Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Астероидын дээжийг тээвэрлэсэн NASA-гийн хөлөг маргааш дэлхийд газардана

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Астероидын хөрснөөс авсан дээжийг дэлхийд авчрах NASA-гийн анхны хөлөг Ням гарагт Ютагийн элсэн цөлд газардах гэж байна.

Уг дээжийг судалсны үр дүнд нарны аймаг хэрхэн бүрэлдсэн, манай дэлхийд амьдрал хэрхэн үүссэн зэрэг асуудлууд илүү ойлгомжтой болно гэж эрдэмтэд үзэж байгаа.

OSIRIS-REx хөлгийг 2016 онд NASA сансарт хөөргөсөн юм. Одоогоос бараг гурван жилийн өмнө уг хөлөг алс холын Bennu нэртэй астероидын хөрснөөс дээж авч байжээ.

Дэлхийн гадаргаас 108,000 км зайд ирснийхээ дараа OSIRIS-REx хөлөг дээж хадгалсан капсулыг өөрөөсөө салгах юм. Уг капсул дөрвөн цагийн дараа дэлхийд газардана.

Газардахаас өмнөх сүүлийн 13 минутад капсул дэлхийн агаар мандалд 43,000 км/цаг хурдтай орж ирэх ба энэ үед дээд тал нь Цельсийн 2,800 хэм хүртэл халах ажээ.

Хэрвээ төлөвлөгөөнд асуудал гарахгүй бол хоёр ширхэг шүхэр задарч, капсулыг зөөлөн газардуулах юм байна.

Энэ үед урьдчилан байрласан мэргэжилтнүүд капсулыг олж авах гэнэ.

650 км.кв талбайн хаа нэгтээ газардах тул энэ нь “сагсан бөмбөгийн талбайн хэмжээтэй самбарт дартс шидэхтэй адил” байхыг OSIRIS-REx төслийн менежэр Рич Бурнс тайлбарлажээ.

Гэхдээ капсулыг газардахын өмнөх шөнө мэргэжилтнүүд нөхцөл байдлыг шалгаад ажиллагааг хойшлуулах магадлалтай юм байна.

Хэрвээ амжилттай газардах боломж бүрдээгүй гэж үзвэл OSIRIS-REx хөлөг 2025 онд дараагийн оролдлогоо хийх хүртэл нарыг тойрон аялах гэнэ.

“Дээжийг дэлхийд хүлээж авах хэцүү ажил. Алдаа гарах олон шалтгаан бий” гэж NASA-гийн түнш Lockheed Martin компани дахь OSIRIS-REx хөтөлбөрийн менежэр Сандра Фрюнд ярьж байна.

Түүний баг капсулын “хатуу газардах” тохиолдолд дээжийг бүрэн бүтэн авч үлдэх боломжийг ч бас тооцоолжээ.

Хамгийн сүүлд энэ оны наймдугаар сард нисдэг тэрэгнээс капсулын хуулбарыг унагаж туршсан гэнэ.

Капсулыг хайж олсон багийнхан гадна нөхцөл байдлыг нь шалгасны дараа тусгай торонд хийж, нисдэг тэргээр Техас мужийн Хюстон хот дахь NASA-гийн лабораторид хүргэх ажээ.

Энд капсулыг задалж, дээжийн тодорхой хэсгийг судлахаар ялгаж авах бол үлдсэн хэсгийг технологийн илүү өндөр түвшинд хүрсэн хойч үеийнхэнд зориулж хадгалах гэнэ.

Дээжийг шинжилсэн эхний үр дүнгээ NASA аравдугаар сарын 11-ний өдөр танилцуулахаар төлөвлөжээ.

2020 оны аравдугаар сард маш нарийн, хэцүү аргаар Bennu астероидоос дээж авч байсан юм. Хөлөг астероидын гадаргууд хэдхэн секунд хүрэх хооронд шахсан азотын хийг дэлбэлж, дэлбэрэлтээс үүссэн тоосыг савлан авч байжээ.

Ажиллагаа амжилттай болж, NASA төсөөлж байсан 60 граммаасаа их хэмжээтэй буюу 250 грамм материал авсан байна.

Энэ нь сарны тойрог замын гадна орших сансрын биетээс авсан хамгийн их хэмжээтэй дээжид тооцогдож байгаа юм.

500 метр диаметртэй Bennu астероид нарыг тойрон эргэх замдаа зургаан жил тутамд нэг удаа дэлхийтэй ойртдог. Уг биет 2182 онд дэлхийтэй мөргөлдөх магадлал бий гэж үздэг байна. Гэхдээ энэ боломж маш бага буюу 2,700-д нэг тохиох магадлалтай юм.

 

Эх сурвалж: AFP