Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батхүү: Банкууд 1%-ийн шимтгэлийн асуудлаар давж заалдсан ч Дээд шүүх хүлээж авахгүй байх гэж бодож байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Давж заалдах шатны шүүхээс арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр өчигдөр гарсан. Энэ талаар Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар/ШӨХТГ/ болон өмгөөлөгчдийн зүгээс өнөөдөр мэдээлэл өглөө.

Гэхдээ давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш, Дээд шүүхээс эцсийн шийдвэр гарна гэдгийг хуульчид хэлж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хуульч, өмгөөлөгч С.Ялалт "ШӨХТГ-аас арилжааны банкуудад тавьсан албан шаардлагын дагуу Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрэгжээд эхэлбэл өмнө нь үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг зээлдэгч нарт буцаан олгох, ирээдүйд олгох зээлээс шимтгэл авахгүй байх үр дагавар үүсэж байгаа. Хэрэв албан шаардлагыг банкууд сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн гүйцэтгэх ажиллагаа явуулаад албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авах ёстой. Энэ нь зээлдэгч нарын 2021, 2022 онд авсан ипотекийн зээлийн шимтгэлтэй холбоотой асуудал.

Үүнээс өмнөх онд авсан ипотекийн зээлийн шимтгэлийн тухай ярихад иргэний хэргийн гурван шатны шүүхээр хоёр удаа шимтгэлийн асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. Иргэд шүүхэд сайн дураараа "Шимтгэл үндэслэлгүй аваад байна" гэх нэхэмжлэл гаргаад арилжааны банкийг Дээд шүүх дээр хоёр удаа ялаад, шимтгэлээ буцааж авсан.

Тэгэхээр 2021, 2022 оноос өмнөх хугацаанд ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн зээлдэгч нар Иргэний хэргийн шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргах боломж нь нээлттэй байгаа" хэмээн тайлбарлалаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хуульч, өмгөөлөгч О.Батхүү "2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх асуудлыг гаргаж тавьсан. Эхний ээлжид Монголбанканд хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Тиймээс мөн оныхоо тавдугаар сард ШӨХТГ-т "Банкууд 1%-ийн шимтгэлийг хууль бусаар авч, иргэдийг хохироогоод байгаа тул шалгаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан. Энэ дагуу тус газраас нэр бүхий есөн банканд шалгалт оруулж, 1%-ийн шимтгэл авч байгаа нь хууль бус болохыг тогтоогоод акт тавьсан. Үүний дараа шүүхэд хандсан. Ингээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр өчигдөр гарлаа. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш.

Уг шийдвэртэй холбогдуулан банкууд давж заалдсан ч Дээд шүүх гомдлыг хүлээж авахгүй байх гэж бодож байна. Учир нь банкууд 1%-ийн шимтгэл авч байгаа нь хууль бус юм гэдгийг Дээд шүүхээс өмнө нь тогтоочихсон.

Тодруулбал 2013-2023 он хүртэлх 10 жилийн өмнөх хэргийг Дээд шүүх нэг удаа хүлээж аваад банкууд үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзээд 1%-ийн шимтгэл авч байгаа нь хууль бус гэсэн шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ ямар шийдвэр гаргах нь Дээд шүүхийн бүрэн эрх" хэмээн ярилаа.

Өнөөдрийн байдлаар орон сууцны зээлтэй 110,000 хүн бий. Үнийн дүнгээр авч үзвэл 10 жилийн хугацаанд авсан шимтгэлд 47 орчим тэрбум төгрөгийг буцаан олгохоор байна.

ШӨХТГ-аас сүүлийн хоёр жилийн хугацааны ипотекийн зээлтэй холбоотой асуудалд шалгалт оруулж, хууль зөрчсөн болохыг тогтоосон гэдгийг хуульч О.Батхүү хэлэв.

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар өчигдөр ШӨХТГ-аас есөн арилжааны банканд тавьсан актыг хүчинтэй гэсэн шийдвэр гарсан.

ШӨХТГ-аас 2022 оны наймдугаар сарын 12-нд ипотекийн зээлтэй холбоотой арилжааны банкуудын авч байгаа шимтгэлийг гарч байгаа зардалтай нь уялдуулж, үндэслэлтэй тогтоож зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлсэн. Үүнийг банкууд эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан. Анхан шатны шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд болж шийдвэр нь банкуудын талд гарсан. Манай талаас давж заалдаж, өчигдөр манай талд шийдвэр гарлаа. Одоо бид шүүхийн шийдвэрийг албажуулсан байдлаар ирэхийг хүлээж байна.

Арилжааны банкууд Дээд шүүхэд хандах эрхтэй, Дээд шүүх хүлээж авах эсэх нь тэдний эрх. Дээд шүүх хүлээж аваагүй тохиолдолд манай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг арилжааны банкууд буцаан олгох нөхцөл үүсэж байна.

Зөвхөн 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлийн асуудал л яригдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан биелүүлэх эрх нь бий. Цаашид төлөвлөгөө гаргаж, хэрэглэгчийг хохироосон асуудалд шат дараалалтай орж явна. Одоогоор тодорхой хэлэхэд хэцүү байна. Өргөдөл, гомдол хүлээж аваад судалгаагаа хийсэн тохиолдолд ажиллаад явна” гэлээ.

ВИДЕО: