“Элэгний В, D вирустэй тэмцэгчид” ТББ-аас ЭМЯ-нд дөрвөн зүйл бүхий шаардлагыг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт хүргэжээ. Уг шаардлагын хариуг өнөөдөр авахаар яамны удирдлагуудтай уулзсан байна. Энэ талаар тус байгууллагын төлөөлөл, иргэн Ж.Одгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улсад элэгний В, D вирус хавсарсан хавдартай, эмчилгээ шаардлагатай 150,000, D вирустэй 400,000 хүн байдаг. Элэгний өвчин, хавдрын өвчин манай улсад тэргүүлж байна.
2016 онд үйлдвэрлэгдсэн элэгний В, D вирусийн эсрэг Myrcludex эмийг гурван жилийн өмнө манай улс өнчин эмийн бүртгэлд бүртгэсэн гэж хэлж байсан.
Myrcludex эмийг оруулж ирж, бидэнд хөнгөлөлттэй үнээр өгөх, элэгний хавдартай хүмүүс ажлын бүтээмжгүй, ядарч сульддаг учир группт оруулдаг болгох, шинжилгээ, оношилгоо өндөр өртөгтэй байдгийг шийдвэрлэж өгөх зэрэг шаардлагыг Эрүүл мэндийн сайдад өгсөн юм. Өнөөдөр Эрүүл мэндийн яамны албаны хүмүүстэй уулзсан ч нааштай хариу өгсөнгүй. Болохгүй бол хуурай өлсгөлөн зарлана гэж бодож байна.
Уг эмийг оруулж ирнэ гэж хэлээд гурван жил боллоо. Өнчин эмийн бүртгэлд авна гэдэг нь нэн яаралтай оруулж ирэх шаардлагатай эм байдаг юм билээ. Myrcludex эм нь Герман, Франц, ОХУ, АНУ-д үйлдвэрлэгдэж, үнэ өндөртэй, үр дүн сайтай эм. Энэ эмийг оруулж ирж, бидэнд хөнгөлөлттэй үнээр өгч туслаач гэж шаардаад байгаа юм. Myrcludex эмийг Францад очоод хэрэглэсэн хүн бараг эрүүл болсон байна" хэмээн ярилаа.