Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ган-Очир: Төсвийн том тэлэлт төлбөрийн тэнцэлд дарамт учруулахаар байна

ikon.mn
2023 оны 9 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар ярилцлаа.

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барихаас өмнө олон нийтээр хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр эдийн засагч, судлаачдаас олон санал гаргаж байсан. Монголбанк 2024 оныг ямархуу байдлаар төсөөлж байгаа вэ?

-2023 онд эдийн засаг нэлээд сэргэлттэй буюу эхний хагас жилд 6.4 хувийн өсөлттэй гарсан. Энэхүү эрчээ энэ онд хадгалах боломжтой гэж харж байгаа. Гол нь гадаадын шууд хөрөнгө оруулалт өндөр, нүүрсний экспорт сайн байна. Энэ төлөв ч он дуустал хадгалагдахаар байна. Тэгэхээр Монголбанкны сүүлд гаргасан төсөөллөөр энэ оны эдийн засгийн өсөлт 5.6-6 хувь байх бололцоотой байна. Ирэх оны хувьд өсөлтийн тренд, инерц үргэлжилнэ. Гэхдээ энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь цаашид олон салбарыг хамрах эсэх, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх, түүхий эдийн зах зээл дээр яаж нөлөөлөх вэ зэрэг гадаад хүчин зүйлсээс ихээхэн хамаарахаар байна.

Энэ агуулгаараа бид бүхэн Төв банк гэдэг үүднээс бодлогууддаа аль болох консерватив хандаж, зарим гадаад параметрүүдийг харьцангуй даруухан авч үзэж байгаа. Энэ утгаараа өсөлт бол үргэлжилнэ, мөн 5.3 хувийн өсөлттэй байх бололцоотой байна. Инфляцын хувьд одоо 10 хувь гэж байгаа боловч ирэх улирлуудад алгуур буураад, ирэх оны эцэст 6+/-2 интервалын зорилт руугаа орж ирэх бололцоотой гэж харж байгаа. Энэ агуулгаар ирэх оны төсөөллийг харж, үндсэн чиглэлийнхээ төсөлд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ тусгасан байгаа.

-Монголбанкны хувьд 2023 онд инфляцыг 8.5 хувьтай байх төсөөлөлтэй байсан ч төсвийн тодотголтой холбоотойгоор 2 нэгж хувиар нэмэгдүүлсэн гэж байсан. Оны сүүлийн улиралд инфляцын төсөөлөл дээр дахиад нэмэлт ачааллыг хэрхэн харж байна вэ. Дээрх тооцоолол ямархуу байдлаар өөрчлөгдөх бол?

-Бидний есдүгээр сард гаргаж байгаа эцсийн тоогоор инфляц энэ оны эцэст 9.3 хувьтай буюу төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогыг өнгөрсөн онд батлахад өгсөн зорилт болох 1 оронтой тоо руу орох бололцоотой гэж харж байгаа. Өнгөрсөн долдугаар сарын инфляц 9.2 хувь байснаа наймдугаар сард 10 хувь болж байгаа нь өнгөрсөн оны суурь үеийн нөлөө гэж ойлгож болно. Манай хэрэглээний сагсан дотор 410 бүлгийн бараа, бүтээгдэхүүн байгаа. Энэхүү сагсаа авч үзвэл ерөнхийдөө талаас илүү хувийн бараа, бүтээгдэхүүн нь 8-аас бага хувийн өсөлттэй байгаа. Тэгэхээр ирэх саруудад одоогийн инфляц буураад оны эцэст 9.3 хувийн өсөлттэй гарах бололцоотой.

-Өөрөөр хэлбэл, ирэх аравдугаар сард нэмэгдэх төрийн албан хаагчдын цалинг нэмэгдсэн байдлаар нь тооцсоны дараах инфляцын тооцоолол гэсэн үг үү?

-Тийм, төсвийн тодотголтой холбоотой гарч ирж байгаа бүх зарцуулалт эдийн засагт гараад, туссаны дараах төсөөлөл нь ийм байх бололцоотой гэж харж байна.

-Есдүгээр сард мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал болно. Энэ улирлын хурал нь эдийн засгийн нөхцөл байдалтай яаж уялдах бол, бодлогын хүүг бууруулах орон зай гарах болов уу эсвэл хэвээр үлдээх үү?

