Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Улс орны хөгжилд Монголбанкны гүйцэтгэх үүрэг

ikon.mn
2023 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийтлэл бичсэн: Доожавын Ган-Очир1

Монгол Улсад 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараа эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд шинэчлэл, өөрчлөлтийн олон чухал үйл явц өрнөсний нэг нь банкны салбарын үүсэл тавигдсан явдал юм. Монгол Улсын Засгийн газрын 1922 оны 3 дугаар сарын 27-28-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн банк (Монголбанк) 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдөр үйл ажиллагаагаа эхэлсэн2. Ингэснээр Монгол Улсад үндэсний банкны үүсэл тавигдсан цаг тоолол эхэлсэн гэж үздэг бөгөөд 2023 онд банк, санхүүгийн салбар үүсэж бэхэжсэний 99 жилийн ой тохиож байна.

Өнгөрсөн 99 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон өөрчлөлт гарч, банк, санхүүгийн салбар олон улсын түвшинд хүрч хөгжин, гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, улс орны бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулж ирлээ. Тэр дундаа Монголбанк нь байгуулагдсан цагаасаа эхлэн үндэсний мөнгөн тэмдэгтийг олон улсын стандартад нийцүүлэн гаргах, банк, санхүүгийн системийг хөгжүүлэх, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг удирдах, үндэсний төлбөр тооцооны системийг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Үндэсний банк байгуулагдаж, үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийг гүйлгээнд гаргасан явдал бол Л.Түдэв гуайн хэлснээр “буун дуугүй хувьсгал”, тусгаар тогтнолын баталгаа байв. Ийнхүү үндэсний банк (Монголбанк) байгуулагдсанаар Монгол Улсад мөнгөний тогтолцоо үүсэж бэхжих, үндэсний мөнгөн тэмдэгттэй болох эхлэл тавигдаж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг дотоод санхүүжилтээр дэмжих суурь бүрдсэн юм.

Монголбанк 1924-1991 оны хооронд санхүүгийн зуучлал, санхүүгийн системийн хөгжлийг дангаар тодорхойлж, санхүүгийн зах зээл дээрх үндсэн ганц зуучлагч байсан бол, 1991 оноос хойш банкны хоёр шатлалт тогтолцоо үүсэж, эрчимтэй хөгжөөд байна.

Нэг талаас, Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах онцгой эрхтэй санхүүгийн том институц хэдий ч, нөгөө талдаа хуулиар тогтоосон үйл ажиллагааны чиглэлтэй, түүнийгээ л хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн нэг байгууллага юм. Иймд Монголбанканд хийж чадах, бас чадахгүй зүйлс бий. Эдгээрийг хуульд заасан төв банкны үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд дараах хэсэгт дэлгэрүүлэн авч үзье.

Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, зохицуулах

Монголбанк Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрх эдэлдэг. Үндэсний мөнгөн тэмдэгт нь тухайн улсын тусгаар тогтнолын баталгаа, илэрхийлэл юм. Анх байгуулагдах үеийн Монголын үндэсний банк (Монголбанк)-ны үндсэн үүрэг нь үндэсний мөнгөн тэмдэгттэй болох, улс ардын аж ахуйн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, ард иргэдийн хувийн мөнгөн хадгаламжийг хадгалах, арвижуулах, тэдний хооронд хийгдэх тооцоог дамжуулан хийх явдал байв.  БНМАУ-ын Их хурлын шийдвэрийг үндэслэн Засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-нд мөнгөний шинэчлэл явуулах тухай тогтоол гаргаж, Монголын үндэсний мөнгөний нэгжийг ‘төгрөг’ гэж нэрлэж, үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах эрхийг Монголбанканд олгожээ. Иймд 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийг 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртээр гүйлгээнд гаргаж, мөнгөний эргэлтийн эмх замбараагүй байдал, олон төрлийн мөнгөний гүйлгээг зогсоож чадсан.

Үүнээс хойш 1939, 1955, 1966, 1993 онуудад төгрөгийг цоо шинээр өөрчлөн бүтээж, хэвлүүлэн гүйлгээнд гаргажээ. Одоо гүйлгээнд ашиглаж буй цаасан мөнгөн тэмдэгтийн хувьд 1, 5, 10, 20, 50, 100, 500, 1000-тын дэвсгэртүүд 1993 онд гарсан бол, 5000, 10000-тын дэвсгэрт 1995 онд, 20000-тын дэвсгэрт 2006 онд гүйлгээнд гарсан. Мөнгөн дэвсгэртийн нууцлал, хамгаалалтыг олон улсын жишиг, стандартын дагуу тогтмол сайжруулж, шинээр үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, банкуудад болон орон нутагт бэлэн мөнгөний зузаатгал хийх, хуучин мөнгөн дэвсгэртийг устгах, энэ бүх процессын үед тооллого хийх зэрэг ажлыг Монголбанк дангаар хариуцан зохион байгуулж ирсэн. Монголбанк мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах үйл ажиллагаа явуулна. Гэхдээ Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн хэв загварыг батлах эрх зөвхөн Улсын Их Хурал (УИХ)-д хадгалагддаг. Монголбанк төгрөгийг гүйлгээнд гаргах онцгой эрхтэй гээд хэвлээд тараагаад байж чадахгүй, энэ нь түүний төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтоор хязгаарлагдана.

Мөнгөний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх

Төв банк /Монголбанк/-ны тухай хууль 1996 онд батлагдсан цагаас хойш “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.” гэсэн заалт мөрдөгдөж байна. Иймд төрийн мөнгөний бодлого нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд боловсруулагдаж, хэрэгжиж ирсэн. Олон улсын практик, жишгийн дагуу мөнгөний бодлогын зорилтыг төгрөгийн дотоод үнэ цэнийг хадгалах буюу инфляцыг 6+/-2 хувийн зорилтот түвшин (2023 оны хувьд нэг оронтой тоонд гэж баталсан)-д тогтвортой байлгах гэж ойлгож болно.

Дунд хугацаанд инфляцын зорилтоо хангахын тулд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, эдийн засгийн өсөлт зэрэг суурь макро үзүүлэлтүүдийг бодлогын сонголтод мөн давхар харгалздаг. Одоо үйлчилж буй хуулиар дараагийн  жилд баримтлах Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг 10 дугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хурал (УИХ)-д өргөн барьж, хэлэлцүүлэн батлуулдаг. Энэхүү үндсэн чиглэлд эдийн засаг, санхүүгийн зах зээлийн төлөв, мөнгөний бодлогын зорилт, банкны тогтвортой байдлыг хангахтай холбоотой арга хэмжээ, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг оруулдаг жишиг тогтоод байна. Төслийг боловсруулахдаа салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, төрийн холбогдох байгууллагуудын санал, зөвлөмжийг авч тусгадаг.

зураг
 

Монгол Улсын эдийн засгийн бүтцийн онцлогоос хамаарч инфляцад бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийн тасалдал, зардлын өсөлттэй холбоотой үнийн өсөлтийн эзлэх хувийн жин өндөр байсаар байна. Тухайлбал, мах, гурил, ургамлын тос, цагаан будаа, шатахуун зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах, гадаад зах зээл дээр үнэ өсөх, улмаар орцын болон тээврийн зардал өсөх зэргээс хамаарсан урьдчилан тооцоолоогүй, богино хугацааны огцом үнийн өсөлтөд мөнгөний бодлогоор хариу үйлдэл үзүүлэн бууруулах боломж хязгаарлагдмал юм. Гагцхүү инфляцын өсөх хүлээлт нэмэгдэх, хоёр дахь үеийн нөлөөгөөр өндөр түвшинд удаан хугацаанд хадгалагдахаар нөхцөл байдал үүсэх, зарим тохиолдолд долларжилт хурдацтай өсөх үед мөнгөний бодлогын тохиргоог шуурхай авч хэрэгжүүлэх шаардлага үүсдэг.

Харин энэ төрлийн инфляцтай төсвийн, татварын, салбарын, бүтцийн бодлогоор хариу арга хэмжээ авч урьдчилан сэргийлэх боломжтой тул Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлах УИХ-ын тогтоолд бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, зардлын өсөлтийг тогтвортой байлгах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлж байхаар давхар тусгаж ирсэн. Гэхдээ мөнгөний бодлогын арга хэрэгслээр инфляцын ерөнхий хөдөлгөөн, ялангуяа дунд хугацаанд зорилтот түвшинд байлгах тохируулгыг хийх боломжтой юм. Мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх нь “том усан онгоц жолоодохтой адил” буюу инфляцын хэтийн төлөв (“мөсөн уул”)-ийг урьдчилан тооцож, түүнийг зорилтот түвшинд байлгахын тул мөнгөний бодлогын тохиргоог эртнээс авч явах ёстой болдог. Учир нь мөнгөний бодлогын хүүний өөрчлөлтийн инфляцад очих хамгийн хүчтэй нөлөө нь тодорхой хугацааны хоцролттой (манай орны хувьд 4 улирлын дараа) илэрдэг.  

Монголбанкны инфляцын төсөөлөл гаргах, бодлогын хариу арга хэмжээг урьдчилан авах чадавх Төсөөлөл, бодлогын шинжилгээний систем (FPAS)-ийг 2013 онд нутагшуулснаас хойш эрс сайжирч байна.

Мэдээж глобал хүлээгдээгүй үйл явдлууд (Худалдааны дайн, Технологийн дайн, КОВИД-19, Украин дах дайн гэх мэт), дотоодын бодлогын огцом хариу арга хэмжээ (тэтгэврийн зээл тэглэх, хүүхдийн мөнгөний дүнг өсгөх, ипотекийн хүү бууруулах, эргэн төлөлтийг удаан хугацаанд хойшлуулах, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт), хил дээрх болон тээвэр, логистикийн саад зэрэг эрэлт, нийлүүлэлтийн талд хүчтэй нөлөөлөх тодорхой бус байдлууд нь мөнгөний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, инфляц зорилтот түвшнээс тодорхой хугацаанд давахад нөлөөлж байна. Олон улсын жишгээр төв банк инфляц зорилтоос давахад ямар хүчин зүйлс нөлөөлснийг тайлбарлаж, хэзээ зорилтот түвшинд эргэн орж ирэхийг, түүний тулд ямар бодлого хэрэгжүүлж байгаагаа нийтэд ил тод мэдэгддэг практикт Монголбанк шилжиж байна.

Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх

Монголбанк нь Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн хувьд төрийн сангийн харилцах дансыг байршуулж, Засгийн газрын нэрийн өмнөөс гадаад төлбөр тооцоо хийх, хуульд заасан хязгаарын хүрээнд богино хугацаат зээл олгох, Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг. Тухайлбал, Монголбанк улсын төсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг нөхөхөд зориулж тухайн санхүүгийн жил дуусахаас өмнө төлөгдсөн байх нөхцөлтэйгөөр Засгийн газарт зээл олгох буюу Засгийн газрын богино хугацаатай үнэт цаасыг худалдан авч болдог. Тухайн санхүүгийн жилийн түр хугацааны зээлийн үлдэгдлийн нийт хэмжээ нь дотоодоос төсөвт сүүлийн 3 жилд орсон орлогын дунджийн 10 хувиас хэтрэхгүй байх ёстой. Харин Монголбанк хуульд зааснаас бусад тохиолдолд хүн, хуулийн этгээд, тухайлсан банканд эдийн засгийн буюу арилжааны давуу байдал бий болгосон, эдийн засгийн тодорхой салбарт зориулсан тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа хэлцэл, гүйлгээ хийхийг хориглодог. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өмнүүр орж төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх нь хуулиар хориотой.

Банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих

Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог. Зөвшөөрөл олгосон этгээдүүдийнхээ зохистой харьцааг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал, бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилладаг. Ингэхдээ зайнаас буюу банкуудын тайлан, тэнцлийн үзүүлэлтүүд нь тогтоож өгсөн зохистой харьцаа болон бусад шаардлага, шалгуур нөхцөлүүдийг хангаж буй эсэхэд хяналт тавих болон газар дээрх хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулна. Газар дээрх хяналт шалгалт нь ирүүлж буй тайлан, мэдээ нь газар дээрх бодит хувийн хэрэг, мэдээлэлтэйгээ ижил байгаа эсэх, аливаа зөрчил байгаа эсэхийг шалгадаг. Хяналт шалгалтын үр дүнд аливаа зөрчил илрүүлбэл түүнд улсын байцаагчийн акт тавих, үүсэж болзошгүй эрсдэл, бодит алдаа, дутагдлыг залруулах үүрэг даалгаврыг өгч шийдвэрлүүлнэ.

Түүнчлэн банк тус бүрийн болон банкны салбарын эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, арга хэмжээний санал гаргах, банкуудын удирдлага, эрхлэх үйл ажиллагааны зөвшөөрлийг шалгуур хангасан эсэхийн үнэлгээнд суурилан олгох, олон улсын стандарт, шаардлагуудыг банкуудад нэвтрүүлэх, банкны салбарын бодлого, зохицуулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах тохиолдолд стратеги, процессыг бэлтгэх зэрэг чиг үүргийг давхар хэрэгжүүлдэг. Ийнхүү эрсдэлд-суурилсан хяналт шалгалтыг үр дүнтэй хэрэгжүүлж, алдаа зөрчлийг тухай бүр засуулж, дахин гарах нөхцөлийг хаах нь банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах суурь нөхцөл юм. 

Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих

Үндэсний эдийн засаг, санхүүгийн харилцаад төлбөрийн систем чухал үүрэг гүйцэтгэдэг. Дансаар мөнгө шилжүүлэх, мобайл эсвэл интернэт банкаар үйлчлүүлэх, картаар төлбөр төлөх бүрийдээ бид төлбөрийн системийн “харилцагч” болдог. Техник технологийн хөгжил, хэрэглэгчдийн зан төлөвийн өөрчлөлтөөс шалтгаалж Монгол Улсад бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээ сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байна. Улсын хэмжээнд нийт гүйлгээний 90 гаруй хувь нь карт, банкны аппликэйшн, гар утас зэрэг цахимаар хийгдэж байгаа бол, үлдсэн 10 хүрэхгүй хувь нь бэлэн мөнгөөр хийгдэж байна.

Монголбанк нь Үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган,  төлбөрийн системийн шинэчлэлийг эрчимжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Энэ хүрээнд дотоодын их дүнтэй төлбөр тооцооны “Банксүлжээ” систем, бага дүнтэй төлбөр тооцооны систем, картын нэгдсэн сүлжээ болон үнэт цаасны төлбөр тооцооны системүүдийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган ажилладаг. Тухайлбал, КОВИД-19 цар тахлын хөл хориотой үед ч дотоод, гадаад төлбөр тооцоо тасралтгүй хэвийн үргэлжилсэн билээ. Монголбанкны хувьд төлбөрийн системийн оролцогчийн зүгээс нэвтрүүлж буй төлбөрийн шинэ үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжих, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Азийн хөгжлийн банкны зээлээр санхүүжиж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд Монголбанкны Үндсэн бүртгэлийн систем, Их өгөгдөл, Token баталгаажуулах систем зэрэг дэд системүүдийг шинээр нэвтрүүлээд байна. Шинэ системийг нэвтрүүлснээр төлбөрийн карт гаргагч, хүлээн авагчийн гүйлгээний төрөл нэмэгдэх, хэрэглэгчдэд олон төрлийн сонголт бий болох, Үндэсний цахим гүйлгээний төвийн үйл ажиллагааны хүчин чадал, цар хүрээ нэмэгдэх боломж бүрдээд байна. Түүнчлэн Монголбанк банкуудтай хамтран 2012 онд гаргасан үндэсний төлбөрийн “₮-карт”-ыг EMV чип технологид шилжүүлэх ажлыг амжилттай хийгээд байна. EMV чип бүхий ₮ карт нь хуулбарлах, хулгайн болон залилангийн гүйлгээний эрсдэлээс сэргийлэх бөгөөд карт эзэмшигчид тус картыг ашиглахад илүү хялбар (зайнаас уншуулах гэх мэт) болсон. Одоо үндэсний ₮ картаар гаднын улс оронд шууд төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.   

