Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Украины арми Москва, Крымд агаараас довтлов

Т.Давааням, ikon.mn
2023 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн үүрээр Москва хотын төв болон Крымийн хойгийн зарим хэсэг Украины агаарын довтолгоонд өртсөн байна.

Тухайлбал Москва хотын төвийн хоёр барилга, Крымийн зэвсгийн агуулах жолоочгүй нисдэг тэрэгний халдлагад өртжээ.

Москвад өгсөн цохилтуудын нэг нь ОХУ-ын батлан хамгаалах яамны ойролцоох барилгад, нөгөө нь Лихачева өргөн чөлөөний бизнес төвд туссан байна.

Цохилтын үеэр хүний амь үрэгдээгүйг Москва хотын захирагч Сергей Собянин мэдээлжээ.

Москвагаас томилогдсон Крымийн захирагч Сергей Аксёнов нийт 11 дроныг Оросын арми устгасан тухай мэдээлсэн байна.

Гэхдээ зэвсгийн агуулах, хувийн орон сууц цохилтод өртсөн гэснээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Ямартай ч агуулахын ойролцоох тосгодоос иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

2014 онд ОХУ-д хүчээр нэгтгэгдсэн Крымийн хойгт сүүлийн өдрүүдэд Украины агаарын довтолгоо эрчимжиж байгаа.

“Болсон явдлыг Украины цэрэг, улс төрийн удирдлага террорист аргаар энгийн иргэдийг айлган сүрдүүлсэн ээлжит үйлдэл гэж бид үзэж байна. ОХУ хариу арга хэмжээ авах эрхтэй” гэж ОХУ-ын гадаад хэргийн яам мэдэгджээ.

Мөн Киевийн эрх баригчдын түрэмгий үйлдлүүдийн цаана Украины нөхцөл байдлыг хурцатгах гэсэн өрнөдийнхний санаархал нуугдаж байгааг анхааруулсан байна.

Өчигдөр Украины боомт Одесса хот дахин Оросын пуужингийн цохилтод өртжээ. Энэ удаа Дунай мөрний ачаа тээврийн дэд бүтцэд цохилт өгсөн байна. Румын, Украин улсуудын нутаг дэвсгэрийг хамардаг Дунай мөрний сав газар нь үр тарианы экспортын чухал зам юм.

ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Хар тэнгисийн замаар үр тариа аюулгүй экспортлох олон улсын гэрээнээс гарсныхаа дараа Одесса хотын боомтод өдөр алгасалгүй довтолж байгаа.

Ням гарагийн агаарын цохилтод Одесса хотын түүхийн чухал дурсгал болсон үнэн алдартны шашны сүм өртөж, сүйрсэн юм.

 

Эх сурвалж: AFP