Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов.
Тэрбээр "МУИС бол дээд боловсролын ууган байгууллага. Оюуны их ундарга болсон ууган байгууллагын 81 дэх хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье. 81 жилийн түүхэндээ 100 гаруй мянган боловсон хүчин бэлтгэж Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Дээд боловсролын хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан судалгааны их сургуультай болох зорилт тавьсан. 1,000 инженер төсийн хүрээнд лабораторийн чухал тоног төхөөрөмжөөр дэмжиж, хувь нэмэр оруулсан Жайка олон улсын байгууллагад талархаж байна" хэмээн үг хэллээ.
Боловсролын ерөнхий хууль багцаараа шинэчлэгдэн эрх зүйн шинэ орчинд 2023-2024 оны хичээлийн жил эхэлж буйгаараа онцлог болж байна.
Боловсролын багц хуулиар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, дээд боловсролын тухай хуулиудыг шинэчлэн найруулсан.
Дээд боловсролын тухай хуулийн 7.8-д "Судалгааны их сургуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулна" хэмээн зааж өгсөн байна.
Тус хуулийн 4.1.4-т "судалгааны их сургууль" гэж судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг, бакалавр болон ахисан түвшний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг дээд боловсролын сургалтын байгууллагыг" гэж тодорхойлж өгчээ.
Их сургуулийг үйл ажиллагааны хүрээ, сургалт, судалгааны чиглэл, сургалтын хөтөлбөр, суралцагч, төгсөгчийн тоо, холбогдох бусад үзүүлэлтэд үндэслэн судалгааны, сургалтын, мэргэжлийн гэж ангилдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|