Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Шоронд хоригдож байгаа Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Нобелийн энх тайвны шагналыг хүртэхээр боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн орой Норвегийн нийслэл Осло хотод энэ оны Нобелийн энх тайвны шагналын эзнийг зарлалаа.

Уг шагналыг Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, 51 настай Наргес Мохаммадид олгохоор болжээ.

“Энэ шагнал нь Иран дахь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн, түүний удирдагч Наргес Мохаммадийн тэмцлийг өндрөөр үнэлсэн хэрэг юм. Хэрвээ Ираны эрх баригчид зөв шийдвэр гаргаж, шоронгоос суллавал тэр арванхоёрдугаар сард шагналаа гардаж авах болно” гэж Нобелийн шагналын хорооны тэргүүн Берит Рэйс-Андерсен мэдэгдсэн юм.

Мохаммади одоо Тегераны Эвин шоронд 12 жилийн хорих ял эдэлж байгаа.

Түүнийг төрийн эсрэг суртал нэвтрүүлэг явуулсан болон бусад хэд хэдэн хэрэгт яллажээ.

Мохаммади өмнө нь таван удаа ял сонсож, нийтдээ 31 жил хоригдох, 154 удаа ташуурдах шийтгэл хүлээж байсан юм.

зураг
 

“Нобелийн шагнал нь Наргесын хүний эрхийн төлөө тэмцлийг улам зоригжуулах болно. Энэ шагнал Ираны бүх ард түмэн, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн шагнал юм” гэж Парис хотод амьдарч буй Мохаммадийн нөхөр Таги Рахмани мэдэгджээ.

122 жилийн түүхтэй Нобелийн шагналыг нийтдээ 18 эмэгтэй хүртэж байсан юм. Мохаммади 19 дэх нь болж байна.

Өнгөрсөн оны энх тайвны шагналыг Оросын хүний эрхийн Мемориал байгууллага, Украины Иргэний Эрх Чөлөөний Төв, Беларусийн хүний эрхийн төлөө тэмцэгч Алес Бяляцки нарын гурвал хүртэж байжээ.

Даваа гарагт эдийн засгийн салбарын Нобелийн шагналтныг зарласнаар энэ оны шагналын эзэд бүрэн тодрох юм.

Пүрэв гарагт Норвегийн зохиолч Жон Фоссе утга зохиолын салбарын шагналыг хүртэх болсныг зарласан.

Түүнээс өмнө анагаах ухаан, физик, химийн салбарын шагналын эздийг зарласан юм.

Нобелийн шагналыг 18 каратын алтан медаль, диплом, 11 сая швед кроны ($1 сая орчим) мөнгөн шагнал дагалддаг. Шагналыг арван хоёрдугаар сарын 11-ний өдөр гардуулах юм.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
5 | 11 | 5 өдөр