-Мөнгөний бодлогын хорооны гишүүдийн олонхын саналаар эцсийн шийдвэр гардаг. Тэгэхээр тэр 6 гишүүнд мэдээллүүд ямар байдлаар очиж байна, тэр хүмүүсийн өөрсдийн хийж байгаа дүн шинжилгээгээр эцсийн шийдвэр гарна. Монголбанк талаасаа шаардлагатай танилцуулга, мэдээлэл, төсөөллүүдийг зөвлөлд оруулдаг. Шаардлагатай асуулт, хариулт байдлаар хэлэлцүүлэг өрнөдөг. Энэ дээр үндэслээд гишүүд өөрсдийн итгэл, үнэмшлээрээ саналаа өгөх замаар эцсийн шийдвэр гардаг гэсэн үг. Монголбанкны мөнгөний бодлогын хороонд оруулж, хэлэлцүүлдэг санал нь өнөөдрийн инфляцыг тусгадаггүй. Аль болох дунд хугацааны зорилт болох 6+/-2 хувийн инфляцад хүрэхэд өнөөдрийн бодлогын орчин хэр нийцтэй байна вэ, ирээдүйд төлбөрийн тэнцэл дээр ямар дарамтууд орж ирэх, энэ нь валютын нөөц, түүгээр дамжаад ханшид хэрхэн нөлөөлөх вэ гэх зэрэг үр дагаврыг нь тооцсоноор саналаа оруулдаг.

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн нөлөөлөл тодорхой хугацааны дараа гардаг учраас өнөөдрийн шийдвэр ирээдүйд бидний зорилт руу тогтвортойгоор хөтлөх байдлаар саналаа боловсруулдаг.

Энэ үүднээс үзэхэд эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр, инфляц ерөнхийдөө буурах хандлагатай байна.

Гэхдээ тодорхой бус эрсдэлүүд байна. Дэлхий нийтээрээ хүнсний барааны үнэ ган, үерээс болоод өсөж эхэлж байна. Газрын тосны үнэ Саудын Араб, ОХУ нийлүүлэлтээ хумьсантай холбоотойгоор өсөж байгаа. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт саарч эхэллээ. Тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн салбарт доргионууд хэвээр байна. Тэнд байгаа компаниуд өр төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй боллоо. Энэ маягаар асуудлууд цаашдаа үргэлжлэхээр байгаа.

Цаашдаа манай нүүрсний экспорт энэ жилийнх шиг өндөр байхгүй байх гэсэн болгоомжлол бий. Эдгээр хүчин зүйл инфляцын цаашдын төлөв, төлбөрийн тэнцэл, өсөлтийн төлөвт нөлөөлөх учраас Монголбанк харьцангуй консерватив бодлого барих шаардлага үүсэж байгаа. Тэр дундаа таны өмнө хэлсэнчлэн төсөв тодотголоороо нэлээд өсөөд орж ирсэн. 2024 оны төсөв нь Монголбанк дээр авч байгаа төсвийн зардлын тооцоолол дээр 23 их наяд буюу өнгөрсөн оны хавар баталсан дунд хүрээний мэдэгдлийн тоогоор авчихсан байгаа. 23 их наядаар илүү өндөр гарч ирэх тохиолдолд дахиад инфляц руугаа болон импортоор дамжин төлбөрийн тэнцэл дээр дарамт болон орж ирэхээр байгаа. Тэгэхээр энэ бүх параметр, тодорхой бус байдлууд байгаа тохиолдолд Монголбанк мөнгөний бодлогын төлөвийг хэт яарч өөрчлөхгүй байх гэдэг урьдчилсан төсөөлөл мэргэжилтнүүдийн түвшинд бий. Мөнгөний бодлогын хорооны үеэр төсвийн тоо ямар болох вэ, тэр үед мөнгөний бодлогын хорооны хурал дээр илүү нарийвчлан яриад шийдвэр нь гарах байх.

-Төлбөрийн тэнцлийн талаар яръя гэж бодож байна. Оны эхний долоон сарын статистик үзүүлэлтийг аваад үзвэл төлбөрийн тэнцэл 452 сая ам.долларын ашигтай гарсан. Сүүлийн гурван жилийн трендийг харвал ашигтай биш, дандаа алдагдалтай явж байсан. Энэ жил нүүрсний экспорт гол нөлөөг үзүүлж байгаа гэсэн байна. Тэгэхээр ойрын хугацаанд төлбөрийн тэнцэл дээр гарч болзошгүй эрсдэлийг та юу гэж харж байна вэ?

