Боловсролын шинэ хуулийн орчинд хичээлийн шинэ жил эхлээд хоёр долоо хонов. Монгол Улсын парламентын түүхэнд боловсролын хуулийг багцаар нь өөрчилж буй анхны тохиолдол болсон.
Хичээл эхлээд удаагүй ч ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичгийн хүрэлцээний асуудал хөндөгддөг хэвээр.
Монгол улсын засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 98 дугаар тогтоолыг гаргаж байв.
Уг тогтоолын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-ны сайдын 2019 оны А/302 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ыг баталсан байдаг.
Сурах бичиг төлбөртэй ашигласны төлбөрийг 2019 оноос эхлэн яамны “Эргэлтийн сан”-ийн дансанд төвлөрүүлэн 6-12 дугаар ангийн сурах бичгийн эх бэлтгэл, хэвлэн нийлүүлэлтэд зарцуулдаг.
ЕБС-ийн сурах бичгийн хангамж хүрэлцээний нөхцөл байдлын талаар Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-ын ЕБС-ийн сурах бичгийн хангамж, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Оюунбатаас тодруулга авлаа.
Тэрбээр "Есдүгээр сарын 4-8-ны хооронд нэгдүгээр ангийн сурах бичиг хүргэгдсэн. 2019 оноос хойш хэвлэгдэж буй сурах бичгээр жил бүр нөхөн хангалт хийгээд явдаг. Сурагчдад түрээсэлсэн сурах бичгийн мөнгөө эргүүлээд эргэлтийн санд оруулан сүүлийн хоёр жилийн хугацаанд дараагийн хэвлэлтдээ ашиглаад явж байгаа.
Энэ жилийн тухайд эргэлтийн сангийн 2.5 тэрбум төгрөгөөр дунд, ахлах ангийн 52,400 багц сурах бичиг буюу 52,400 хүүхдэд хэрэглэх ном хэвлэсэн.
Улсын төсөв болон түрээсийн эргэлтийн сангаар сурах бичгүүд хэвлэгддэг. Эргэлтийн сангийн мөнгөөр түрээсийн сурах бичиг, улсын төсвөөр бага ангийн болон зорилтот бүлгийн сурах бичгийг хэвлэдэг. Зорилтот бүлгийн хүүхдүүдийн 40 хувийг сурах бичгээр хангана гэсэн 2019 оны тогтоол байдаг.
Гэтэл сүүлийн дөрвөн жилийн улсын төсвийн санхүүжилт нь зорилтот бүлгийн 40 хувийг нь ч хангаж чадахгүй байна. Зөвхөн бага ангийн сурах бичгийг дөнгөн данган хэвлэж байна.
Сангийн яамнаас хуваарилсан 2.5 тэрбум төгрөг хэдий өндөр сонсогдож байгаа ч 52,400 хүүхдийн л сурах бичгийг хэвлэж байна. Тэгэхээр ийм өндөр дүнгээр ном хэвлэхэд 50-аад мянгахан л хүүхдийн сурах бичгийг хэвлэж байгаа тул улс 100% сурах бичгээр хангаж дийлэхгүй.
Тиймээс заавал түрээсийн сурах бичиг хэрэглүүлэхгүйгээр иргэдэд худалдаж авах боломжийг шинэ хуулиар нээлттэй болгож өгсөн. Өмнөх жилүүдэд сурах бичиг худалдаалахгүйн зэрэгцээ улсаас бүрэн хангаж чаддаггүй байлаа.
2017 онд тухайн хэвлэлийн компанид сурах бичгийн үнийн дүнг 10-15 хувиар нэмж борлуулах эрхийг олгож байсан. Гэтэл ном дамлах процесс их явагдсан. Тиймээс боловсролын яамнаас сурах бичгийн жишиг үнэ тогтоох болон бусад шийдвэрийн тушаал гарсны дараагаар БЕГ худалдаалах зохицуулалтыг хийнэ.
Ерөнхий гэрээний дагуу БЕГ дөрөвдүгээр сард сурах бичгээ хэвлээд зургаадугаар сард түгээнэ гэж заасны дагуу хийх гэж байтал хэвлэлийн компаниуд гомдол гаргахтай зэрэгцэн гурван жилийн хугацаатай ерөнхий гэрээний хугацаа дууссан. Төрийн худалдан авах ажиллагааны газраас чиглэл өгснөөр нээлттэй тендер зарласан.
Санал өгсөн найман компаниас долоог нь шалгаруулж, наймдугаар сарын 18-нд гэрээгээ хийсэн. Гэрээний дагуу наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 18 хүртэлх хугацаанд сурах бичиг хэвлэгдэнэ.
Өмнөх жилүүдэд хариуцсан хэвлэлийн компани сурах бичгүүдээ зөвхөн тухайн аймаг, дүүргийн боловсролын газарт хүргэж өгдөг байсан тул удаашралтай байсан. Харин энэ жилийн тухайд есдүгээр сарын 18-наас эхлэн улсын хэмжээнд бүх сургуулиудын сурах бичгүүдийг сургууль бүрд нь тээвэрлэн хүргэж өгөхөөр болсон. Тухайлбал, Архангай аймгийн зургаадугаар ангид 18 нэрийн 105 багц буюу 1,890 сурах бичиг хуваарилагдсан" хэмээн мэдээлэл өглөө.
Дүгнэхэд 2023-2024 оны хичээлийн жилд
Харин 2022-2023 оны хичээлийн жилд
Өнгөрөгч долдугаар сард шинээр батлагдсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11.7-д "Сурах бичгийг бага ангийн суралцагчид төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулах бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан бол сурах бичгийг худалдан авч болно" хэмээн тусгаж өгсөн байна.
Дунд, ахлах ангийн суралцагчдыг түрээсийн сурах бичгээр бүрэн хангаж чадахгүй тул шинэ хуулиараа сурах бичиг худалдаалах боломжийг нээж өгсөн байна. БШУЯ-наас сурах бичиг худалдаалах жишиг үнийн тушаал, чиглэл гарснаар сурах бичгийг суралцагчдад хэрхэн худалдаалах зохицуулалтыг БЕГ гаргах юм байна.
БЕГ-аас зохицуулалт хийгдсэнээр түрээсийн сурах бичиг хүрэлцээгүй болон шинэ сурах бичиг авах хүсэлтэй сурагчид хэрхэн хаанаас худалдаж авах нь тодорхой болох аж.
Өнгөрсөн 2022 онд гэрээний дагуу наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын нэгнийг хүртэлх хугацаанд бага ангийн сурах бичиг түгээлт хийгдэх ёстой байсан. Есдүгээр сарын нэгний байдлаар нэгдүгээр ангийн сурах бичгийн түгээлт 92%, 2-5 дугаар ангийн сурах бичгийн түгээлт 84%-тай байжээ.
Харин дунд, ахлах ангийн сурах бичиг хэвлүүлэх гэрээг наймдугаар сарын 15-ны өдөр байгуулж, есдүгээр сарын 15 гэхэд улсын хэмжээнд түгээлтийг хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байсан.
2022 оны есдүгээр сарын 20-ны байдлаар 1-5 дугаар ангийн сурах бичгийн түгээлт 100%, 6-12 дугаар ангийн сурах бичгийн түгээлт 70%-тай байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!