Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дорноговийн мал уул уурхайгаас бус ус, тэжээлийн дутагдлаас болж өвчилж иржээ...

ikon.mn
2023 оны 10 сарын 11
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Малын эрүүл мэнд үнсэнд хаягдсаныг илтгэх томоохон судалгааны үр дүнтэй танилцаж сууна. Мал амьтан яг л хүнтэй адил өвдөж, өвчилж, дархлаа нь сулардаг ба түүнийг нь эмчилж, урьдчилан сэргийлж байж эрүүл өсөж үржих учиртай аж. Гэтэл мал сүрэг нь ус, тэжээлийн дутагдлын улмаас олон төрлийн өвчлөлд өртөж, зүй бусаар хорогдож байгаа ба энэ учир шалтгаанаа малчид ч мэдэлгүй суугааг Дорноговь аймгийн гурван суманд, гурван сар үргэлжлэн хийсэн “Ашигт малтмалын хайгуулын бүс нутагт байгаа малд үзүүлэх нөлөөг тандан судалж, үнэлгээ өгөх” нэртэй томоохон судалгаа харуулав. "Мон-Атом" болон "Бадрах Энержи" компанийн захиалгаар Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо болон Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн хамтран хийсэн уг судалгаанд Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл болон Айраг сумдыг хамруулжээ. Дээрх хоёр компанийн захиалгаар судалгаа хийсэн гэхээр ураны олборлолтыг өмгөөлөх зорилготой гэж эндүүрч, хардах хүн олон таарах биз. Тэгвэл судалгаагаар уран олборлох үйлдвэрлэлийг эхлүүлэхээр зэхэж байгаа, үргэлж малын өвчлөл, гажиг төлийн шалтгаан хэмээн хардагддаг Улаанбадрах сум, уул уурхайн хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн Айраг сум болон огт уул уурхайгүй Хөвсгөл сумын малчин өрхүүдийг хамруулж, малын эрүүл мэндийг таван төрлөөр судалж, үнэлжээ.

Тодруулбал:

  • Гурван сумын 57 малчин айлын нийт 32,571 толгой хонь, ямаанд эмнэл зүйн үзлэг
  • Улаанбадрах сумаас 136, Хөвсгөлөөс 113, Айраг сумаас 118 буюу нийт 367 малын цус болон ийлдэсний дээжийг ашиглан цусны болон биохимийн шинжилгээ 
  • Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 57, Хөвсгөл сумын 54, Айраг сумдын 60 малаас авсан шимэгч илрүүлэх дээжийг ашиглан хавтгай, бөөрөнхий болон туузан хорхой илрүүлэх болон эгэл биетний ооцист илрүүлэх шинжилгээ хийснээс гадна
  • Дээрх гурван сумаас тус тус хоёр мал буюу таван хонь, нэг ямааг санамсаргүй сонгон худалдан авч, газар дээр нь задлан шинжилгээ хийж, бие бүтцийн өөрчлөлтийн талаарх дүгнэлтийг гаргасан байна. 
  • Мөн тэрхүү зургаан толгой малын цуллаг эрхтнүүдээс эд болон эс судлалын шинжилгээнд зориулан дээж авч, боловсруулан, Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн Эмгэг судлалын лабораторид бичил бүтцийн өөрчлөлтийг тодорхойлжээ.

Товчхондоо малын эрүүл мэндийг бүхий л талаар нь судлан шинжилсэн гэж болно. Ингэхдээ Дорноговь аймгийн малын өвчлөлийн сүүлийн 18 жил болон сүүлийн таван жилийн мэдээллийг харьцуулан боловсруулж, дүгнэлт гаргасныг онцлох хэрэгтэй. 

Дорноговь аймгийн малын эрүүл мэндийн өнөөгийн байдал

Тухайн малыг эрүүл эсэхийг оношлохын тулд үзлэгт оруулж, элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллага буюу малын эмчтэй хамтран хэрэгжүүлж байж эрүүл мал өсгөх боломжтойг судалгааны багийнхан онцолж байв. Гэвч энэ нь үнэхээр хангалтгүй, малчид ч энэ талаар мэдлэггүй байгаа нь судалгааны явцад ажиглагджээ. 

