Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2023: ХБИ рүү чиглэсэн 300 гаруй нээлттэй ажлын байр санал болголоо

ikon.mn
2023 оны 10 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Тогтвортой хөгжлийн зорилтын үзэл санаанд “Хөгжлийн гадна хэн ч үлдэх ёсгүй” гэсэн байдаг. Дэлхийн хүн амын нэг тэрбум буюу 15 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг. Үндэсний статистикийн хорооны 2022 оны судалгаанаас харахад Монгол улсад 115,115 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа юм. Үүнээс хөдөлмөр эрхлэх боломжтой 15-64 насны 98,033 хүн байгаагаас ердөө 14,9 хувь буюу 14,584 нь л хөдөлмөр эрхэлж байна. Үлдсэн 85,1 хувь хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдаж чадахгүй байгаа гэсэн харамсалтай мэдээллийг Үндэсний статикийн хорооноос өгсөн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрх бусад гэр  бүлтэй харьцуулахад ядуурлын түвшин нь хоёр дахин их байдаг. Тиймээс ч тэднийг хөдөлмөр эрхлэх боломжоор  хангах зайлшгүй шаардлагатай юм. Харамсалтай нь өнөөдөр манай оронд буй хөгжлийн бэрхшээлтэй  хөдөлмөр эрхлэх насны хүмүүсийн 85,1 ажилгүйдэлд өртөөд байна. Тиймээс ч тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэх, ажлын байранд зуучлах үйл ажиллагаа дутагдаж байгаа юм. Тэгвэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ” арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Европын Холбооны санхүүжилттэйгээр зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь идэвхтэй ажил хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ажлын байраар хангах боломжтой ажил олгогч нарыг холбож, ажилд зуучлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх замаар тогтвортой, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм.

зураг
 

Өдөрлөгийг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд Сархадын Зулпхар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Олон Улсын конвенц, болон Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын идэвх оролцоо сайжирсныг онцлоод хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн “ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2023” арга хэмжээ нь шинэлэг болж буйг хэллээ.

“ХБИ-ийн цалин энгийн ажилчдынхаас хоёр дахин бага байна”

зураг
 

Мөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз “Дэлхийн олон орны нэгэн адил Европт хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүс бусад хүмүүсийн адил амьдрах боломж байдаггүй. Европын Холбоонд ямар нэг хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 100 сая орчим хүн байдаг. Сургууль, ажлын байр, дэд бүтэц, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээлэл бүгд тэдэнд хүртээмжтэй байдаггүй тул бид бас хүндрэлтэй тулгардаг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 28.4 хувь нь ядууралд орох, нийгмээс гадуурхагдах эрсдэлтэй байдаг.

Хөгжлийн бэрхшээлгүй дөрвөн хүн тутмын 3 нь хөдөлмөр эрхэлдэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тал хувь нь л хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил хийх хүсэл их байдаг боловч, ажил олоход их хүндрэлтэй байдаг. Тэд ажилд орсон ч авч байгаа цалин нь бусад ажилчдын цалингаас 2 дахин бага байгаа нь их том зөрүү юм. ХНХЯ-наас санаачилж хөгжлийн бэрхшээлтэй хүний  эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа. Гэхдээ хууль батлах бол нэг хэрэг, харин хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх нь амаргүй байдаг билээ”  гэсэн юм.

 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэхдээ тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн арга барилыг олох хэрэгтэй”

зураг
 

“Олон оронд байдаг шиг Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах боломж хязгаарлагдмал байдаг.  Хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 гаруй хувь нь дэд бүтэц, мэдээллийн хүртээмж хязгаарлагдмал, иргэдийн дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх сөрөг ойлголтоос шалтгаалж ажилгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэхдээ яг тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн арга барилыг олох хэрэгтэй. Ялангуяа идэвхтэй ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэднийг ажиллуулах сонирхолтой ажил олгогч нартай хамгийн үр дүнтэй байдлаар, шинэлэг аргаар ажиллах шаардлагатай байна” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матильда Димовска хэлсэн үгэндээ онцоллоо

Зорилтот бүлэгт чиглэсэн энэхүү арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах чиглэлээр тусгайлан бэлтгэгдсэн, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд шинээр нэвтэрч байгаа ажлын байрны дадлагажуулагчид ажиллаж оролцсон нь онцлогтой байлаа. Мөн энэхүү үйл ажиллагаанаас өмнө нэг сар гаруйн хугацаанд бүртгүүлсэн ажил хайгч нарт ганцаарчилсан зөвлөгөө, ажлын байрны тохиргоо, урьдчилсан зуучлалын үйлчилгээ үзүүлж буй нь энэхүү өдөрлөгийн онцлог билээ .

