Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ургамалсувд: Монголбанкнаас ирэх онд гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотооддоо нэвтрүүлэхээр ажиллана

ikon.mn
2023 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг танилцуулах уулзалт өчигдөр боллоо. Тус уулзалтад бизнесийн байгууллагууд, Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчид оролцов. 

Энэ жилээс УИХ Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн, баталдаг болсон. Тиймээс Монголбанк "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл"-ийн төслийг хуульд заасан өөрийн үндсэн зорилт, чиг үүргийнхээ хүрээнд тодорхойлж боловсруулаад байгаа аж.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван уулзалтын үеэр "2024 онд инфляцыг тогтворжуулах замаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлэх, банкны салбарын ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн системийг хөгжүүлэх томоохон зорилтыг тусгасан.

Сүүлийн жилүүдэд бизнесийн эрхлэгчдийн зүгээс тавьж буй хил дамнасан төлбөр тооцоог нэмэгдүүлэх боломжийн талаар Монголбанкнаас анхаарч ажиллах болно" хэмээн ярьж байв. 

Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа "Жил бүр энэхүү уулзалтыг зохион байгуулдаг. 2024 оны төсвийн төсөл нэлээд тэлэхээр байгаа тул мөнгөний бодлого чангарах магадлал өндөр байна. Монголбанк сонгуулийн жилд мөнгөний талаар баримтлах бодлого дээр Засгийн газартаа санал нийлэхгүй үедээ үгээ чөлөөтэй хэлдэг байгаасай гэж гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс хүсэж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг танилцуулсныг хүргэж байна. 

Монголбанкны хуулиар олгогдсон үндсэн гурван чиглэлийн хүрээнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулсан. Үүнд:

  • Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зорилтууд,
  • Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд хэрэгжүүлэх зорилтууд,
  • Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх зорилтууд

1.Мөнгөний болон Макро зохистой бодлогын хүрээнд

1.1.Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд +/- хоёр нэгж хувийн интервалд зургаан хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ.

  • Энэ ажлын хүрээнд эрэлтийн гаралтай инфляцын дарамтыг зөв таних, Нийлүүлэлтийн шинжтэй инфляцын нөлөө, түүний хоёр дахь үеийн нөлөөг таньж, шаардлагатай тохиолдолд хариу үйлдэл үзүүлнэ. Инфляцын савлагаа нь валютын ханш, гадаад шок, инфляцын хүлээлт, нийлүүлэлтийн шокноос ихээхэн хамаардаг. 
  • Монголбанк нийлүүлэлтийн шалтгаантай инфляцад нөлөөлөхгүй учир хариу үйлдэл үзүүлэх боломжгүй. Харин эрэлтийн шалтгаантай инфляцад хариу үйлдэл үзүүлэх нь зүйтэй.
  • Мөн төсвийн байнгын алдагдалтай байдал нь үнийн тогтвортой байдлыг хангахад сөргөөр нөлөөлдөг. Төсвийн зардал нэмэгдэнэ гэдэг нь дотоод эрэлтийг нэмэгдүүлдэг гэсэн үг. Дотоод эрэлт нэмэгдвэл үнийн өсөлтөд нөлөөлдөг. 

1.2. Инфляцыг онилох мөнгөний бодлогын тогтолцоог бэхжүүлэх, мөнгөний бодлогод үр нөлөөг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, нөхцөлүүдийг сайжруулна. 

1.3.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчмыг баримтална.

  • Манай улсын валютын орох урсгал нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хэт хамааралтай байдаг. Харин гарах урсгал нь хэрэглээний бүтээгдэхүүний импорт юм. Тэгэхээр ханшийг тогтвортой барихын тулд орох урсгал нь гарахаасаа өндөр байх ёстой. 
  • Урсгал дансныхаа алдагдлыг хөрөнгийн урсгал дансны ашгаар авдаг. Монгол Улс хөгжлийнхөө санхүүжилтийг гадаадаас зээлээр авдаг гэсэн үг. Энэ үед валютын нөөцийг нэмэгдүүлж ханшийг барих хэцүү. 
  • Гадаад валютын захын үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс валют арилжааны цахим талбараар, шаардлагатай тохиолдолд дуудлага худалдаа хийх хэлбэрээр валютын зах зээлд оролцоно. 

1.4 Макро-санхүүгийн харилцан нөлөөг харгалзан, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой оновчтой хослуулан хэрэгжүүлнэ. 

  • Энэ зорилтын хүрээнд санхүүгийн системд үүсэж буй эрсдэлийг тогтмол хянаж, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэгдсэн макро зохистой бодлогын арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ. 