-Манай төлбөрийн тэнцэл дээр хэд хэдэн гол бүлэг байгаа. Хамгийн гол нь экспортын бүлэг. Энэ жил экспорт өнгөрсөн оны мөн үеэс 80 хувийн өсөлт давчихсан явж байна. Энэ жилийн хувьд гадаад худалдаа, урсгал дансны ашгийг бий болгож, мөн төлбөрийн тэнцэл ашигтай гарахад шууд нөлөөлж байгаа. Тэгэхээр төлбөрийн тэнцлийн ашигт хамгийн гол хүчин зүйл бол экспортын орлогын том өсөлт юм. Экспорт дотроо энэ оны эхний хагаст манай гаргадаг түүхий эдүүдийн үнэ өндөр явж байсан, хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ нэлээд бууралттай орж ирж байна. Биет хэмжээний хувьд нүүрсний экспортын биет хэмжээ маш том өсөлттэй, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор Оюутолгойн үйлдвэрлэл, түүнийгээ дагаад экспортын хэмжээ өсчихсөн байгаа. Энэхүү хүчин зүйлүүд экспорт талдаа маш том эерэг нөлөө үзүүлж байгаа.

Хоёрдугаарт, импорт нь экспортыгоо бодвол харьцангуй даруухан, бага өсөлттэй буюу 8-9 хувийн өсөлттэй явж байна. Дотор нь авч үзвэл, уул уурхайг даган гардаг машин, тээврийн сэлбэгүүдтэй холбоотой импорт харьцангуй өндөр хэвээрээ, олборлолттой холбоотойгоор шатахуун, дизель их хэрэглэдэг нь хэвээрээ боловч нөгөө талдаа хэрэглээний импортод харьцангуй агшилт гарч ирж байна. Энэ нь эдийн засгийн агуулгаараа ханш суларсан, ханшийн сулрал хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын үнийг дотооддоо тодорхой хэмжээнд өсгөж байгаа нь эрэлтийг бууруулах талын нөлөөлөл дээр биет хэмжээний хувьд нөлөөлж байна. Мөн дээрээс нь өнгөрсөн онтой харьцуулахад дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ бусад глобал инфляц буурч байгаа нь импортын барааны үнийг буулгаж байгаа чиглэл даруухан байгаа.

Гурав дахь сайн мэдээ нь энэ оны хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт Оюутолгой дээр орж ирлээ. Хэдийгээр далд уурхайн бүтээн байгуулалт бий болсон ч энэ жил харьцангуй өндөр хэвээрээ орж ирж байгаа. Мөн дээрээс нь банк санхүүгийн байгууллагууд, Азийн хөгжлийн банк, Жайка, EBRD-гаас манай дотоодын банк санхүүгийн байгууллагуудад тус бүрийн дэмжлэг, бусад төсөлд орж ирж байгаа хөрөнгө оруулалтууд энэ жил харьцангуй өндөр байгаа. Энэ бүгдийн нийлбэр дүнгээр энэ жил төлбөрийн тэнцэл нэлээд ашигтай байна, мөн ашиг нь энэ ондоо хадгалагдах байх хэмээн хүлээж байна. Бид 400-450 сая ам.долларын ашигтай төлбөрийн тэнцэл энэ онд гарах боломжтой гэж харж байгаа.

Ирэх оны хувьд нөхцөл байдал тодорхой бус байна. Үүнд өмнө нь дурдсан түүхий эдүүдийн үнэ дэлхийд буурах тренд рүү гээ орж ирж байна. Ялангуяа нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр маш хурдтайгаар буурч байна. Энэ нь манай дундаж нүүрсний гэрээний үнэ дээр мөн адил нөлөөллүүд нь орж ирж байна. Хоёрт, мэдээж хэрэг биет хэмжээний асуудал.

Бид бүхэн энэ жил 50 сая тонн нүүрс баталгаатай гаргах нь тодорхой болчихлоо, эхний найман сард 42 сая тонн байна.

Магадгүй 50-55 сая тонн байх ч бололцоо бий. Гэтэл ирэх жил энэ хэвээр байх уу гэдэг нь тодорхой бус, болгоомжлол байна. Монголбанк одоогоор 40 сая тонн баталгаатай байх гэдгийг тооцоололдоо аваад явж байна. Энэхүү бууралт нь экспортын орлого дээр энэ оных шиг өндөр байхгүй байх нөхцөл байдлыг мөн бий болгож байна.

