ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Наран-Учрал: Токио хотод болсон Монголын хөрөнгийн зах зээлийг сурталчлах арга хэмжээнд Японы мэргэжлийн 30 гаруй байгууллага оролцлоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос авав.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь 1995 оноос хойш Монголын хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч, үнэт цаасны компани, хөрөнгө оруулалтын менежментийн компани зэрэг бусад мэргэжлийн байгууллагын эрх ашгийг хамгаалах зорилготой. Санхүүгийн зохицуулах хорооноос “Өөрийгөө зохицуулах байгууллага” гэсэн тусгай зөвшөөрөлтэй бөгөөд салбартаа чухал үүрэг гүйцэтгэж буй байгууллага юм.

Тус холбоо нь дотоодын хөрөнгийн зах зээлийг тэлэх, хөгжүүлэх зорилгоор олон улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Түүний нэг болох Япон улсын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой анх 2016 онд хоёр орны хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, мэргэжлийн оролцогчдыг холбох, тэдгээрийн туршлага, мэдлэгийг харилцан солилцох зорилгоор санамж бичгийг зурж байсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Японы хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн шилдэг байгууллагууд амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Энэ оны дөрөвдүгээр сард шинээр томилогдсон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал тэргүүтэй салбарын төлөөлөл өмнөх санамж бичгийн хамрах хүрээ, хөрөнгийн зах зээл дээр үүсээд буй шинэ харилцааг зохицуулах, хамтран хөгжүүлэх зорилгоор Токио хотод айлчилж санамж бичгээ шинэчилжээ.

Энэ удаагийн санамж бичигт тогтвортой санхүүжилт, дижитал бүтээгдэхүүнийг хоёр орны зах зээлд нэвтрүүлэх, зохицуулалтын орчныг бий болгох, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм байна. Тус санамж бичгийн ач холбогдлын талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учралтай ярилцлаа. 

"Манай салбарын төлөөллүүд Японы хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч нарт өөрийн байгууллагын болон хэрэгжүүлж буй төслүүд, зах зээл дээр гаргасан үнэт цааснуудаа танилцуулсан"

зураг
 
Гэрэл зургийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос авав.

- Танд холбооны удирдах зөвлөлийн даргаар сонгогдсонд баяр хүргэе. Японы үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичгээ шинэчлэх зорилго, ач холбогдол юу байсан бэ? 

2025 онд "Asia Securities Forum"-ийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон.

- Манай хоёр холбоо хамтран ажиллаад багагүй хугацааг өнгөрөөжээ. Өнгөрсөн оны сүүлээр бид Япон улсын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны тавьсан саналын дагуу "Asia Securities Forum"-ийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон.  Энэ форум нь Азийн хөрөнгийн зах зээлийн ирээдүйг тодорхойлдог чухал арга хэмжээ юм. Тус арга хэмжээг зохион байгуулах хариуцлагатай үүргийг манай Холбоонд өгсөн нь бидний хувьд нэр төрийн хэрэг.

Зургаадугаар сарын 23-нд зурсан санамж бичгийн гол зорилго нь Олон улсын санхүүгийн байгууллагуудын чухал зорилт болох 1. Тогтвортой санхүүжилтийг хөрөнгийн зах зээлд амжилттай нэвтрүүлэх, 2. Мэдээллийн системийн дэвшилтэт технологийг хөрөнгийн зах зээлд ашиглах, нэвтрүүлэх гэсэн хоёр чиглэлээр харилцан туршлага солилцож, дэмжлэг үзүүлэх явдал байлаа. Эдгээр зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж чадсан улсуудын нэг нь Япон юм аа. Тиймээс Япон улсаас сурч мэдэх, мэдлэг туршлагаа хуваалцах нь бидний хувьд чухал дэмжлэг гэж харж байгаа.

Энэ санамж бичгийг зурах ажилтай зэрэгцүүлэн Манай Холбооны гишүүн байгууллагуудын төлөөлөл Японы хөрөнгийн бирж болон ижил төстэй шилдэг байгууллагуудын туршлагаас суралцаад ирлээ.

Манай салбарын төлөөллүүд Японы хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч нарт өөрийн байгууллагын болон хэрэгжүүлж буй төслүүд, зах зээл дээр гаргасан үнэт цааснуудаа танилцуулсан. Энэ нь манай хөрөнгийн зах зээл дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах чухал алхам болсон гэж харж байна.

- Энэ санамж бичиг нь Монголын хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ? 

