Франц улс бясааны гамшигт нэрвэгдээд байна.
Өнгөрч буй долоо хоногт тус улсын эрх баригчид энэхүү шавжийг устгаж, цэвэрлэх зорилгоор нийт долоон сургуулийг хаажээ.
“Боловсролын 17 байгууллагад бясааны тархалт ямар нэг хэмжээнд бүртгэгдсэн. Одоогийн байдлаар долоон сургуулийг ариутгах зорилгоор хаагаад байна” гэж Францын боловсролын сайд Габриэл Аттал өчигдөр хэвлэлд ярьсан байна.
Тус улсын засгийн газар бясааны гамшгийн асуудлаар сүүлийн өдрүүдэд хэд хэдэн удаа хуралдсан юм.
Эрх баригчид 2024 оны Парисын зуны олимпын наадмаас өмнө уг асуудлыг шийдвэрлэхээр шаргуу ажиллаж байна.
Энэ долоо хоногийн эхээр Марсель хотын нэг, Лион хотын ойролцоо нэг сургуулийг бясааны тархалтын улмаас хаасан юм.
Тэгвэл нийт 1,500 сурагчтай таван сургуулийг бясаанаас цэвэрлэж, ариутгах зорилгоор нэмж хааснаа Францын боловсролын яам Баасан гарагт мэдээлсэн байна.
Тус улсын хойд бүсийн Амиенс хотын нийтийн номын сан уншигчдын танхимд нь их хэмжээний бясаа илэрсэн тул хэдэн хоногийн турш хааж байв.
Номын санг ариутгаж дуусаад нээснийг хотын захирагч Брижит Фуре өчигдөр мэдээлжээ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Франц улсын айл өрхүүдийн 10 орчим хувь бясааны асуудалтай болсон гэдэг. Айл нэг бүрийг ариутган цэвэрлэхэд хэдэн зуун еврогийн зардал шаардагдаж байгаа. Мөн энэ ариутгал дахин давтагдах ч тохиолдол бий.
Парисын метро, олон улсын нисэх буудал, галт тэрэг, кино театр зэрэг олон нийтийн газруудаас энэхүү цус сорогч шавжийн тархалт илэрч байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!