ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Баянжаргал: Нотариат ба цаг үе

ikon.mn
2023 оны 10 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргалтай ярилцлаа. 

- Энэ өдрийн мэнд хүргэе. Залуу хүн Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа гэдгийг сонсоод бахархах сэтгэл төрлөө. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Сайн байна уу. Баярлалаа. Намайг Ч.Баянжаргал гэдэг. Миний хувьд 2002 онд их сургуулиа эрх зүйч мэргэжлээр төгсөөд, ажлын анхны гараагаа багш мэргэжлээр эхэлж байсан. Улмаар нотариатчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, нотариатч болсноос хойш өдгөө уг салбарт 21 жил ажиллаж байна. 2021 онд Нотариатын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа сэдвээр хууль зүйн ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан.

- Нотариатын байгууллагын цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө үү?

Монголын Нотариатчдын танхимын гишүүн нотариатч нар иргэдэд цахимаар үйлчлээд багагүй хугацаа өнгөрч, иргэд “Е-Mongolia” системээр дамжуулан өөрийн гэрчлүүлсэн нотариатын үйлдлийн архивын баримтыг хуулбарлан авах боломжтой болсон нь томоохон дэвшил. Өөрөөр хэлбэл өөрийнхөө нотариатын баримтыг гар утаснаасаа татаж хэрэглэх боломж бүрдсэн нь нотариатч танд ойр, хүртээмжтэй байгааг илтгэнэ. Мөн “E-Notary” цахим системийг хөгжүүлж хилийн чанадад ажиллаж байгаа Консулын үйл ажиллагааг цахимжуулснаар гадаад улсад амьдарч буй монгол иргэд нотариатын үйлчилгээ авах, түүнийгээ түргэн, шуурхай монгол улс руу илгээх, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт ойр байрлах нотариатчаас түүнийг гаргуулан авах боломжтой болсон.

Нотариатч нь иргэний эрх зүйн харилцаанд гэрчээр оролцож, эрх зүйн зөвлөгөө өгч, аливаа үйлдэл, бичиг баримтыг гэрчлэх замаар эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилладаг байсан бол мөнгө угаах болон терроризмтой тэмцэхтэй холбоотой мэдээлэх үүрэгтэй болсноор эрүүгийн эрх зүйн харилцаанд оролцож гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдсэн.

“Монголын Нотариатчдын танхим Бүгд Найрамдах Франц Улсын Нотариатын Дээд Зөвлөлтэй хамтран ажиллах гэрээгээ сунган, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Нотариатын танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, түүхт 98 жилийн ойгоо угтаж байна.”

- Нотариатаар аливаа баримт бичгийг батлуулуулахгүй бол ямар үр дагавар үүсэх вэ?

Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх Монгол Улсын Үндсэн хуульд заасан чиг үүргээ хуулийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг.

Нотариатч нь эрх зүйн харилцаанд төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчээр оролцож, эрх зүйн зөвлөгөө өгөх, гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хуульч. Энэ чиг үүрэг нь тухайн хүний хүсэл зоригийн илэрхийллийг сонсож түүний эрх зүйн үр дагавар, үүсэж болох эрсдэлийг тайлбарлах, хууль тогтоомжид нийцсэн эрх зүйн баримт бичиг боловсруулж өгөх, гэрчлэх замаар иргэний эд хөрөнгийн эрхтэй нэлээд холбогдоно. Ялангуяа эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өвлүүлэхэд хэрэгждэг. Энэ нь эцсийн дүндээ хууль бус үйлдэл, хэрэг маргаан гарахаас урьдчилан сэргийлж, хөрөнгийн эрхийг хамгаалахад чиглэнэ. Учир нь гэрээнд оролцогч талуудын хооронд маргаан гарвал нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шүүх, хуулийн байгууллага нотлох баримтын хэмжээнд үнэлдэг.