Тухайлбал, Дорноговь аймагт 2022 оны аравдугаар сарын 25-ны байдлаар 612 толгой мал шимэгчтэх өвчнөөр өвчилсөн байна. Энэ нь зарим аймгаас өндөр ч улсын дунджаас хоёр дахин цөөн үзүүлэлт аж. Тэгвэл шимэгчтэх өвчнөөс сэргийлэх гол арга болох угаалга тус аймгийн хэмжээнд 50.5, туулгалт 2.9, боловсруулалт 55, үхрийн арьсны гуурын боловсруулалт 68 хувьтай буюу нийт 3.4 сая мал хамруулахаас 1.4 сая мал хамруулсан нь шимэгчийн эсрэг мал эмнэлгийн арга хэмжээ хангалтгүй, хоёр сая толгой малд ямар нэгэн арга хэмжээ аваагүйг илтгэж байгаа юм. 

Тус аймагт өнгөрсөн онд улсын дунджаас гурав дахин олон буюу 740 толгой мал халдваргүй өвчнөөр өвчилжээ. Үүнд ургамлын хордлого, үнхэлцэг усжих, булчин цайх, тэжээл боловсруулах замын (чацга алдах) өвчин болон эрдсийн дутагдал зэргийг багтаан ойлгоно. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд л гэхэд Дорноговь аймагт тэжээл боловсруулах замын өвчнөөр нийт 11,486 мал өвчилснөөс 4,699 буюу 41 хувь нь хорогдсон байна. Энэ өвчлөл 2006, 2013, 2017, 2016, 2018 онд хамгийн олон бүртгэгдэж, 2007, 2008, 2010 онд хамгийн олон толгой мал хорогджээ. 

2005 оноос хойших 18 жилд тус аймагт амьсгалын замын өвчнөөр өвчнөөр 14997 мал өвчилж, 53.5% нь, зүрх, судас, мэдрэлийн замын өвчнөөр 2274 мал өвчилсний 65.7% нь, үржлийн замын өвчнөөр 9310 мал өвчилснөөс 569% нь тус тус хорогдсон байна. Мөн бодис солилцооны өвчнөөр 12790 мал өвчилж, 53%, эндемик өвчнөөр 4987 мал өвчилж, 32% нь хорогджээ. Элдэв хордлогоор л гэхэд 16287 мал өвчилсний 46.2% нь хорогдсон бол байна. Мөн Элдэв хордлогын өвчнөөр 2008, 2015, 2016 онуудад хамгийн олон мал өвчилж, тоон үзүүлэлтээр 2013, 2015 болон 2008 онуудад хамгийн олон толгой мал хорогдсон бол 12340 мал гэмтэл бэртэл авсны 54% нь хорогдсон байна. 

Дорноговь аймгийн малын өвчлөл, хорогдлыг сүүлийн таван жилээр дүгнэвэл тэжээл боловсруулах замын өвчнөөр хамгийн их буюу 1832 толгой мал, амьсгалын замын өвчнөөр 1258 толгой, элдэв хордлогын өвчнөөр 655 толгой мал тус тус өвчилсөн байна. Харин энэ хугацаанд малын хорогдлын хамгийн их хувь буюу 31%-ийг тэжээл боловсруулах замын өвчин эзэлжээ. 

Нэг анхаарах үзүүлэлт нь, сүүлийн таван жилд бүх өвчилсөн малын эзлэх хувь нь сүүлийн 18 жилийн туршид өвчилсөн малын 5.8%-ийг эзэлсэн байна. Өөрөөр хэлбэл, нийт өвчлөлийн 94% нь 2018 оноос өмнө тохиолджээ. Малын хорогдлын хувьд ч мөн ялгаагүй 98% нь сүүлийн таван жилээс өмнө бүртгэгдсэн байна. 

