Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Украины арми эзлэгдсэн Крымийн хойгийн Севастополь хот дахь Оросын Хар тэнгисийн флотын төв байранд пуужингийн цохилт өгсөн юм.
Энэ үеэр дээд тушаалын 34 офицер алагдсаны нэг нь Хар тэнгисийн флотын командлагч Виктор Соколов байсныг Украины тал Даваа гарагт мэдээлж байв.
Тэгвэл өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам адмирал амьд байгааг харуулсан дүрс бичлэг цацжээ.
Мягмар гарагийн өглөө Москва хотод батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн удирдсан хуралд Соколов видео холбоогоор оролцсоныг 8 минутын урттай уг дүрс бичлэгт харуулсан байна.
Энэ хуралд Оросын тэнгисийн бүх таван флотын командлагч нар оролцсоныг дэлгэцээс харуулжээ. Гэхдээ тэдний хэнийх нь ч дуу хоолой сонсогдоогүй байна.
Хурал үнэхээр Мягмар гарагт болсон эсэх, Соколовын дүрс нь өмнөх бичлэг үү, шууд дамжуулалтын дүрс үү гэдгийг мэдэх боломжгүй юм.
Украины дайн эхэлсэн цагаас хойш Хар тэнгисийн флот нь Оросын зэвсэгт хүчний агаарын довтолгооны платформ болон ашиглагдаж байгаа.
Тус флотын төв командын байр 2014 онд Крымийн хойг ОХУ-д хууль бусаар нэгтгэгдэхээс ч өмнө Украины засгийн газартай байгуулсан түрээсийн гэрээний дагуу Севастополь хотод байрладаг байжээ.
Эх сурвалж: BBC, The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
151 СЭТГЭГДЭЛТЭЙ
|