Баасан гарагт Канадын рэппер Дрэйк шинэ цомгоо зах зээлд гаргаснаасаа хойш хэдхэн цагийн дараа эрүүл мэндийн шалтгаанаар уран бүтээлийн завсарлага авах болсныг зарлажээ.
Тэрбээр өчигдөр SiriusXM радиогийн “Table For One” нэвтрүүлэгт орохдоо “Би хэсэг хугацаанд хөгжмөөс холдох хэрэгтэй боллоо. Нэн тэргүүнд эрүүл мэндээ бодох хэрэгтэй байна. Би олон жилийн турш ходоодны ноцтой асуудалтай явж ирсэн” гэж ярьсан байна.
Грэммийн шагналт 36 настай уран бүтээлчийн “For All the Dogs” цомог өчигдөр худалдаанд гарсан юм.
Дрэйк өөрийн таван настай хүү Адонисын зурсан зургаар энэ цомгийнхоо нүүрийг чимэглэсэн байна. Бас цомгийнх нь “Daylight” нэртэй дуунд хүү нь үглэж, цомгоос гадуур бүтээсэн “8AM in Charlotte” дууны видеонд тогложээ.
Дрэйкийн шийдвэрийн улмаас АНУ-д төлөвлөсөн хэд хэдэн тоглолт нь цуцлагдах буюу хойшилсон байна.
“Надад бас амлалт өгсөн хүмүүсийнхээ төлөө хийх ёстой өөр зүйлс байгаа. Тиймээс хэсэг хугацаанд студиэ цоожлох хэрэгтэй болох нь. Хэсэг хугацаа гэж хэр урт хугацааг хэлж байгаагаа би мэдэхгүй байна. Магадгүй нэг жил, эсвэл арай урт ч байж магадгүй” гэж Дрэйк ярьжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!