Судалгааны явцад хийсэн хамгийн чухал ажил бол шинжилгээ. Тус шинжилгээгээр Улаанбадрах сумын 19, Хөвсгөл сумын 18, Айраг сумын 20 айлыг хамруулжээ. Ийнхүү 57 малчны 367 малын лабораторийн шинжилгээг харвал уран олборлож буй Улаанбадрах сумын малын үзүүлэлтүүд нөгөө хоёр сумынхаас онцын ялгаагүй, огцом өвчлөл ажиглагдаагүй байна. Гэхдээ кальц, фосфор, цайр гэх мэт зарим элемент дээрх гурван суманд харилцан адилгүй байгаа нь зарим нэг өвчин, эмгэгийн шалтгаан болж байгаа нь нотлогджээ. Үүнээс зарим үзүүлэлт Улаанбадрах суманд бага байгаа юм. Тухайлбал, малын кальц багассан үзүүлэлт Улаанбадрах суманд Хөвсгөл, Айраг сумдынхаас хоёр дахин бага байх жишээтэй.

Мал, амьтны биед нүүрс ус, цардуулыг задлагч фермент болох амилаза л гэхэд 98% буюу бараг бүх малд буурсан байсан нь нойр булчирхайн эмгэг үүсэж, тэжээл боловсруулах замын өвчлөлийн суурь болж байгаа нь тогтоогдсон байна. Элгэн дэх  уургийн солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох шүвтэр 96% буюу эдгээр малд ихэссэн нь бөөрний дутагдалд орж, уургийн задрал хэт нэмэгдэх, улмаар бодисын солилцоо хямралд орж, өвчин эмгэг үүсэх нөхцөлийг бүрэлдүүлж байгаа аж. Мөн элэгний үйл ажиллагааг зохицуулах фермент болох аланинтрансфераза 80% буюу шинжилгээнд хамрагдсан малд ихэссэн байжээ. Энэ нь элэгний эсийн болон цөсний хүүдийн өвчлөл үүсэх, бодисын солилцоо буурах, элэгний хоёрдогч хэлбэрийн өвчлөл бий болох үндэслэл болж байна.

Элэгний үйл ажиллагааг илэрхийлэгч билирубин шинжилгээнд хамрагдсан бүх малд 100% ихэссэн байгаа нь элэг болон цөсний хүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар тэжээл боловсруулах замын өвчин, эмгэгт олноор нэрвэгдэх нөхцөл үүсжээ. 

Өөрөөр хэлбэл, шинжилгээнд хамрагдсан гурван сумын бараг бүх мал тэжээл боловсруулах замын эмгэг, тэжээлийн дутагдал болон бодис солилцооны хямралын өвчинд нэрвэгдсэн байна. 

Шимэгчийн шинжилгээний тухайд мөн л өвчлөөгүй мал бараг үгүй аж. Тус гурван сумын малд, ялангуяа хонинд Эймериоз хэмээх эгэл биетнээр үүсгэгддэг төл малын өвчин ихээхэн тархсан байжээ. Энэ өвчний үед ажиглагддаг гэдэсний эмгэг, чацга алдах, цус багадах, турах шинж тэмдгүүд малд илэрсэн байна. Мөн мал халуурч, богино хугацаанд цус багасах, эрүүн доор усан хаван гүйх, чацга алдах, хэвтэх зэргээр өвчилж олноор үхэх нэг шалтгаан болдог бөөрөнхий хорхойн халдвар шинжилгээнд хамрагдсан малын 91 хувьд илэрчээ. 

Задлан шинжилгээ буюу бичил бүтцийн шинжилгээнд хамрагдсан бүх малын зүрхний булчинд саркоцистын авгалдай шимэгчилсэн, түүний ойр орчимд болон судас орчимд үрэвслийн эс нэвчирж зүрхний булчингийн үрэвсэл, уушгины завсрын эдийн үрэвсэл, элэгний периваскулит (судасны үрэвсэл), бөөрний сувганцрын үрэвсэл үүссэн байна.

