Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зэрэг нээлтээ хийсэн Warner Bros студийн “Barbie”, Universal студийн “Oppenheimer” кинонууд Умард Америкийн кино театрын зах зээлээс нийтдээ $235 саяын орлого олжээ.
Эсрэг тэсрэг төрлийн энэ хоёр бүтээлийн давхцлыг кино судлаачид “Barbenheimer”-ийн үзэгдэл хэмээн нэрлэж байгаа.
Ягаан өнгийн хувцастай үзэгчдийг театруудад авчирсан “Barbie” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, Канадын зах зээлээс $155 саяыг олсон нь энэ оны хамгийн өндөр ашигтай нээлтийн үзүүлбэр болсон байна.
Харин атомын бөмбөгийг зохион бүтээгчийн намтрыг өгүүлсэн “Oppenheimer” $80.5 саяыг олсон нь чамлахааргүй өндөр үзүүлэлт болжээ. Нээлтийн өдөр хоёр бүтээлийн тасалбарыг нийт 200,000 гаруй хүн худалдаж авсан байна. Тэдгээрийн ихэнх нь хоёр киног дараалан үзэх төлөвтэй байгаа юм.
Ерөнхийдөө өнгөрсөн амралтын өдрүүд нь кино театруудад 2019 оны “Avengers: Endgame” киноны нээлтээс хойших хугацааны хамгийн өндөр орлогыг оруулсан байна.
“Киног том дэлгэцээс үзэх дуртай хүмүүсийн хувьд энэ нь гайхалтай үзэгдэл болж байна. Түүхэнд бичигдэх нээлтийн долоо хоног боллоо” гэж Театрын Эздийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч Майкл О’Лэри мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!