2015 оноос хойш 20 гаруй компани IPO хийж, нээлттэй хувьцаат компани болжээ. Гэвч IPO-н үед PR маркетинг-д хууртаж, хөрөнгө оруулалт хийхэд хамгийн чухал үзүүлэлт болох “үнэлгээ”-г бид орхигдуулдаг.
Зах зээл тэнэг биш. Өндөр үнэлгээтэй хувьцааг урт хугацаанд бодит ханш руу нь хөтөлж байдаг. Тиймээс өндөр үнэлгээтэй бол унах нь ойлгомжтой гэсэн үг. Унасных нь араас харин уйлаан, майлаан эхэлдэг. Өвдөхдөө эмч дээр очдог шиг хөрөнгө оруулахдаа ч мэргэжлийн санхүүч дээр л очих ёстой юм.
Тэгвэл хэрхэн хямд үнэлгээтэй хувьцааг таних вэ?
Дийлэнх ирээдүйд олох мөнгөн урсгалыг өнөөдрийн үнэ цэнд шилжүүлэх замаар үнэлдэг.
Энэ үнэлгээ их өрөөсгөл. Гэвч хамгийн их ашиглагдана. Ирээдүйн мөнгөн урсгалыг тооцоход зах зээлийн потенциал, үйл ажиллагааны онцлог, менежментийн ур чадвар зэрэг нөлөөлдөг.
Ирээдүйн мөнгөн урсгалыг өнөөдөр лүү шилжүүлэхэд хэдэн хувиар хямдруулсан бэ гэдэг чухал. “IPO” компани ирэх 5 жилд жилд бүр 100 сая төгрөгийн мөнгөн урсгалтай ажиллалаа гээд 500 сая төгрөгөөр компанийг үнэлж, хувьцааг худалдан авах нь буруу.
Учир нь ирээдүйд олох 100 сая төгрөг өнөөдрийн 100 сая төгрөгтэй тэнцүү биш. Иймд бид хөрөнгө оруулалтаас шаардаж буй хамгийн бага өгөөжийн түвшнээр мөнгөн урсгалыг хямдруулах ёстой.
Түүхэн хугацаанд IPO хийсэн компаниудын хямдруулалтын хүү дунджаар 20.2% байжээ. Энэ хувь өндөр байх тусам багаар үнэлэгдэх буюу хувьцаа хямд авч байна гэсэн үг.
Компанийн өөрийн хөрөнгө болон ашгийг бусад компанитай харьцуулах замаар хямд үнэлгээтэй хувьцааг хялбар, хурдан тодорхойлох боломжтой.
Бизнес бүр харилцан адилгүй ч бид энгийнээр компаниудыг жишиж, үнэлгээг харах боломжтой. Нэгт, компанийн бизнесийн үнэлгээ/ зах зээлийн үнэлгээг өөрийн хөрөнгөтэй харьцуулах замаар хувьцааг тодорхойлох боломжтой.
P/B = Хувьцааны ханш/Дансны үнэ
2015 оноос хойш IPO гаргасан компаниудын олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсний дараах P/B дунджаар 1.7 байжээ. Өнөөдөр Монголын бирж дээрх 1-р ангиллын компаниуд ч мөн ижил түвшинд үнэлэгдэж байна. 2021 онд зах зээл ид хөөсөрч байх үед энэхүү үзүүлэлт 2.5 байсан юм.
Мэдээж аливаа компани ашигтай ажиллах ёстой. Хэрэв компани алдагдалтай ажиллаад байвал тун удахгүй хаалгаа барих нь ойлгомжтой. Иймд та тухайн компанийн ашгийг хэдэн төгрөгөөр худалдаж авч байгааг харах хэрэгтэй.
P/E = Хувьцааны ханш/Нэгж хувьцаанд ногдох ашиг
Түүхэн хугацаанд IPO хийсэн компаниудын олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсний дараах P/E дунджаар 13.7 байжээ. Үүнээс бага байвал та өмнөх IPO-уудтай харьцуулахад хямдаар хувьцааг авч байна гэсэн үг.
Эцэст нь, аливаа бизнест хөрөнгө оруулах гэж буй, хувьцааг нь худалдан авч буй бол хамгийн түрүүнд өөрийн хөрөнгийн өгөөжийг хараарай. Энэ нь компанийн эзэд таны оруулсан хөрөнгө оруулалтаар жилд хэдэн хувийн ашигтай ажиллаж байгааг, хэр үр ашигтай ажиллаж байгааг харуулдаг.
IPO хийсэн компаниуд өнгөрсөн оны байдлаар 8.6* хувийн өөрийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан бол Монголын хөрөнгийн бирж дээрх 1-р ангиллын компаниудынх 14.1 хувь байна.
Мэдээж та бизнест хөрөнгө оруулж буйн хувьд хамгийн багадаа хадгаламжийн хүүгээс өндөр өөрийн хөрөнгийн өгөөжтэй бизнест хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ хувь өндөр байх тусам компани таны хөрөнгө оруулалтаар ашиг бий болгож, таны хөрөнгийг өсгөж байна гэсэн үг.
Тодруулга: хэт хазайлттай хувьцаануудын нөлөөг арилгах зорилгоор медиан утгыг ашиглав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!