Германы Хамбург хотод зохион байгуулагдсан нисэх онгоцны дизайны үзэсгэлэнгийн үеэр онгоцны давхар суудлын шинэ загварыг танилцуулсан юм.
Энэ нь залуу дизайнер Алехандро Нунез Висентегийн бүтээл юм байна.
Суудлын загварын гэрэл зураг интернэтээр өргөн тарж, Америкийн сошиал хэрэглэгчдийн дунд нэлээд том хэлэлцүүлэг үүсгэжээ. Сонирхолтой нь хүмүүс дээд суудлын зорчигч унгавал арын доод суудлын зорчигч ямар хэцүү байдалд орох дээр хамгийн их санаа зовж байгаа нь эндээс харагдсан байна.
Тухайлбал “унгагчийн хувьд хөгжилтэй ч үнэрлэх хүнд таатай биш” гэсэн Reddit хэрэглэгчийн постыг олон мянган хүн дэмжжээ.
Өөр нэг хэрэглэгч “унгасны айдсаас гадна зөвхөн доод эгнээний хүмүүс хөлөө чөлөөтэй жийх боломжтой юм” хэмээн шүүмжлэн бичсэн нь мөн олон хүний дэмжлэгийг авсан байна.
Гэхдээ зарим нь шинэ загварын суудлын давуу талыг илүү онцолжээ.
“Хөлийн хэсгийн зай гайхалтай байна. Би лав дуртай сууна. Олон хүн унгасанд санаа зовж байна. Гэхдээ энэ бол хаана ч тохиолдож болох асуудал” гэж нэг хэрэглэгч бичсэн байна.
Хүмүүсийн шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч буйг зохион бүтээгчээс нь CNN агентлагийн сэтгүүлч тодруулжээ.
“Шинэ зүйл танилцуулахад хүмүүс эхэндээ эсэргүүцдэг, өөрчлөлтөөс айдаг. Гэхдээ олон удаа үзүүлж, харуулсны дараа дасаж, зохицож эхлэх нь тодорхой” гэж Висенте тайлбарласан байна.
Одоо 23 настай тэрбээр 2021 онд Лондоны Брунелийн их сургуулийг үйлдвэрлэлийн дизайн, технологийн мэргэжлээр төгсөж байжээ. Висенте давхар суудлын төслийг оюутан байхдаа буюу 2019 онд хөгжүүлж эхэлсэн юм байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!