ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Владивосток хотод болох Дорнын Эдийн Засгийн Чуулганд Монгол улс оролцохыг Оросын тал батлав

Т.Давааням, ikon.mn
2023 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын засгийн газраас зохион байгуулдаг Дорнын Эдийн Засгийн Чуулган есдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд найм дахь удаагаа Владивосток хотод зохион байгуулагдах гэж байна.

Энэ арга хэмжээнд төлөөлөгчөө оролцуулах гадаад улс орнуудын нэрсийг Приморскийн хязгаарын засаг захиргааны төлөөлөгч өчигдөр зарлажээ.

“Бид БНХАУ, Лаос, Мьянмар, Вьетнам, Филиппин зэрэг улсын хүндэт зочдыг хүлээн авах болно. Беларусь, Казахстан, Монгол, Сингапур улсууд бас төлөөлөгчдөө илгээхээр болсон” гэж Приморскийн хязгаарын төлөөлөгч Вера Щербина мэдээлснийг ТАСС агентлаг өчигдөр дамжуулсан байна.

Мөн БНАСАУ-ын төлөөлөгчид оролцох төлөвтэй байгааг тэр бас дурджээ.

Энэ жилийн чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах гадаад орнуудын хамгийн өндөр албан тушаалтнууд нь Лаос улсын дэд ерөнхийлөгч Пани Ятхоту, БНХАУ-ын ерөнхий сайдын орлогч Зань Гуочин байх гэнэ.

Мьянмарын цэргийн дэглэмийн төлөөлөгчдийг ерөнхий сайдын орлогч нь тэргүүлэх бол бусад улсуудыг ОХУ-д суугаа элчин сайд нар нь төлөөлөх юм байна.

Харин Вьетнам, БНАСАУ-аас ямар түвшний төлөөлөгч оролцох талаар Щербина дурдалгүй өнгөрчээ.

2022 оны Владивостокын чуулганд Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян, Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон нь гадаадын хамгийн өндөр албан тушаалтнууд байсан юм.

Энэ жилийн чуулган “Хамтын ажиллагаа, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө” уриан дор зохион байгуулагдах юм байна.

 

Эх сурвалж: The Moscow Times