Малчид малаа тордож, эрүүл мэндэд нь анхаарах цаг болжээ

Тайланд тусгасан эдгээр асуудлыг дэлгэрэнгүй бичиж буйн учир нь уул уурхайгаас үл хамааран монгол мал ямар их өвчтэй байгааг ойлгуулахыг зорилоо. 

Бас нэг дурдах шаардлагатай зүйл бол Улаанбадрах, Хөвсгөл, Айраг сумдын малд хүнд металлын улмаас ноцтой асуудал үүссэн зүйл илрээгүй байна. Харин эсрэгээрээ бүх дээжид хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс бага, селений хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-15 дахин бага байжээ. 

Түүнчлэн гурван төрлийн антибиотик малын аль ч түүхий эдэд илрээгүй ба энэ нь тухайн нутгийн малд антибиотикийн эмчилгээ хийгээгүй, эсвэл хийсэн ч биеэс гадагшлах хугацаа өнгөрснийг илтгэж байгааг тайланд тэмдэглэсэн байна.  

Дээрх бүх судалгаа, шинжилгээний дүн уул уурхайгаас шалтгаалсан ноцтой өөрчлөлтийг харуулахгүй байгаа юм. Ялангуяа, уран олборлож буй Улаанбадрах сумын малд онцлон тэмдэглэх шинж тэмдэг, бие даасан өвчин, ялгарах эмгэг илрээгүйг илтгэв. Харин малчид малаа арчилж, эрүүл мэндийг нь дэмжихэд хүчин чармайлт гаргах шаардлагатай, цаашлаад мал эмнэлэг, малын эмчийн хүртээмжийг нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд малын тоо толгой бус чанарт, эрүүл мал өсгөхөд анхаарах зайлшгүй шаардлага үүссэнийг 18 жилийн харьцуулалт нотлон харууллаа. 

Тэгвэл үүний цаад учир шалтгаан нь юу вэ? Өнөөдрийг хүртэл энэ бүх бурууг малчид ч тэр, иргэд ч тэр уул уурхай руу чихэж, буруутгаж ирсэн. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт хэмээн дэлхий нийтээр үзэгдэж буй дулаарлаас гадна чанарт бус тоонд анхаарч, малаа хэт их өсгөснөөс үүдсэн бэлчээрийн доройтол яах аргагүй том шалтгаан болж байгааг судалгааны багт багтсан эрдэмтэн, докторууд тодотгож байна.

2017-2020 онд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол орон даяар хэрэгжүүлсэн “Ногоон алт” хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийн төлөв байдлын үнэлгээг бүх аймагт хийсэн байдаг. Дорноговь аймгийн тухайд нийт газар нутгийнх нь 84 хувийг бэлчээр эзэлдэг. Харин бэлчээрийн төлөв байдлын үнэлгээгээр тус аймгийн газар нутгийн 80 гаруй хувь нь байгалийн унаган төрхөө алдаж, бэлчээрийн ургамлын төрөл зүйлийн бүрэлдэхүүн цөөрч, чанар хүртээмж нь буурчээ. Энэ бол малын шим тэжээл муудаж, хомсдох том хүчин зүйл. Аймгийн хэмжээнд бэлчээрийн даац 1.3-3.4 дахин хэтэрснээс Хөвсгөл сум л гэхэд хамгийн их даац хэтэрсэн гурван сумын нэгд нэрлэгдсэн. Улаанбадрах, Айраг сумынх бэлчээрийн даац тус тус хоёр дахин хэтэрсэн нь тогтоогдсон. Үүний нэг том шалтгаан нь малын тоо толгой хэт өссөн явдал. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны танилцуулдаг мал тооллогын дүнгээс харвал Айраг сумын мал сүүлийн 10 жилд 2.4, Хөвсгөл сумынх 2.7, Улаанбадрах сумын 2 дахин тус тус өссөн байна.

Өөрөөр хэлбэл, малын эрүүл мэндийн өнөөгийн үүссэн хүнд нөхцөл байдал эргээд малын тоондоо хэт анхаарсан малчдын буруутай үйл ажиллагаатай холбогдож байна.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгүүлч: А.Гэрэлт