Улаанбаатар хотод орсон борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт гэр, байшин, орон сууцны хорооллын В1 давхар усанд автсан тухай 80 гаруй дуудлага мэдээлэл ирсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Төвийн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас анхааруулсан.
Иймд:
- Цаг агаарын сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөх,
- Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах,
- Гэр, байшин, хашаа, саравчаа үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татам, өндөр хүчдэлийн ойролцоо барихгүй байх,
- Орон сууцны хорооллын граж, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах,
- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмөөс 200 м-ээс дотогш тоглуулахгүй, ойртуулахгүй байх,
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг НОБГ-аас зөвлөж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!