Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Рублийн ханшийн уналттай холбогдуулан Оросын төв банк шуурхай хуралдаан зарлажээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Рублийн ханш сүүлийн 17 орчим сарын хугацааны хамгийн доод түвшинд хүрч унасантай холбогдуулан Оросын төв банк өнөөдөр буюу Мягмар гарагт шуурхай хуралдаан зохион байгуулахаар товложээ.

Уг валютын ханш 2023 оны турш тасралтгүй унаж, өчигдөр өглөө сэтгэл зүйн чухал босго болох нэг ам.доллар 100 рубльтэй тэнцэх түвшинд хүрсэн юм.

Экспортын орлого буурч, батлан хамгаалах зардал нэмэгдсээр байгаатай холбоотойгоор рублийн ханш энэ он гарсаар 26 хувиар сулраад байна.

Ингэснээр 2023 оны дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютуудын гуравдугаарт бичигдэж байгаа юм.

Даваа гарагийн өглөө ОХУ-ын төв банк рублийн уналт эдийн засагт эрсдэл учруулах хэмжээнд хүрээгүй гэж мэдэгджээ.

Уналтын шалтгааныг экспортын хэмжээ буурч, импортын хэрэгцээ өссөнтэй холбоотой гэж тайлбарласан байна.

Харин үдээс хойш нь төв банк захирлуудын зөвлөлөө Мягмар гарагийн өглөө хуралдуулахаар болсныг гэнэт зарлажээ.

Энэ хурлаар бодлогын хүүг хэлэлцэх ба гаргасан шийдвэрээ Москвагийн цагаар өглөөний 10:30-д зарлах гэнэ.

2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдан довтолсноос хойш хоёр долоо хоногийн дараа рубль 150 нь нэг ам.доллартай тэнцэх хэмжээнд хүртэл унаж байсан юм.

Үүний дараа төв банк гадагш чиглэсэн мөнгөний урсгалд хатуу хяналт тавьснаар буцаад тогтворжиж байжээ.

Улмаар газрын тос, байгалийн хийн үнэ өссөнтэй холбоотойгоор өнгөрсөн оны зун рублийн ханш сүүлийн долоон жилийн хамгийн дээд түвшиндээ хүрч байв.

Гэвч Өрнөдийн орнуудын тавьсан эдийн засгийн хориг, газрын тосны бүтээгдэхүүний үнийн хязгаарлалтын улмаас Оросын экспорт дахин буурч эхэлжээ.

Энэ оны зургаадугаар сард Евгений Пригожин болон түүний Вагнер Групп зэвсэгт бослого гаргасны дараа Оросын иргэд мөнгөө гадагш гаргах нь нэмэгдэж, рублийн ханшийн уналт улам эрчимжсэн юм.

Гэхдээ Кремлийн албаныхан рублийн ханшийг буцаж сэргэнэ гэдэгт итгэлтэй байна.

“Одоогийн ханш суурь түвшнээсээ нэлээд гажсан ч ойрын ирээдүйд хэвийн болох төлөв харагдаж байна. Рубль хүчтэй байх нь Оросын эдийн засгийн ашиг сонирхолд нийцнэ” гэж ерөнхийлөгч Путиний эдийн засгийн зөвлөх Максим Орешкин өчигдөр ТАСС агентлагт ярьжээ.

Гэхдээ Оросын олон нийт 1998 онд тохиосон шиг санхүүгийн хямрал болохоос болгоомжилж байна.

Тухайлбал Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч Владимир Соловьев өнгөрсөн долоо хоногт телевизээр ярихдаа “Цус урсгасан төв банк рублийн ханш яагаад ийм ихээр унаж, гадаадад манай рублийг дэлхийн хамгийн сул гурван валютын нэг хэмээн шоолж байгааг тайлбарлахгүй байна вэ? Энэ улсад юу болоод байна вэ? Ханш яагаад ийм болов? Эцсийн дүндээ энэ нь өргөн хэрэглээний барааны үнийг өсгөж, сонгуулийн кампанит ажилтай давхцахаар болоод байна” гэсэн юм.

Тэрбээр 2024 оны гуравдугаар сард болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг яриандаа ийнхүү дурдсан байна.

Хэдийгээр Өрнөдийн эдийн засгийн хориг сөргөөр нөлөөлж буй ч Оросын эдийн засаг энэ онд 2.5 хүртэл хувиар өсөх таамгийг Кремлийн эрх баригчид гаргаад байгаа.

 

Эх сурвалж: Associated Press