Гадаад улс руу илгээх болон хүлээн авах бичиг баримтыг олон улсын гэрээ, конвенцын дагуу тухайн улсын нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавигддаг. Жишээлбэл, виз мэдүүлэх тохиолдолд баримт бичгийг эх хувиар нь эсхүл түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагатай. Энгийн хуулбарыг хүлээж авахгүй. Бичиг баримтыг хуурамчаар үйлдэж болзошгүй тул баталгаа болохгүй. Тэгэхлээр энэ шаардлага нь зүй ёсны бөгөөд баримт бичгийг эх хувьтай нь тулгаж, баталгаажуулах ач холбогдлыг илэрхийлнэ. Гэхдээ энэ үйлдлийг зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр гэрчлэх хуулийн зохицуулалттай. 

Нотариатаар гэрчлүүлсэн баримтын үр дагаврыг энгийнээр тайлбарлавал хоёр хүний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээ гээж үрэгдүүлэх, хэн нэгэн нь нас барах тохиолдолд ямар асуудал үүсэхийг урьдчилан мэдэх боломжгүй. Харин нотариатаар гэрчлүүлсэн бол тухайн баримт нотариатад хадгалагдаж, аливаа болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой. 

- Та бүхэн цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Хуулийн байгууллагын хувьд шүүхийн ачааллыг бууруулж, иргэний хэрэг, маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх оролцоогоо өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Иргэний хэрэг, маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд нотариатын гүйцэтгэх үүрэг гадаад орнуудад өндөр хөгжсөн. Тодруулбал, Франц улсад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нотариатчийн дэргэд явагдаж, талууд гэрээ, хэлцэлтэй холбоотой асуудлаар эрх зүйн зөвлөгөө авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тал дээр харилцан тохиролцож, эвлэрч байгаа нь үр дүнтэй байна. Иймд дээрх практикт тулгуурлан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нотариатын оролцоог бий болгох.

Гэрээнд оролцогч талууд нотариатчаар эвлэрлийн гэрээ гэрчлүүлж шүүхэд хандахгүйгээр асуудлаа шийдвэрлэх практик түгээмэл байдаг. Нотариатаар гэрчлүүлсэн эвлэрлийн гэрээ бүхий иргэний хэрэг, маргааныг шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэвэл шүүхийн ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нотариатын оролцоог тусгах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гэрлэлтийг эрх бүхий байгууллагад бүртгүүлэхээр тусгасан. Хуулийн зохицуулалтыг олон жил үйлчлэхээр тооцох ёстой. Орчин үеийн залуусын сэтгэлгээ эрс өөрчлөгдөж, уламжлалт хэв маягаас илүү шинэлэг зүйлийг эрэлхийлэх хандлага ажиглагдах болсон. Залуу хосууд сүм, амралтын газар гэрлэх ёслол үйлдэх, нотариатын оффист гэрлэлтээ бүртгүүлэх сонирхол байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь гэрлэлтээ бүртгүүлэхдээ гэрлэлтийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлэх соёл олон улсад бий. Жишээлбэл, Эстони улсад сүмд бүртгүүлсэн гэрлэлтээс нотариатад бүртгүүлсэн гэрлэлт давсан тохиолдол гарсан. Иймд гэрлэлт бүртгэх субъектийг “эрх бүхий этгээд”-ээр томьёолон сонголт хийх боломжийг олгох. Өөрөөр хэлбэл сайн дурын харилцаанд үндэслэж гэрлэх шийдвэрээ гаргадаг тул бүртгэлийн асуудал тийм ч чухал биш. Хосууд хаана, хэнд бүртгүүлэхээ сонгох нь зүй ёсны хэрэг.