- Манай зах зээл сүүлийн гурван жилд хурдацтай хөгжиж, зах зээл дээрх бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ эрс нэмэгдсэн. Тухайлбал хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хамтын сан, биржээр арилжаалагддаг хамтын сан, сангийн зохицуулалт шинээр үүссэн бол банкны реформ төрийн өмчит компанийг нээлттэй болгох ажлын хүрээнд том дүнтэй бүтээгдэхүүнүүд зах зээл дээр багагүй гарчээ. Энэ өсөлтөд төрөөс баримталж буй бодлого салбарын зохицуулагч байгууллагын зарим шийдвэрүүд чухал нөлөө үзүүлсэн гэж харж байна.

Цаашид энэ өсөлтийг хадгалахын тулд манай зах зээл гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Тиймээс энэхүү арга хэмжээг манай холбооноос зохион байгуулсан бөгөөд цаашид ийм арга хэмжээг тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энд нэг зүйлийг онцгойлон хэлэхэд бидний энэ ажлыг дэмжиж СЗХ-ны үнэт цаасны газрын Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн Монголын хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчны шинэчлэл төрийн бодлогыг танилцуулсан нь японы мэргэжлийн оролцогчдын итгэлийг нэмэгдүүлэх чухал алхам болсон.

Санамж бичгээ эргээд харахад Монголд тогтвортой санхүүжилтийг татах боломжтой төслүүд, эрсдэл багатай бусад үнэт цаасыг японы мэргэжлийн байгууллагуудад танилцуулах сувгийг нээсэн гэж харж байна. Цаашид энэ төрлийн үйл ажиллагааг Японоос гадна бусад улсуудтай хамтран зохион байгуулах болно.

- Токиод болсон санамж бичиг байгуулах уулзалтад хоёр улсын ямар компаниуд оролцсон бэ? 

Монгол талаас: СЗХ, Холбооны төлөөллөөс гадна 20 гаруй салбарын төлөөлөл оролцсон. Үүнээс “Ти ди би секюритис ҮЦК”ХХК, “Инвескор капитал ҮЦК”ХХК, “Голомт капитал ҮЦК” ХХК, Би Ди Сек ҮЦК”ХХК, “Монголын Финтек групп” компаниуд зарим үнэт цаас болон төслийн танилцуулга хийсэн.
Япон талаас: Японы холбоо, jsda, jaika, японы хөрөнгийн бирж зэрэг дэд бүтцийн байгууллагууд, үнэт цаасны компани, даатгал, хөрөнгө оруулалтын банк, хөрөнгө оруулалтын сан зэрэг 30 гаруй байгууллагын төлөөлөл ирсэн. Үүний дотор Японы санхүүгийн топ байгууллага болох Nomura Institute of Capital Markets Research,Mitsubishi Corporation, mitsubishi UFJ Morgan Stanley Securities Co., Ltd, Daiwa institute of Research Ltd зэрэг ирсэн. 

Мөн хоёр орны төлөөллүүд нэрийн хуудас солилцож, хамтран ажиллах тухай ярилцах боломжийг олгосон. Ингэж өргөн бүрэлдэхүүнтэй цуглаж харилцаа тогтоох боломжийг олгосон нь Японы үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны хичээл зүтгэлтэй холбоотой.

Энэ арга хэмжээ амжилттай болох гол үндэс нь Японы талаас арга хэмжээний зохион байгуулалт дээр маш их дэмжлэг үзүүлж ажилласныг заавал дурдах хэрэгтэй.

Бид гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд юунд анхаарах ёстой вэ? 

Төрийн бодлого, зохицуулалтын орчны хувьд бид өмнөх таван жилтэй харьцуулахад шинэ түвшинд гарсан гэж үзэж байна. Харин манай мэргэжлийн, дэд бүтцийн байгууллагууд хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцүүлэн бэлтгэл ажлаа маш өндөр түвшинд бэлтгэх хэрэгтэй. Үүний төлөө манай Холбоо гишүүдтэйгээ хамтран хичээж ажиллаж байгаа.

Хамгийн түрүүнд бид гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн байгууллагуудад зах зээлийн нөхцөл байдал, зохицуулалтын орчныг сурталчлан таниулах нь чухал байна.

Токиод болсон уулзалтад чамлахааргүй оролцогч нар ирсэн нь нэг талаас манай зах зээлийн талаар таньж мэдэх, хүсэл сонирхол Японы мэргэжлийн оролцогчдын дунд байгааг анзаарлаа.

Дараагийн нэг чухал зүйл бол хөрөнгө оруулчихсан харилцагч нарын эрх ашгийг хамгаалах, эрсдэлээ удирдах боломжийг олгох, хөрөнгө оруулалтаас гарах процессыг маш нарийн зохицуулах шаардлагатай. Ер нь хөрөнгө оруулагч татах гэдэг бол нэг удаагийн ажил биш урт хугацааны хамтын ажиллагаа, итгэлцэл байдаг.

"МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ OTC БУЮУ БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛд ХОЁР ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОНД ГАРСАН"

зураг
 
Гэрэл зургийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос авав.

- Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны нэг ахиц бол OTC буюу хаалттай бондын зах зээл юм. Үүнийг Японы тал хэрхэн хүлээж авсан бэ?

- Японы үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь манайхтай адилхан биржийн бус зах зээл дээр чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ ч утгаараа манай улсад манай зах зээлд биржийн бус зах зээл хөгжихөд япон мэргэжилтнүүдийн оролцоо багагүй байсан.

Бид биржийн бус зах зээлийг эхлүүлээд 2 жил хүрэхгүй хугацаанд зохион байгуулж байгаа ч аль хэдийн нээлттэй зах зээлээсээ давсан үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг бүртгээд 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт биржийн бус зах зээлээр дамжуулан хийгдсэн байна.

Үүнд: Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлгүй топ 100 аан, Хөгжлийн Банк, Мик гэх мэт томоохон тоглогч нар хамрагдсан байдаг. Японы хөрөнгө оруулагчид манай биржийн бус зах зээлийн эхлэл үеийг анхааралтай ажиглах хэмжээнд танилцуулж чадсан гэж найдаж байна. Мэдээж энэхүү богино хугацааны өсөлт гаднын хөрөнгө оруулагч нарын анхаарлыг татах нь ойлгомжтой. Харин бид хэрхэн таниулах, сурталчлахаас бүх зүйл хамаарна.

Монгол, Японы үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн зурах айлчлалын талаар Монголын үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал ийнхүү ярилаа. 

"Японы хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулах боломж, хамтын ажиллагааны эхлэл амжилттай тавигдаж байна"

зураг
 
Гэрэл зургийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос авав.

Мөн тус санамж бичиг байгуулах айлчлалд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн оролцсон юм. Хоёр улсын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд санамж бичиг зурах айлчлалд Санхүүгийн зохицуулах хороо ямар үүрэгтэй оролцсон, мэргэжлийн байгууллага, хөрөнгө оруулагчдын харилцааг зохицуулахад хэрхэн анхаарах талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөнтэй ярилцлаа. 

- Энэ удаагийн Япон улсад хийсэн айлчлалд Санхүүгийн зохицуулах хорооноос төлөөлөл явах шалтгаан, оролцоо юу байсан бэ?

- Япон улсад хийсэн айлчлалын хувьд хоёр орны хөрөнгийн зах зээлийн орчныг сайжруулах хүрээнд тогтвортой санхүүжилт, дижитал бүтээгдэхүүнийг хоёр орны зах зээлд нэвтрүүлэх, зохицуулалтын орчныг бий болгох, түүнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Японы Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулсан.

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах тал дээр санал солилцсон үр дүнтэй айлчлал боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй хамтран Японы хөрөнгийн биржийн группийн удирдлагууд болон тус улсын мэргэжлийн оролцогчидтой холбогдох уулзалтуудыг зохион байгуулж Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах тал дээр санал солилцсон үр дүнтэй айлчлал боллоо.

Сүүлийн жилүүдэд манай улсын хөрөнгийн зах зээл идэвхжин, хөгжиж, олон шинэ бүтээгдэхүүн гарч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөгийг давснаас гадна биржийн бус зах зээл дээр гарах бүтээгдэхүүнүүдийн төрөл, тоо нэмэгдэж, тэдгээрийн татан төвлөрүүлж буй дүнгүүд 10-100 сая ам.доллартой тэнцэхээр болж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хөрөнгийн зах зээлийг тэлэх бодлогыг хэрэгжүүлж байгаагийн хүрээнд гадаадын хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн байгууллагуудын түвшинд хамтран ажиллахад бодлогын түвшинд дэмжлэг үзүүлнэ.

Мөн манай улсын хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчин олон улсын жишигт нийцэж, хөрөнгө оруулагчдад таатай болж байгаатай холбогдуулан гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж сурталчлах зорилгоор тус айлчлалд хамтран оролцлоо.

- Японы мэргэжлийн оролцогчид идэвхтэй оролцсон байсан. Монголын эдийн засгийн зохицуулалтын орчин, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчинд гарсан өөрчлөлтүүдийг хэрхэн хүлээж авч байна вэ? Бидний гадаадын хөрөнгө оруулалт татах "Welcome to mongolia" арга хэмжээнд тус дэм болж чадсан уу. Хэр нөлөө үзүүлнэ гэж харж байна вэ?

