Африк тивээс олон мянган дүрвэгч ирээд буй Италийн хамгийн өмнөд цэг болох Лампедуза аралд өчигдөр тус улсын ерөнхий сайд Жоржиа Мелони, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар зочилж, нөхцөл байдалтай танилцжээ.
Өнгөрсөн долоо хоногийн Даваагаас Лхагва гарагийн хооронд нийтдээ 8,500 орчим дүрвэгч 199 завиар тус аралд ирснийг НҮБ-ын цагаачлалын агентлаг мэдээлсэн байна.
Энэ арлын үндсэн оршин суугчдын тоо 6,500 орчим юм.
Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Мелони “Европын ирээдүй тулгарсан хүндрэл бэрхшээлийг даван туулах чадвараас нь хамаардаг. Тиймээс Европын хүрэхийг зорьж буй ирээдүй өнөөдөр энд аюулын ирмэг дээр ирээд байна” гэж хэлжээ.
“Хууль бус цагаачлал бол Европын шийдвэрлэх ёстой сорилт юм” гэж хэлсэн Урсула фон дер Ляйен тус аралд ирсэн цагаачдыг хуваан хүлээж авахыг холбооны гишүүн орнууддаа уриалсан байна.
Лампедуза арлын цагаачлалын төвийг хариуцдаг Италийн Улаан Загалмайн нийгэмлэгийн мэдээлснээр тус төвийн багтаамж бараг дөрөв дахин хэтрээд байгаа гэнэ.
Тиймээс цагаачдын зарим хэсгийг Сицили арал болон Италийн эх газарт тараан байрлуулж байгаа юм байна.
Гэвч аралд шинээр ирж буй цагаачдын урсгалын хурдыг гүйцэхгүй байгаа гэнэ.
Энэ он гарсаар Италийн эрэгт 127,000 гаруй цагаач ирсэн нь өмнөх оны мөн үеийн тооноос бараг хоёр дахин өндөр байна.
Тэдгээрээс 2,000 гаруй нь Умард Африкийн эргээс Итали, Мальтын эрэгт хүрэх замдаа живсэн тухай НҮБ-ын цагаачлалын агентлаг мэдээлжээ.
Африкийн цагаачдыг хүлээж авах асуудал дээр Европын Холбооны гишүүн орнууд санал зөрөлдөж байна.
Тухайлбал Францын хэт барууны үзэлтэй сөрөг хүчнийхэн Италиас ирэх цагаачдад хилээ нээхийг эрс эсэргүүцэж байгаа. Бямба гарагийн орой Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Италийн ерөнхий сайд Жоржиа Мелонитай утсаар ярьж, цагаачлалын асуудлаар нийт Европын хэмжээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон тухай Парисын албаны эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!