Мөн тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд тэжээн тэтгэх тухай гэрээний үүргээ биелүүлээгүй бол тэжээн тэтгүүлэх эрхтэй болсон этгээд шүүхэд хандахаар тусгажээ. Гэр бүлийн харилцаа нь иргэний эрх зүйн бусад харилцаанаас ялгаатай, илүү амин хувийн харилцаа. Тэжээн тэтгэх гэрээг нотариатаар гэрчлүүлж, түүний үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүгч хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Учир нь гэр бүлийн гишүүд бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэйг үндэслэж буй хэрэг. Өөрөөр хэлбэл тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран үйлчлүүлэгчийн баримтыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд зуучлах ажиллагаа явуулахаар холбогдох ажлууд хийгдэж байна. Үүний үр дүнд иргэн заавал улсын бүртгэл өөрөө явах шаардлагагүйгээр, аливаа баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлж, түүгээр дамжуулан улсын бүртгэлд бүртгүүлэх, буцаан авах боломжтой болно.

- Танай байгууллага олон улсын түвшинд хэрхэн хөгжиж байгаа вэ?

Монголын Нотариатчдын танхимын гадаад хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж, олон байгууллагатай хамтран ажилладаг. Олон улсын түвшинд, тэр дундаа азид тогтвортой хамтын ажиллагаа явуулж ирсэн. 2013 онд 90 гаруй орны нотариатын байгууллага нэгдсэн Олон улсын нотариатын холбооны шалгуурыг хангаж, гишүүн болсон нь бидний хувьд томоохон амжилт. Холбооны журмын дагуу 2019 онд манай байгууллага Азийн хэрэг эрхлэх комиссыг хариуцаж, Ерөнхийлөгчөөр сонгогдон, эх орондоо олон улсын хурлыг зохион байгуулсан.

Энэ оны 9 сард Монголын Нотариатчдын танхим Бүгд Найрамдах Франц Улсын Нотариатын Дээд Зөвлөлтэй хамтран ажиллах гэрээгээ сунган, 10 сард Бүгд Найрамдах Узбекистан Улсын Нотариатын танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Манай байгууллага олон улсын түвшинд хүрэхэд анх УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Монгол Улсын гавьяат хуульч Ч.Отгонбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Батбилэг нар ихээхэн хувь нэмэр оруулсан.  

- Нотариатын байгууллагын түүхэн замналын талаар?

Нотариатын байгууллагын түүхэн уламжлалыг сөхвөл 1922 онд Гадаад яам, Сангийн яамтай харилцан тохиролцож “Аливаа дотоод гадаадын пүүс хоршоо, ард иргэдийн харилцан тогтоосон гэрээ бичгийг данснаа гэрчлүүлэн тэмдэглэх тухай дүрэм”-ийг баталсан байдаг. Улмаар 1925 оны 10 сарын 16-ны өдөр Ардын Засгийн газрын 38 дугаар хуралдаанаар батлагдсан Шүүх явдлын яамны дүрэмд “Гэрээ зэргийг гэрчлэх хэргийг эрхлэх салаа” нэртэйгээр нотариатын байгууллагын бүтэц, зохион байгуулалт бий болсноос хойш 98 жил, 1997 онд Монголын Нотариатчдын танхим үүсгэн байгуулагдсанаас хойш орчин үеийн нотариатын байгууллага үүсэж хөгжсөний 26 жилийн ой тохиож байна. Түүхийн энэ хугацаанд нотариатын үйл ажиллагаа нь төр, засгийн байгууллагатай нягт уялдаатай байж, хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, нийгэмд гүйцэтгэх чиг үүрэг, ач холбогдлоо хадгалсаар ирсэн.

- Цаг гарган ярилцсанд баярлалаа. Та нотариатын байгууллага үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Монголын Нотариатчдын танхимын түүхийг бичилцсэн үе үеийн нотариатч, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар болон сумын Засаг даргын Тамгын газрын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч та бүхэнд Монгол Улсад нотариатын байгууллага үүсэж, хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Та бүхний үйлдэл зөв, үйлс шударга, нэр цэвэр, мөр цагаан байх болтугай.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.