“Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ” хуульч, сэтгүүлч нарын нэгдлээс УИХ-аар хэлэлцэж буй Газрын тухай хуультай холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж талбай дээр жагслаа.
Өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл “Газрын тухай, Ашигт малтмалын тухай зэрэг олны анхаарал татсан хуулиудыг баяр наадмын үеэр батлах магадлал өндөр байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нараар ахлуулсан ажлын хэсгүүдээс Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийн дор хоёр хуулийн төслийг өргөн бариад байгаа.
Ж.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан таван гишүүний өргөн барьсан хуулийн төслийг өнөөдөр Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (БОХХААБХ)-гоор хэлэлцэх гэж байна.
Д.Тогтохсүрэн нараар ахлуулсан 20 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл БОХХААБХ-гоор зургаадугаар сарын 28-ны өдөр хэлэлцэгдээд их хурлын чуулганд хэлэлцэх нь дэмжигдсэн.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуульд хот айлаараа газар эзэмших боломжтой байгаа. Гэтэл Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан хуулийн төсөлд хот айлаараа эзэмшихийг авч хаяад зөвхөн өвөлжөө, хаваржааны газрыг нь эзэмшүүлэх гэсэн зохицуулалттай болгоод байна.
Мөн хашаалж болно, газар дээрээ хүнсний ногоо тарьж болно зэрэг зохицуулалтаараа уламжлалт мал аж ахуйг үгүйсгэж байна.
Бэлчээрийг хашаалсан тохиолдолд уламжлалт мал аж ахуйн соёл устаж үгүй болно гэсэн хардлага байгаа учраас энэ хуулийн төслөө буцааж тат гэдгийг шаардаж байна" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр судалгаа шинжилгээ дээр суурилсан хуулийн төсөл мөн эсэх талаар “Хууль тогтоомжийн тухай хуулиар 800 хүртэл иргэдийн саналыг авч хууль тогтоомжийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барих ёстой гэсэн ерөнхий зохицуулалттай. Ж.Бат-Эрдэнэ гишүүн өөрийнхөө тойргийн 800 малчны саналыг авсан юм шиг байна.
Гэхдээ Монгол Улсын 280 мянган малчин үүнийг зөвшөөрч байгаа юу?
Малчдыг 1.5 га газар дээр л өвөлжөө, хаваржаагаа байршуул хэмээн хуульчлах гээд байна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!