1.5 Инфляцыг онилох мөнгөний бодлогын тогтолцоонд нийцтэй байдлаар Төв банкны олон нийтийн харилцах харилцааг боловсронгуй болгоно. Орчин үеийн төв банкууд бодлогын хүүгээ өөрчлөхгүйгээр олон нийтийн харилцаагаар инфляцыг удирдах боломжтой болсон. Оролцогч талуудын онцлогт зориулсан контентоор мэдээллийг үр ашигтай хүргэнэ. 

2.Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд хэрэгжүүлэх

2.1 Гадаадын банкны бие даасан салбар нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, хүртээмжийг нэмэгдүүлж, банкны салбарын тогтвортой өсөлтийг хангана. 

  • Гадаадын банкны салбар, нэгж үйл ажиллагаагаа явуулахад тавигдах нөхцөл шаардлагыг гадаадын банкны харьяалал өмчлөлийн төрөл, бизнес загварт нь тохируулан нарийвчлан тогтоож, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулна.
  • Монголд салбар, нэгж байгуулах хүсэлтэй гадаадын банкны улс орны хянан шалгах эрх бүхий этгээдтэй Монголбанк хамтын ажиллагааны гэрээ, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах замаар мэдээлэл солилцох, хамтарсан хяналт, шалгалт хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. 
  • Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зээл олгох, үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах, хязгаарлалтын зохистой харьцаа, хяналт шалгалттай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тодорхойлж, холбогдох журмуудыг боловсруулан батлуулна.

2.2 Банкуудын зохистой засаглалыг сайжруулж, эрсдэлийн удирдлагыг оновчтой болгох хүрээнд банкны үйл ажиллагаанд учирч болзошгүй голлох эрсдэлийг дотооддоо үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ. 

  • Базел стандартын хоёрдугаар бүлэгт заасны дагуу банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ, хөрвөх чадварын хүрэлцээг дотооддоо үнэлэх аргачлалыг холбогдох журам зөвлөмжид тусгаж банкны системд үзүүлэх нөлөө, эрх зүйн орчин зэрэгтэй уялдуулан холбогдох хугацааг төлөвлөгөөний дагуу шат дараатайгаар хэрэгжүүлэх
  • Банкуудын хөрвөх чадварыг дотооддоо үнэлэх аргачлалын Базел стандартын хөрвөх чадварын зохистой харьцааг нэвтрүүлэх хугацаатай уялдуулан хэрэгжүүлэх,
  • Банкны хянан шалгагч нарыг эрчимжүүлсэн сургалтад хамруулж, чадавхжуулна.

2.3 Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана. 

Монгол улс 2023 онд ФАФТ-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээтэй болсон. 

3.Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх зорилтууд 

3.1 Хил дамнасан худалдааны цахим төлбөр тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжиж, төлбөрийн системийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

  • 2021 онд төлбөрийн картаар хийж буй гүйлгээний тоо 7.7 сая ширхэг байсан. Харин 2023 онд 13.7 сая ширхэг болж өссөн. Тиймээс зах зээлд төлбөр тооцооны шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэж, бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ нэмэгдэх хэрээр түүний зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага үүсэж байна. 
  • Төлбөрийн системийн оролцогчдын иж бүрэн хяналтыг хэрэгжүүлнэ. 
  • Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх замаар шинэ технологид суурилсан төлбөрийн хэрэгсэл, үйлчилгээг дэмжинэ. 

3.2 Их өгөгдлийн хүрээнд ногоон, тогтвортой санхүүжилтийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийн хөгжлийг дэмжин ажиллана. 

  • Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах хүрээнд өнгөрсөн онд баталсан "Үндэсний замын зураг"-т ногоон зээлийн багцын хэмжээг 2030 он гэхэд банкны салбарт таван хувьд хүргэх зорилгыг тодорхойлж, шаардлагатай дэд бүтэц, бодлогын зохицуулалтыг хийхээр тусгасан. 
  • Ногоон, тогтвортой бизнесийг дэмжих, татварын таатай орчныг бүрдүүлнэ. 

3.3 Олон нийтийн санхүү, эдийн засгийн талаарх боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ

Сүүлийн жилүүдэд банкны хувьцаа эзэмшигчдийн өмчлөх эрх, үүргийн талаарх мэдлэг, иргэдийг болзошгүй санхүүгийн болон дижитал эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн мэдлэг, мэдээллийг хүргэх шаардлагатай байгаа. 

3.4 Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлж, зээлийн мэдээллийн зохицуулалтыг боловсронгуй болгоно. 

  • Зээлийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад доторх зохицуулалтыг тусгахаар болсон. 
  • Хил дамнасан байдлаар солилцох боломжоор хангах, Зээлдэгчийн эрсдэлийг оновчтой тооцоолж буй эсэхийг тодорхойлно.

Уулзалтын зургуудаас: