Казахстан улсын парламент хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд казах хэлийг түлхүү ашигладаг болох хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ.
Тус улсын албан ёсны хэл казах боловч орос хэл бас нийгмийн амьдралд өргөн хэрэглэгддэг. “Хуулийн төсөлд радио, телевизийн казах хэлний агуулгын эзлэх хувийг одоогийн 50-аас 70 хувь болгон ахиулахаар заасан” гэж Казахстаны соёлын сайд Айда Балаева өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Шилжилт 2025 оноос эхлэн жил бүр 5 хувийн алхамтай хэрэгжиж эхэлнэ” гэж сайд хэлсэн байна.
Казахстаны бараг 20 сая хүн амын 15 хувийг орос үндэстнүүд эзэлдэг. Тэдний ихэнх нь ОХУ-тай хил залгаа бүс нутгуудад оршин суудаг байна.
2022 оны хоёрдугаар сард Орос улс хөрш Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсний дараа Казахстаны эрх баригчид тусгаар тогтнолын асуудалдаа нухацтай хандах болсон.
Сүүлийн үед тус улс Өрнөдийн орнууд болон Хятад улстай харилцаагаа өргөжүүлж байгаа.
Казахстаны хөрш Киргизстан улс энэ оны эхээр бас эх хэлтэйгээ холбоотой хууль баталсан юм. Уг хуулийн дагуу Киргизийн бүх төрийн албан хаагчид эх хэлээ төгс эзэмшсэн байх ёстой бөгөөд хэвлэл мэдээллийн агуулгын 60 хувь киргиз хэл дээр нийтлэгдэх шаардлага тавигдсан байна.
Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн бусад улсууд болох Тажикистан, Туркменистан, Узбекистанд орос хэл албан ёсны статусгүй ч нийгмийн харилцаанд өргөн хэрэглэгддэг юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!