Өөрт тохирсон ажлын байраа олохыг хүсэж байна

зураг
 

“Би операторын ажлыг их сонирхож байна. Учир нь хүмүүстэй харилцаж ярилцах нь сонирхолтой. Би эхнэр, хүүхэдтэй. Тиймээс тогтсон ажилтай болъё гэж бодоод энэхүү хөтөлбөрийн тухай мэдээллийг цахимаар олж хараад бүртгүүлээд ирсэн. Монголын томоохон компаниудын нээлттэй ажлын байранд зуучилж, биднийг ажлын байртай болох нөхцөлийг бүрдүүлж өгч буйд маш их талархаж байна” хэмээн ажил хайгч иргэн Ж.Энхбаяр хэллээ.

“Өдөрлөгт оролцсондоо баяртай байна”

зураг
 

Ё.Баярмаагийн хувьд эдийн засагч мэргэжилтэй. Мөн магистртаа сурч буй бөгөөд энэхүү өдөрлөгөөр дамжуулан Таван Богд группт ажлын байр сонирхож байгаа аж. Тэрээр “Анх удаа л нээлттэй ажлын байр танилцуулж буй өдөрлөгт оролцож үзэж байна. Ажил хайгч бидний хувьд  өөрт тохирсон, хүртээмжтэй ажлын байраа олоход энэ өдөрлөг маш их туслалцаа үзүүлж байна. Сэтгэл маш хангалуун байна” гэлээ.

“Таван Богд группээс ХБИ ажиллах боломжтой 47 нээлттэй ажлын байр санал болголоо”

зураг
 

Таван Богд группийн хувьд хуулийн дагуу 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах үүрэгтэй аж. Одоогийн байдлаар 112 хөгжлийн бэрхшээлтэй иргэн тус групп, компанид тогтвортой ажиллаж буй бөгөөд энэхүү өдөрлөгт худалдаа, IT, үйлдвэрлэлийн салбар компанийн 47 нээлттэй ажлын байрыг санал болгож буйг  Таван Богд группийн хүний нөөцийн газрын захирал Г.Хишигжаргал онцоллоо.

зураг
 

Digital Concept  /GS25/ ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Г.Дөлгөөн “Манай компаниас 100 гаруй нээлттэй ажлын байр зарласан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ажлын байруудтайгаа танилцаж байна. Мөн өдөрлөгт оролцож чадаагүй иргэд маань манай нээлттэй ажлын байрны талаарх мэдээллийг ZANGIA.MN болон компанийн пэйж хуудсаар авах боломжтой” хэмээсэн юм.

зураг
 

Говь ХК-ийн Сонгон шалгаруулалтын хэлтсийн дарга Э.Цэцэн “Хуульд нийт ажилчдын 25 хүн тутмын нэг нь хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн байх хэрэгтэй гэж заасан байдаг. Манай компанийн хувьд үе шаттайгаар ХБИ-ийг ажиллуулах хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа. Манайд ихэвчлэн тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүс ажилладаг. Тиймээс ариун цэврийн өрөөнөөс эхлээд орох, гарах гарцыг налуу замтай болгосон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ажилчид хоорондын үл ойлголцлыг багасгах үүднээс зөвлөх ажилтнуудыг ажиллуулж байгаа. Энэхүү өдөрлөг бол биднийг нийгмийн хариуцлагаа биелүүлэхэд тун их туслалцаа үзүүлж байгаад талархаж байна” хэмээв.

Өдөрлөгт ажил идэвхтэй хайж буй 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тохирох ажлын байраар нь хангах боломжтой ажил олгогч Таван Богд Групп, МСS Групп, АПУ ХК, Мобиком Групп, GS25, CU Mongol, Говь ХК, Holiday Inn зочид буудал болон Zangia.mn, Worki aппликейшн зэрэг байгууллагууд оролцож, дэмжин ажиллаа.  Ажил хайгч иргэд маань өөрсдийн сонирхсон ажлын байруудтайгаа танилцах аяллыг хийсэн юм. Мөн тухайн ажлын байрандаа ярилцлагад орох нөхцөлийг бүрдүүлсэн байлаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.