Импортын хувьд дэлхийн зах зээл дээр мэдээж хэрэг хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Улс орнууд үүнээс хамгаалаад дотоод хэрэгцээгээ хангахын тулд гадагшаа гаргадаг хүнсний экспортод томоохон татвар тавьж байна. Энэ нь мэдээж хүнсний глобалаар дамжаад Монголын импортын төлбөрүүдийг өсгөнө. Шатахууны үнэ мөн адил. Хэрвээ Орос, Саудын Араб энэ хэлбэрээр нийлүүлэлтээ хумиад байвал үнийн өсөлт манай дээр, ялангуяа Оростой тогтмол гэрээ байгуулсан АИ-92 бензин тогтмол үнэтэй байгаа гэдэг утгаараа инфляцын дарамт гайгүй боловч импортын төлбөрүүд дээр дизель болон бусад шатахуунаар дамжаад орж ирэх эрсдэл нь хэвээрээ байна.

Гурав дахь гол хүчин зүйл бол гадаадын шууд хөрөнгө оруулалт. Оюутолгойн далд бүтээн байгуулалт ирэх онд дуусахтай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт нэлээд таналт, хумилт орж ирэхээр хүлээгдэж байгаа. Эдгээрийн дунд төлбөрийн тэнцэл дээр тодорхой хэмжээний дарамт орж ирэх гэж байгаа учраас төсөв тал дээрээ, мөнгөний бодлого тал дээрээ тодорхой тохируулгуудыг хийж импортын бүтээгдэхүүний болон төлбөрийн тэлэлтийг аль болох хумихгүй тохиолдолд буцаагаад төлбөрийн тэнцэл алдагдалтай байдаг төлөв рүү гээ эргээд орох болгоомжлол бий. Тэр утгаараа бодлогын тохиргоонуудыг эртнээс хийх, чанга байгаа төлөв дээр шаардлагатай бол тодорхой хугацаанд хадгалах шаардлага байгаа гэдэг төсөөлөл хийгээд, бодлогын саналуудаа уламжилж байгаа.

-2023 онд бондын төлбөрүүд нэлээд хийгдлээ. Харин 2024 онд бондын төлбөр хийгдэхгүй. Гэхдээ төсөв тал дээр 23 их наядын тэлэлттэй, энэ оны хувьд бараг 12 хувиар тэлэх тооцоотой байна. 2024 онд сонгуулийн жил. Мөнгөний бодлогын үндсэн чиглэл боловсруулж байгаатай зэрэгцэн 2024 оны төсвийг ч өргөн барина. Тэгэхээр энэ дээр тодорхой ямар санал хэлэх вэ. Засгийн газарт зөвлөмж байгаа юу?

-Бондын төлбөрийн хувьд Засгийн газрынх байхгүй боловч энэ оны 10 сард Хөгжлийн банкны үлдэгдэл төлбөрүүдийн бондын асуудал байна. 2024 онд Засгийн газар талдаа байхгүй боловч хувийн хэвшил талдаа байгаа. “Энержи Ресурс” компанийн гаргасан бондын хугацаа дуусаж байна, Монголын ипотекийн корпорацын гаргасан бондын хугацаа ирэх оны хавар дуусаж байна. Тэгэхээр хувийн секторуудыг дахин санхүүжүүлэх, гадаадын эх үүсвэрийг бүрдүүлэх сорилтууд хувийн сектор талдаа байгаа гэдгийг онцолъё. Энэ утгаараа төлбөрийн тэнцэл дээр бид бүхэн болгоомжтой хандахгүй бол болохгүй.

Ийм үед төсвийн бодлого 23 их наяд гэдэг нь хангалттай том өсөлт. Жишээ нь, ДНБ-д эзлэх хувиараа 30 хувийг давчихсан өндөр өсөлт байгаа. Гэтэл 2019 онд 30 хувиасаа бага байсан жишээтэй. Төв банк өнгөрсөн жил ч хэлж байсан, энэ жилийн бодлогын зөвлөмж ч мөн адил төсвийн том тэлэлт бол төлбөрийн тэнцэл дээр дарамттай байхаар байгаа тул энэ жил аль болох даруухан байх шаардлага байна. Болдог бол ДНБ-д эзлэх хувийнхаа хэмжээг 2019 оны түвшин хүртэл бууруулж байж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцын болон бусад зорилтыг хангахад нийцтэй байхаар байна. Энэ утгаараа ядаж 23 их наядаасаа давахгүй байх нь бодлогын зорилтод нийцтэй байх сонголт болно.

 

Эх сурвалж: BloombergTvMongolia