Улсын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 951 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Энэхүү ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, 11 хүн гэмтэж бэртжээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ "Өнгөрсөн амралтын өдөр автомашин дотор зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож явсан бага насны хүүхэд амь насаа алдсан харамсалтай осол гарсан.
Зам тээврийн ослын улмаас
- Нийслэлд гурван хүн
- Орон нутагт найман хүн гэмтэж, бэртсэн байна.
Иймд иргэд, жолооч нар зам тээврийн болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх нь чухал" гэлээ.
Зам тээврийн ослоос сэргийлэх зөвлөгөөг тэрбээр нэмж хэллээ.
Үүнд:
- Халтиргаа гулгаа ихтэй байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн дугуйг өвлийн тэмдэглэгээтэй дугуйгаар сольж, хөдөлгөөнд оролцох,
- Манай улс өвөлдөө -10 градус давж хүйтэрдэг учраас дөрвөн улирлын дугуй тавьж, хөдөлгөөнд оролцох нь эрсдэлтэй. Иймд өвлийн тэмдэглэгээтэй, цас, мөс болон уулын тэмдэглэгээ бүхий өвлийн дугуйг тээврийн хэрэгсэлдээ сольж хөдөлгөөнд оролцох нь аюулгүй байдлыг хангах хамгийн чухал алхам,
- Замын халтиргаа гулгаанд тохируулан холбогдох дүрэмд заасны дагуу тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох,
- Хөдөө, орон нутгийн замд хурдны хязгаарыг 80 километр цагаар сонгосон байдаг боловч халтиргаа гулгаа их байгаатай холбогдуулан
- Үзэгдэх орчин хязгаарлагдсан болон шөнийн цагаар хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах,
- Орон нутгийн эсрэг урсгалтай хоёр эгнээ замд явж байгаа тохиолдолд урд яваа тээврийн хэрэгслийнхээ хоорондын зайг зөв тохируулж явах,
- Жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох,
- Онц шаардлагагүй бол халтиргаа гулгаатай энэ үед хөдөө, орон нутгийн замыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхаарууллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!