"Хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилт" сэдэвт хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдлаа.
Энэ үеэр хүүхдийн эрхийн зөрчлийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Хөхөө дараах тодруулга, мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ "Сонгинохайрхан дүүрэг 91,000 өрхтэй, 360,000 гаруй хүн амтай. Хөдөө, орон нутгаас түр орж ирсэн шилжин суурьшигч ихтэй дүүрэг.
Нөгөө талаас ядуурал, архидалт, ажилгүйдэлтэй нүүр тулж буй иргэд цөөнгүй бий. Үүнийг дагаад гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл их бүртгэгддэг.
Өнөөдрийн байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд 1,363 хүүхэд дуудлага өгчээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу хорооны хамтарсан баг, нийгмийн ажилчид нөхцөл байдалд үнэлгээ хийж, асуудлыг илрүүлэх чиглэлд ажилладаг. Хамтарсан багийн бүтэц бүрэлдэхүүнд зургаан хүн ажилладаг бөгөөд нийгмийн суурь үйлчилгээг үзүүлж байдаг.
Энэ дотроос хүүхдийн асуудал хариуцсан гуравхан мэргэжилтэн байна. Хүний нөөц дутагдалтай байгаа.
Өөрөөр хэлбэл 360,000 хүн ам, дээрээс нь 120,000 орчим хүүхэд рүү хүрч ажиллах гуравхан хүн л байна. Хүүхдийн хөгжил, оролцоо, үрчлэлт, асран хамгаалагчид болон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох асуудал яригдана.
Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 13 нь нийгмийн ажилтангүй. Гэтэл нийгмийн ажилтны үүрэг бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиараа шууд дуудлага авч, нийгмийн нөхцөл байдлын үнэлгээг хийдэг.
Энэ цөөн тооны мэргэжилтэн 224 хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байх жишээтэй. Тэд хүүхдийн эсрэг бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл дээр илүү ажилладаг.
Зургаан настай хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудал дээр Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эрхийн ажилтан маань хууль ёсны төлөөлөгчөөр ажиллалаа.
Олон удаа давтан хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалж явсаар өчигдөр шүүх хуралдаан шийдвэрээ гаргаж, буруутай этгээдэд 16.2 жилийн ял өгсөн.
Энэ мэтчилэн нийгмийн ажилчдын ачаалал их, хүн хүч цөөн байдаг" гэлээ.
Үргэлжлүүлэн "108 утсанд ирж буй дуудлага мэдээллээс харвал хүүхдүүд гэр бүлийн орчиндоо бие махбодын хүчирхийлэлд маш их өртөж байна. Энэ жил хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл Сонгинохайрхан дүүрэгт бүр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад (аравдугаар сарын 20-ны байдлаар) 252 дуудлагаар өссөн.
Хүүхдэдээ гар хүрэхгүй, тэднийг сонсож, хайрлаж, энэрэх ёстой. Гэр бүлийн орчинд хүүхдийн хамгаалагдах эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа нь харамсалтай.
Монгол Улс хүүхэд хамгааллын хууль дотроо “зодож шийтгэхийг хориглоно” гэж заасан байдаг. Бие махбодын хүчирхийлэл гэдэг бол зодож шийтгэж байгаа хэлбэр.
Японы хүүхдийг ивээх сангаас зохион байгуулдаг хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургалтууд байдаг. Энэ сургалт найман долоо хоног үргэлжилж тухайн эцэг, эх, асран хамгаалагчдын зан үйл, хандлагыг засдаг.
Хүүхдээ зодож болдог гэх сэтгэхүй, минийх гэдэг өмчлөлийн сэтгэлгээг өөрчлөхийн тулд урт хугацаа шаардагддаг.
Монголчууд хүүхдээ үгээр эсвэл үлгэрлэж хүмүүжүүлж ирсэн ард түмэн болохоос буруу зүйл хийснийх нь төлөө бие махбодыг нь шийтгэдэг хүмүүс биш. Хүүхдийг зодож шийтгэхийг больсон цагт хүүхдийн эрх гэр бүлийн орчинд хамгаалагдаж чадна.
Гэр бүлд үйлдэгдэж буй хүчирхийлэлд
Орон байр, хувцас, хоол хүнсээр дутагдуулах, амьдрах, хөгжих хэвийн орчныг нь алдагдуулсан тохиолдолд эрсдэлт нөхцөлд үл хайхрагдсан хүүхэд гэж үзээд байгаа юм.
Зарим айлын гэрт яваад орохоор ээж, аав нь архидан согтуурсан, хүүхдээ хооллоогүй, улирлын байдалд нь тохирсон хувцас өмсүүлээгүй, сургууль, цэцэрлэгт нь явуулаагүй гэх мэтчилэн хүчирхийлэл анзаарагддаг. Энэ бүхэн бол хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэр мөн.
Улсын хэмжээнд хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл, үл хайрах хүчирхийлэл хамгийн өндөр хувьтай байдаг" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!