"Бага насны хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх хэрэгтэй боллоо"
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай өнөөдөр уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг ажлын чиглэл өгөхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг мөн танилцуулсан юм.
Тэрбээр "Юуны өмнө ийм аймшигт харамсалтай хэрэг болж, ийм хэрэг болохоос болохоос урьдчилан сэргийлж чадаагүйдээ уучлалт хүсэж талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.
Өчигдөр Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайд миний биеийг дуудаж шуурхай үүрэг даалгавар өгсөн. Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн яаралтай шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон. Үүнд,
- Бага нас хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт оногдох ялыг чангаруулж 20 хүртэл жил хорих ял оногдуулж байгааг 25 жил болгож нэмэгдүүлэх,
- Гэмт этгээдийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх
- Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд оногдуулж байгаа хорих ялыг хүчингүй болгож, хорих ялаар солих
- Авлига албан тушаалын болон бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг магадлангаар суллахгүй байх чиглэлээр холбогдох хуулийн төслийг нэн яаралтайгаар боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
Түүнчлэн
- Урьд нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн талаарх мэдээллийг ил болгож, хууль сахиулах байгууллага, олон нийтийн зүгээс тавих хяналтыг сайжруулах,
- Эцэг эх асран хамгаалагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх
- Сургууль цэцэрлэгийн ажиллах журам хүлээх хариуцлагыг тодорхой болгох
- Авто машины цахим бүртгэл хийх
- Гудамж зам талбайг бүрэн камержуулах
- Жолоочийн хариуцлагыг чангатгах, өмнө нь зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэх үедээ гэмт хэрэг зөрчил үйлдсэн этгээдийн жолооны эрхийг хасах
- Такси үйлчилгээг сайжруулах замаар цаашид бага насны хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг олон улсын сайн туршлагад үндэслэн зохион байгуулах шаардлагатай байна.
Энэ хүрээнд нэн тэргүүнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж зохион байгуулах шаардлагатай боллоо" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
