Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Өлзийбат: ₮32 тэрбумаар 24,500 тонн хагас кокс авч түлш үйлдвэрлэн хэсэгчилсэн бүсчлэлд 45 хоног түлэх шийдвэр гарсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023-2024 оны галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан "Тавантолгой түлш" ХХК-аас түлш борлуулалтын цэгүүдийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Хэвлэлийн хурлын үеэр хагас кокс түлшний талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэ жил Тавантолгой түлш компанийн Баруун үйлдвэрт дөрөв, Төвийн үйлдвэрт хоёр, Зүүн үйлдвэрт долоо, нийт 13 шугам ажиллах юм. Галлагааны үед 120 мянган тонн түлш үйлдвэрлэж нөөц бүрдүүлэх төлөвлөгөө ажилттай биелсэн.

Манай үйлдвэр хоногт 2,500-3,500 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид энэ онд 539,628 тонн түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Улаанбаатар хот гэр хорооллын 200 мянга гаруй айл өрхтэй. 

Энэ жил 45 хоногийн хугацаанд есөн дүүргийн хэмжээнд хагас кокс түлшийг түлэх гэж байснаа больсон. Харин 32 тэрбум төгрөгөөр 24,500 тонн хагас кокс авч түлш үйлдвэрлэнэ. Түүнийгээ тодорхой хэсэгчилсэн бүсчлэлд түлэх шийдвэр гарсан. 

Хагас коксын ТЭЗҮ ерөнхийдөө бэлэн болсон. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны зөвлөлд ТЭЗҮ-ийг хэлэлцэж байгаа. Энэ оны аравдугаар сард батлагдах байх. 

Хагас коксожсон үйлдвэр нь Багануурын нүүрсний уурхайг түшиглэж баригдана. Жилд 1.2 сая тонн нүүрсийг хагас коксжуулж 600-650 мянган тонн хагас кокс гаргаж авна. 

Хагас коксыг хэрэглэж эхэлснээр дэгдэмхий бодис 52 хувиар, хүхэр 57 хувиар, үнслэгийн хэмжээ 37 хувиар, тоосонцрын хэмжээ 70, хувиар, хүхэрлэгийн 85 хувиар, угаарын хий 11 хувиар, азотын исэл 23.5 хувиар буурах лабораторийн дүн шинжилгээ гарсан. Айл өрхүүдийн хэрэглэж буй зууханд хагас коксожсон түлшийг хэрэглэж болно" хэмээн ярилаа.