ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амарбаясгалан: “Aqua garden”-ы барилгын ажил үргэлжилж байгаа. Бид хууль зөрчөөгүй, нураах захирамж ирээгүй

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 8 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст орсон “Aqua garden” хорооллын хоёр блок, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болоод буй. 

Иймд “Aqua garden” хороололтой холбоотой баримтуудыг “Эм Энд ЖИ констракшн” компанийн захирал А.Амарбаясгалан танилцуулж, мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Хотын Засаг дарга хоёр барилга нураана гэдэг асуудал ярьж байгаа. Хууль зөрчсөн эсэх талаар баримттайгаар тодорхой яръя.

Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний алтан өргөө" орон сууцны цогцолборын ажлыг эхлүүлээч гэх саналыг 2007 онд манай компанид тавьсан. 2007 оноос хойш дуудлага худалдаагаар 207 сая төгрөг төлж авсан. Дүүргийн иргэдийн төлөөлөгчид хуралдаад "Эм Энд ЖИ констракшн” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Улмаар НИТХ хуралдаад "Эм Энд ЖИ констракшн” компани Засгийн газрын 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон сууцны зориулалтаар газар олгоорой гэх шийдвэр гарсан. Үүний үндсэн анхны захирамж Нийслэлийн Засаг дарга асан Т.Билэгт гэдэг хүний гарын үсэгтэйгээр 2008 онд олгосон. Ийнхүү усан паркийн зориулалтаар газар аваад орон сууц барьж байгаа гэдэг асуудал богт биш гэдгийг баримтаар нотолж байна. 

2008 онд газар аваад ажил эхлэхэд бэлэн болчихсон байхад газрын гэрчилгээг 2011 онд шууд цуцалчихсан. Хууль бус үйл ажиллагааг гурван шатны шүүхэд хандсан. 2012 онд эцсийн шүүхийн шийдвэр гарсан. 2012 онд Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл шүүхийн шийдвэрийг биелүүлж орон сууцны зориулалтаар гаргаж өгөхгүйгээр жил зургаан сар гацаасан. Бат-Үүлийн үед очиж уулзахгүй болохоор орон сууцны барилгын зориулалт нь шууд ногоон байгууламж болоод гараад ирсэн.

Би 2022 он хүртэл тасралтгүй явсан. Дунд нь маш олон удаа зөвшөөрөлгүй ажлуудыг хийсэн. Тухайлбал зөвшөөрөлгүйгээр нүхэн гарцны зам тавьсан. Тэгээд төлөвлөлт өөрчлөгдсөн. Дараа нь нийтийн эрх ашгийн төлөө түр зам тавих хүсэлт ирүүлэхэд бид зөвшөөрөөд тавиулсан. Ингэж явсаар 2022 онд усан парк спорт цогцолборын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан. Тус оны есдүгээр сард нь чоно борооноор гэгчээр түр орлон гүйцэтгэгчээр Ж.Батбаясгалан томилогдонгуутаа газрыг цуцалсан. Цуцалсан талаараа бидэнд мэдэгдээгүй, тайлбарлаагүй. Тэгээд захиргааны шүүхэд хандаад ялсан. 

Шүүхээс Усны тухай хуулийн 22.4-т онцгой дэглэм тогтоох эсэхийг БОАЖ болон БХБ-ын сайд шийднэ гээд биччихсэн бий. Үүний дагуу хоёр сайдын хамтарсан тушаал гарч, үерийн далан байгаа бол онцгой дэглэм тогтоохгүй гэсэн. Энэ журам өнөөдөр мөрдөгдөж байгаа юм. Манайхаас бусад бүх үерийн далантай газрууд барилга бариад болоод байна. Гол хоёр эрэгтэй байдаг. Яагаад голын хойд эрэг дээр журам үйлчлээд, урд талд нь тэгвэл үйлчлээд байгаа юм бэ.

Мөн нийгэмд гарсан "Авлигал хороолол" гэдэг нэрийг Шилэн Цогоо гэх хүн өгсөн. Бид удахгүй тэр хүнийг цагдаад өгнө. Гэрийн хаягийг нь мэдэхгүй байгаа тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаад өгнө.

Дунд голын үерт манай компани ямар нөлөө үзүүлсэн юм бэ. S Outlet-г шахаж бариад, усны урсцыг боогоод чөлөөтэй урсаж чадахгүй ус сэтэрсэн биз дээ. Тэгээд бүхэлдээ халиад нүхэн гарцаар гараад манай урд гарч ирсэн. Цаашлаад голыг шахаж барьсан Шунхлайн ШТС-аас болсон. Нийслэл өөрсдийнхөө алдааг бидэн рүү чихэж байна. Ойлгомжтой байхад үер ус, гамшиг танайхаас болсон нураана гээд муйхраар зүтгэж болохгүй. 

"Манайд дулаан өгөхгүй гэнэ. Анхнаасаа өөрсдөө болно гэж зөвшөөрөл өгчхөөд одоо болохоор дээрээс чиглэл ирсэн болохгүй гэх юм"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Одоо барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Хууль зөрчөөгүй байж яагаад барилгын ажлаа зогсоох ёстой вэ. 500 айл мөнгөө төлөөд захиалгаа өгчихсөн. Энэ хүмүүсийн 40 тэрбум төгрөг барилгын ажилд хөрөнгө оруулалт болоод орчихсон байхад бид ажлаа яагаад зогсоох юм. Шалгалтын үйл ажиллагаа дуустал барилгын ажлыг зогсооно гэсэн. Тэр шалгалт нь ч явагдаагүй. Мөн Хотын даргын нураах захирамж гарсан гэсэн. Ийм захирамж байгаа бол би хармаар байна. Надад ирээгүй. 

Хэвлэлд хандаж буй гол зүйлээ хэлье. Манайд дулаан өгөхгүй гэнэ. Анхнаасаа өөрсдөө болно бүтнэ гэж зөвшөөрөл өгчхөөд одоо болохоор дээрээс чиглэл ирсэн болохгүй гэх юм. Чиглэлээр ажилладаг улс болчихсон юм уу. Энэ жинхэнэ авлига биз дээ. 

Бид өнөөдөр 25 тэрбум төгрөгийн банкны зээлтэй. Сар болгон 450 сая төгрөгийн зээл төлж яваа. Үүний ард захиалагч нар бий. Бидний ард 600 хүний гэр орон, маш олон хүний хөдөлмөр, 2,000 хүний эрх ашиг бий. Бидэнтэй тохирох гээд ирвэл бид шийдэж чадахгүй шүү дээ, тэр олон хүнийг манайх төлөөлж чадахгүй шүү дээ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
74
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
БУРУУ
6
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
88 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг