ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Израилийн арми Газа хотыг бүрэн бүсэлснээ мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хуурай замын байлдааны ажиллагаа эхлүүлээд удаагүй байгаа Израилийн арми Газын зурвасын хамгийн том хот болох Газаг бүрэн бүсэлсэн тухай Пүрэв гарагт мэдээлжээ.

Хамасын зэвсэгт хүчний салбар Эззедин Аль-Кассам бригадын хэвлэлийн төлөөлөгч Абу Обейда хариуд нь “Газа хот Израилийн түүхэнд хараал болж үлдэнэ” хэмээн анхааруулсан байна.

“Израилийн цэргүүд Хамас террорист байгууллага төвлөрдөг Газа хотыг бүрэн бүсэллээ. Гал зогсоох тухай ямар ч төлөвлөгөө одоогоор байхгүй байна” гэж Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниэл Хагари сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм.

Хамас-Израилийн дайн өргөжин тэлэх аюул өндөр хэвээр байгаа нь өчигдөр болсон бас нэг үйл явдлаас харагдсан байна.

Пүрэв гарагт Хезболлах зэвсэгт байгууллага Ливаны нутгаас Израилийн хойд бүсийн нэг хот руу пуужин харвасны дараа талууд харилцан буудалцжээ.

Цөөн хэд хоногийн дотор Ойрх Дорнодод хоёр дахь удаагаа айлчлах гэж буй АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр хэлэхдээ “Бид аливаа хурцадмал байдлыг таслан зогсоох шийдвэр төгс байгаагаа маш тодорхой үйлдлүүдээр харуулж байна” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр өнөөдөр буюу Баасан гарагт Израильд хүрэлцэн ирэх юм.

Пүрэв гарагт гадаадын болон давхар иргэний харьяалалтай хэдэн зуун хүн нэмж Египетийн Рафах боомтоор Газын зурвасаас гарчээ. Өчигдөр дайн эхэлсэн цагаас хойш Газын зурвасаас хүмүүсийг гаргасан хоёр дахь өдөр болж байна.

Египетийн эрүүл мэндийн яам өчигдөр гадаадын 344 иргэн, хүнд шархтай 21 палестин хүнийг нэвтрүүлснээ мэдээлжээ. Гадаадын иргэдийн 72 нь хүүхэд байсан байна.

Тус улс цаашдаа нийт 7,000 гадаад паспорттой иргэнийг Рафахаар дамжуулан Газын зурвасаас гаргахаар төлөвлөснөө өчигдөр мэдээлжээ.

Дахин сануулахад аравдугаар сарын 7-ны өдөр Палестины Хамас байгууллагын гишүүд Израилийн нутаг дэвсгэрт гэнэдүүлэн халдахдаа 1,400 гаруй хүний амийг хөнөөж, 240 орчим хүнийг барьцаалсан юм.

Үүний дараа Израилийн арми Хамасын хяналтад байдаг Газын зурвасыг олон өдрийн турш бөмбөгдөж, өнгөрсөн долоо хоногт явган цэргийн хүчээ нэвтрүүлсэн билээ.

Сүүлийн байдлаар Газын зурваст Израилийн бөмбөгдөлтөд амь үрэгдсэн палестин хүний тоо 9,000 давсны ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байгааг Хамасын засаг захиргаа өчигдөр мэдээлжээ.

Палестины өөр нэг газар нутаг болох Израильд эзлэгдсэн Баруун Эрэгт бас нөхцөл байдал хүндэрч байна. Аравдугаар сарын 7-ны өдрөөс хойш энд нийт 130 палестин хүн Израилийн цэргүүдтэй үүссэн мөргөлдөөний үеэр алагдсан тухай албаныхан мэдээлжээ.

Зөвхөн Пүрэв гарагт Баруун Эрэгт болсон мөргөлдөөний үеэр гурван палестин, нэг израиль хүн алагдсан байна.

 

Эх сурвалж: AFP