Наймдугаар сард Өмнөд Америкийн Эквадор улсад тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан нэг улс төрч бусдын гарт амиа алдсан юм.
Нийслэл Кито хотод сонгуулийн кампанит ажилд оролцож байсан Фернандо Виллависиенсог буудаж алсны дараа цагдаа нар уг аллагатай холбоотой зургаан этгээдийг баривчилж байв.
Тэдгээр нь бүгд хөрш Колумб улсын иргэд байсан юм.
Тэгвэл эдгээр баривчлагдсан сэжигтнүүд шоронд хоригдож байхдаа зэрэг алагдсан тухай Эквадорын эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
Аллага Баасан гарагт тус улсын хамгийн том хот Гуаяакиллийн шоронд гарсан байна.
Гэмт хэргийн баримтыг нуун далдлах зорилгоор тэднийг алсан гэж эрх баригчид сэжиглэж байгаа гэнэ. Гэсэн хэдий ч улс төрчийн аллагын гэм буруутнуудыг тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэхээ Эквадорын эрх баригчид амласан байна.
“Үнэнийг заавал олж тогтооно” гэж тус улсын ерөнхийлөгч Гилмеро Лассо сошиал хуудсандаа мэдэгджээ.
Виллависиенсо нь нэртэй эрэн сурвалжлах сэтгүүлч байсан бөгөөд сонгогдвол авлигал, хар тамхины гэмт хэрэгтэй ширүүн тэмцэхээ амлаж байсан юм.
Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт болохоос хоёр долоо хоногийн өмнө алагдаж байжээ.
Сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт энэ сарын 15-ны өдөр болох юм.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцэх амлалтуудаар дүүрэн байна.
Нэг үе Латин Америкийн хамгийн тайван амгалан улсуудын нэгд тооцогддог байсан Эквадор улс сүүлийн жилүүдэд олон улсын хар тамхины наймааны гол дамжин өнгөрөх зам болоод байгаа.
Колумб, Мексикийн картелиуд энэ улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүнээ дамжуулан АНУ-ын зах зээлд гаргахаар хоорондоо тэмцэлддэг болжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!