хийг бага ялгаруулдаг бөгөөд эрчимжсэн аж ахуй нь ирээдүйд бэлчээрийн доройтлыг шийдвэрлэхэд нэг гарц болох шийдэл юм.
Бордох аж ахуйд үхрийг уургийн өндөр агууламжтай үр тарианы тэжээлээр бордсоноор маханд өөхөн судал буюу гантиглал үүсэж, зөөлөн, шүүслэг, амттай болсноор стэйк болон шарж боловсруулдаг хоолонд илүү тохиромжтой байдаг.
Гантигласан, монгол үхрийн махны "Primeat” брэндийн танилцуулга 2023 оны арваннэгдүгээр сарын 8-наас 12-ны өдрүүдэд Шангри-Ла төвд явагдаж байна.
Мэтагро компани олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж ахуй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар зах зээлд нийлүүлэх зорилготойгоор 2021 онд байгуулагдсан.
Мэтагро компани нь жишигт хүрсэн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбортоо байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж, хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалт, техник, технологийн шийдлийг нэвтрүүлж, ажиллагсдадаа өндөр бүтээмжтэй, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амрах нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!