Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Хонгор: МҮХАҮТ 2019 онд дансандаа гурван сая ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөтэй байсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 21 дүгээр их хурал болохтой холбогдуулан 2019 онд сонгогдсон хяналтын зөвлөлийн гишүүд танхимын үйл ажиллагааны талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ. 

МҮХАҮТ-ын хяналтын зөвлөлийн гишүүн Г.Хонгор "МҮХАҮТ нь төрийн хуультай, хамгийн том төрийн бус байгууллага юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд танхимтай холбоотой ямар алдаа дутагдал гарсан талаар ярих ёстой болсон. 

Манай танхим маш явцуу хүрээнд цөөхөн хэдэн том компаниудын ажил амьдралыг зохицуулж байна. Татварын шууд болон шууд бус дарамт, банкны зээлийн орчин зэрэг нийгмийн асуудлуудад манай танхимаас тодорхой хариулт өгдөггүй. Засгийн газрын бодлого үйл ажиллагааны ард нь дөрлүүлсэн бух шиг мөлхөж байна. 

Самарын экспортын гарал үүслийн гэрчилгээнд МҮХАҮТ-ын удирдлага оролцсон. Гэтэл ямар үр дүн болсон нь тодорхойгүй. Монголын газарт ургаж буй самрын экспортыг БНХАУ-ын тал ингэж шийдсэн гэсэн бичгийг өгсөн. Самараа яаж зарах нь манай улсын бие даасан асуудал. 

Махны экспортын асуудалд МҮХАҮТ хангалтгүй ажилласан. Шадар сайд нь та нар чадахгүй юм байна гээд махны экспортын асуудлыг манай танхимаас салгаж авсан. 

МҮХАҮТ 2019 онд дансандаа гурван сая доллартой тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөтэй байсан. Энэ нь бизнесийн байгууллагуудын дундын хөрөнгө юм. Тус мөнгийг банкны харилцах хадгаламжид байршуулсан. 

ТУЗ-ийн бүрэлдэхүүнд бизнес, амьдрал нь тэгширсэн монголын том компаниудын төлөөлөл байдаг. Дараагийн үедээ халаагаа өгдөггүй. Бизнесийн салбарт залуус орж ирэх гэтэл хаагдмал, боогдсон байдалтай байна" гэв. 

МҮХАҮТ-ын хяналтын зөвлөлийн гишүүн Б.Баянмөнх "Хяналтын гишүүд 2019 онд сонгогдоод гүйцэтгэх удирдлагуудтай зохицож ажиллах гээд дөрвөн жил үйлээ үзэж байна. МҮХАҮТ-ын гүйцэтгэх удирдлагууд ээлжит ба ээлжит бус нэг ч хуралд биднийг оруулж байгаагүй. Гадаад бизнес уулзалт томилолтод оролцуулаагүй" гэв. 

МҮХАҮТ-ын хяналтын зөвлөлийн гишүүн Л.Отгонбаяр "Хяналтын зөвлөлийн гишүүд маргаашийн их хуралд тайлангаа тавих ёстой. Гэтэл маргаашийн хуралд биднийг оруулах уу эсэх нь тодорхойгүй байна. 

Хяналтын зөвлөл долоон гишүүнтэй түүний гурав нь цахимаар дэмжиж оролцож байгаа. МҮХАҮТ нь гишүүн байгууллагаасаа татвар хураамж авдаг. Татвар, төсөл арга хэмжээ нь үнэн зөв эсэхийг тусгай аудитын байгууллага шалгаж дүгнэлт өгдөг. 

Гэтэл аудитын байгууллагыг МҮХАҮТ-ын гүйцэтгэх удирдлага сонгодог. Журмаараа бол аудитын байгууллагыг хяналтын зөвлөл сонгох ёстой. МҮХАҮТ нь бизнест маш хүчтэй байгууллага юм. 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч сонгогдсоныхоо дараа бизнесийнхээ хамтрагчийг гүйцэтгэх захирлаараа томилсон. Үүнээс эхлээд хяналтын зөвлөл ажлаа хийх боломжгүй болсон. Энэ бол ёс суртахуунгүй үйлдэл. Манай танхимын өдөр тутмын санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээг шилэн байлгах гээд чадаагүй" хэмээн тайлбарлав.