- Энэхүү уулзалтын хүрээнд Японы хөрөнгө оруулагч, мэргэжлийн оролцогчдод Монгол улсын үнэт цаасны компанийн төлөөллүүд өөрсдийн хэрэгжүүлж буй төслүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон өөрсдийн үйл ажиллагааны талаар товч танилцуулгуудыг амжилттай хийсэн. Цаашид тус улсын хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулах боломж, хамтын ажиллагааны эхлэл амжилттай тавигдаж байна гэж харж байна.

Монгол Улсын эдийн засгийн орчин, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг авч үзэхэд сүүлийн жилүүдэд өсөлт, хөгжил өндөр байгаа бөгөөд зохицуулалтын орчны хувьд ч олон улсын жишигт нийцүүлсэн, хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэхэд чиглэсэн таатай зохицуулалтууд нэмэгдсэнд тус улсын хөрөнгө оруулагчид ам сайтай байсан. 

Манай хөрөнгийн зах зээлийн орчинд гарч буй өөрчлөлтүүдийг Япон улсын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн үетэй адилтган тайлбарлаж байснаас үзэхэд манай хөрөнгийн зах зээлийн ирээдүйд эргэлзэхгүй байгаа гэж найдаж байна.

Цаашид зүүн өмнөд азийн орнуудад уг ажиллагааг үргэлжлүүлж хийхээр төлөвлөж байгаа.

Тус айлчлал нь хоёр орны хооронд хийгдэж буй хөрөнгө оруулалт, түүнтэй холбоотой санхүүгийн бусад үйлчилгээнүүдийг мэргэжлийн байгууллагуудаар дамжуулах, урт хугацаанд хоёр орны хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд хоёр улсын холбоод, мэргэжлийн оролцогчдын зүгээс мэргэжлийн түвшинд тогтвортой хамтран ажиллах, урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх чухал алхам боллоо гэж харж байна.

- Айлчлалын дараа Хөрөнгийн зах зээл дээр ямар өөрчлөлт гарна гэсэн хүлээлт байгаа вэ?

- Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь Японы үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулснаар хоёр орны хөрөнгийн зах зээлийн хүрээнд хийгдэж буй хамтын ажиллагаа өргөжин тэлж, үүнийг дагаад манай орны хөрөнгийн зах зээлд тодорхой өсөлт хөгжил, эерэг үр дүн гарах боломж бүрдэж байна.

Мөн тус айлчлалын хүрээнд хийсэн танилцуулгад Япон улсын зүгээс Daiwa institute of Research Ltd, Nomura Institute of Capital Markets Research, Japan External Trade Organization (JETRO), Japan Investor Protection Fund, Japan Securities Research Institute, Mitsubishi Corporation, The investment trusts Association, Japan, Mitsubishi UFJ Morgan Stanley Securities Co., Ltd-ийн төлөөллүүд зэрэг 30 орчим оролцогчид оролцсон.

Манай мэргэжлийн байгууллагуудын хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж байснаас үзэхэд цаашид манай улсын хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдын тоо одоогийнхоос нэмэгдэх хүлээлттэй байна.

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр дэмжлэг үзүүлж байгаа гэж ойлгож байгаа. Дараагийн улс орнууд нь ямар улс байх вэ. Ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?

- Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс:

  1. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, түүний эдийн засагт гүйцэтгэх үүрэг оролцоог өсгөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацааны санхүүжилт татах хөшүүргийг бий болгох,
  2. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх үүднээс хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчныг сайжруулах, дэд бүтцийн шинэчлэл хийх,
  3. Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг бий болгох чиглэлээр бодлогын цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ мэргэжлийн холбоо болон зохицуулалттай байгууллагуудынхаа санаа, санаачилгад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах,
  4. Хөрөнгийн зах зээлийн орчноо гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад сурталчлах хүрээнд хамтран ажиллахад нээлттэй байгаа. Үүний хүрээнд Япон улсад хийсэн уг айлчлалыг хамтран зохион байгуулан ажилласан билээ.

Цаашид зүүн өмнөд азийн орнуудад уг ажиллагааг үргэлжлүүлж хийхээр төлөвлөж байгаа. Дээрх ажиллагаануудын хүрээнд хөрөнгийн зах зээл маань улам өргөжин тэлж, гадаадын хөрөнгө оруулалтуудыг Монгол Улс руугаа чиглүүлж, эдгээр нь цаашлаад манай эдийн засагт эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж найдаж байна.

- Ярилцсанд баярлалаа. 

- Баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг