Тэрбумтан Билл Гэйтс өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотод зохион байгуулагдсан “Climate Forward” уур амьсгалын өөрчлөлтийн талаар чуулганд оролцох үеэрээ мод тарихын эсрэг байгаагаа мэдэгдсэн юм.
Тэрбээр “мод тарихыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга замуудын нэг гэсэн бүрэн нотолгоо байхгүй, хангалттай тооны мод тарих замаар хямралаас гарах тухай санаа нь ямар ч утгагүй зүйл, би огт мод тарьдаггүй” гэх зэргээр ярьсан байна.
Өөрийн үзэл бодолд хэр итгэлтэй байгаагаа харуулахын тулд Гэйтс “Ингэхэд бид шинжлэх ухаанч хүмүүс юм уу, эсвэл тэнэгүүд юм уу? Аль нь баймаар байна?” гэж хүртэл маргажээ.
Түүний энэ дуулиант мэдэгдэл мод тарих үйл хэрэгт зүтгэж буй олон хүнийг гомдоосон байна.
“Би амьдралынхаа сүүлийн 16 жилийг мод тарихад зориулж байна. Ийм мэдэгдэл бидний урмыг үнэхээр хугаллаа” гэж American Forests төрийн бус байгууллагын тэргүүн Жэд Дэйли сошиал хуудсандаа бичжээ.
Ой мод нь агаар мандал дах хүлэмжийн хийг өөртөө шингээдэг гэсэн ойлголт түгээмэл байдаг.
Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр уур амьсгал өөрчлөгдөж байгаа гэдэгт эргэлздэг АНУ-ын Бүгд Найрамдахчууд хүртэл дэлхий даяар нэг их наяд мод тарих үйлсийг дэмжсэн хуулийн төслийг танилцуулж байв.
Гэхдээ нөгөө талаас Билл Гэйтсийн үзлийг дэмжсэн дүгнэлтийг зарим судлаачид гаргасан нь бий.
Саяхан Их Британи, Өмнөд Африкийн хэсэг эрдэмтэд олон тооны мод тарьж суулгах нь сайнаасаа илүү саар нөлөөтэй болохыг анхааруулжээ. Ялангуяа тропикийн бүсийн байгаль орчинд илүү хор хөнөөлтэй гэж дүгнэсэн байна.
Маш нарийн төвөгтэй унаган экосистемийг зөвхөн ганц төрлийн мод тариалалтаар солих нь биологийн олон төрөл зүйлийг устгах аюултай гэж тэд дүгнэжээ.
“Зөвхөн нүүрстөрөгчийг шингээдэг гэсэн ганцхан хэмжүүрээр нийт экосистемийн ач холбогдлыг бууруулж байна. Нүүрстөрөгчийг шингээх нь халуун орны ой модны экосистемийн гүйцэтгэдэг олон үүргийн зөвхөн нэг жижиг хэсэг юм” гэж тэд “Trends in Ecology and Evolution” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичсэн байна.
Үүнээс гадна зарим судлаачид хэчнээн олон мод тарьсан ч хүлэмжийн хийг бууруулах боломжгүй гэж үздэг.
Тухайлбал дэлхийн агаар мандалд буй хүлэмжийн хийн ердөө 10 хувийг шингээхийн тулд АНУ-ын газар нутгийг бүхэлд нь ойжуулах шаардлагатай гэсэн тооцоо гаргаж байжээ.
Өөрөөр хэлбэл дан ганц мод тарих замаар хүлэмжийн хийг хангалттай хэмжээгээр бууруулахад манай дэлхийд шаардлагатай орон зай байхгүй гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!