"Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн тэмцээнийг Бямба гарагт зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан албаныхан мэдээлэл өглөө.
Уг гүйлтийн тэмцээнд оролцогчдыг сар гаруйн хугацаанд бүртгэсэн бөгөөд тавдугаар сарын 30-нд хаахаар товлосон.
Гэхдээ "Иргэн, ААН-үүдийн хүсэлтээр таван километрийн марафон гүйлтийн бүртгэлийг сунгаад өнөөдөр 17:00 цагт хаахаар болсон"-ыг Нийслэлийн биеийн тамир спортын газрын Захиргаа, төлөвлөлт санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Бямбасайхан хэлэв.
Тэрбээр марафоны зохион байгуулалтын талаар "Тэмцээнтэй холбогдуулан маргааш өглөө 06:00 цагт автомашины хөдөлгөөнийг маршрутын дагуу хязгаарлах юм. Үүний дараа Д.Сүхбаатарын талбайд 09:00 цагт тэмцээнд оролцогчдыг гараанд оруулснаар 09:30 цагт нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.
Үргэлжлүүлэн 10:00 цагт бөөн гараагаар гаргана. Ингэхдээ, хагас, бүтэн марафон болон 10 километрийн гүйлтийн тамирчид толгойн группт, 12-17 насны таван километрийн гүйлтийн тамирчид, таван километрийн эрүүл мэндийн гүйгчид гэсэн дарааллаар гүйх юм.
Харин МУИС-ийн нэгдүгээр байрны талбайгаас 13:00 цагт 1.5 километрийн зайнд хараагүй, тэргэнцэртэй иргэд гүйнэ. Гэр бүлээрээ оролцох иргэдийн хувьд уг байршлаас 1.5 км зайд гүйж, төв талбай дээр барианд орно.
14:00-16:00 цагийн хооронд 1.5 болон таван километрийн гараанд амжилт гаргасан тамирчдыг, 16:00 цагаас хойш хагас бүтэн марафон болон 10 километрийн зайд түрүүлсэн тамирчдыг урамшуулна" хэмээн мэдээлэв.
Марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликэйшнээр бүртгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!