Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан КОВИД-19 гарсан 2020 онд хамгийн их буюу ₮733 саяын тусламж олгожээ

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шилэн ажиллагааны хүрээнд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн мэдээлэл shilen.gov.mn системд байршиж, одоогийн байдлаар 179 мэдээлэл бүртгэгджээ.

Тус сан өнгөрсөн хугацаанд нийт 3,125,239,532 төгрөгийн тусламж үзүүлсэн байна.

Хуулийн заалтын хүрээнд олгогдсон санхүүжилтээс харвал нийт санхүүжилтийн 44.81% буюу хамгийн их тусламжийг Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрмийн 4.3.1 дэх заалтын дагуу олгожээ.

Уг заалтад хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарил буюу чандрыг эх оронд нь авчрах зардалгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах нөхцөлд олгоно гэж заасан байна.

2009-2023 оны хооронд олгосон дүнг харвал 2020 онд хамгийн их буюу 733,896,000 төгрөгийн тусламжийг олгосон аж. Тухайн жилд коронавирусийн халдварт цар тахал дэлхий нийтэд гарч эхэлсэн.

зураг
 
Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сангийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ танилцах боломжтой.

Сангийн дүрэмд дараах нөхцөлд тусламж, зардал олгоно хэмээн заажээ. Үүнд,

  • 4.3.1 Хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарил буюу чандрыг эх оронд нь авчрах зардалгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах;
  • 4.3.2 Хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, терроризм, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах;
  • 4.3.3 Хилийн чанадад хорих ял эдэлж байгаад, эсхүл албадан саатуулагдаж байгаад суллагдсан иргэн эх орондоо буцах зардалгүй тохиолдолд нутаг буцаах;
  • 4.3.4 Гэмт хэргийн улмаас хохирсон буюу эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний улмаас төлбөрийн чадваргүй болсон иргэнийг эх оронд нь буцаах;
  • 4.3.5 4.3.1 болон 4.3.4 заасан иргэнд үндэсний гадаад паспорт  буюу буцах үнэмлэх олгох, эх оронд нь буцаахтай холбогдсон бусад үйлчилгээ үзүүлэх;
  • 4.3.6 Хилийн чанадад гэмт хэргийн улмаас хохирсон иргэнтэй холбоотой асуудлыг тухайн улсын холбогдох хууль, хяналтын байгууллагаар шалгуулах, хянуулах, эрх ашгийг нь хамгаалахад шаардагдах өмгөөлөгч, орчуулагчийг хөлслөх;
  • 4.3.7 Хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэнийг Дипломат төлөөлөгчийн газраас эргэх;
  • 4.3.8 Гадаад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд заасан монголын талын төв байгууллагаас гадаад улсад хүргүүлэх эрх зүйн туслалцааны хүсэлт болон холбогдох баримт бичгийг гадаад хэл рүү орчуулах төлбөрийг гаргах тохиолдолд олгоно.