Гадаад валютын улсын нөөцийг эзэмших, удирдах

Монголбанкан дахь гадаад валютын улсын нөөц (ГВУН) нь төгрөгийн үнэ цэний хойд талын “баталгаа” гэж ойлгож болно. Монголбанк нь өөрийн харилцагч банкууд дээр гадаад валютын данс эзэмшихээс гадна өөр дээрээ Засгийн газар болон банкуудын дансыг байршуулдаг. Иймд өөрийн болон банкууд, Засгийн газрын дансан дах валютууд нь гадаад валютын улсын нөөцөд орно. Түүнчлэн Монголбанк алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс төгрөгөөр алт худалдан авах үйл ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэдэг. Ийнхүү авсан алтаа олон улсын стандартыг хангасан алт цэвэршүүлэх үйлдвэрээр цэвэршүүлж, биет алт эсвэл мөнгөжсөн алт хэлбэрээр гаднын “найдвартай” банкуудад байршуулдаг. Энэ хэлбэрээр байршиж буй алт нь мөн ГВУН-д орж тооцогдоно.

Түүнчлэн Засгийн газар гадаад зах зээлд бонд гаргаж эх үүсвэр оруулж ирэх эсвэл олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээл авах тохиолдолд Монголбанкан дах харилцахдаа байршуулах эсвэл Монголбанканд худалдахад ГВУН тухайн өдрөө тэр дүнгээр нэмэгдэнэ. Үүнтэй адилаар экспортлогч төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, банкнуудаас гаднаас валютын оруулж ирж харилцахдаа байршуулах эсвэл гадаад валютын интервенцээр Монголбанканд худалдах тохиолдолд валютын нөөц нэмэгдэнэ. Нөгөө талдаа, дотоодын валютын зах зээлд гадаад валютын илүүдэл эрэлт бий болж, стратегийн импортын хэрэгцээг хангах шаардлагаар гадаад валютын нөөцөөс интервенц хийх замаар нийлүүлэлтийг хийдэг. Монголбанк санхүүгийн байгууллага болохын хувьд Засгийн газар, банкуудад гадаад валютын хадгаламжийн данс нээх тохиолдолд түүнд хүү тооцож төлнө. Мөн банкнуудтай гадаад валютын своп хэлцэл байгуулах тохиолдолд өгч буй төгрөгтөө хүү тооцон авахаас гадна авч буй гадаад валютдаа хүү тооцож төлнө.

ГВУН-ийг удирдахдаа дараах суурь зарчмыг баримтлахаар төв банкны тухай хуульд тодорхой заасан: “Монголбанк эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэгтэй. Зөвхөн эдгээр үүрэг бүрэн биелсэн нөхцөлд ГВУН-ийг ашиглан санхүүгийн зах зээл дээр арилжаалагдах хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх замаар орлогыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж болно.” Өөрөөр хэлбэл, ГВУН-ийг удирдахад эн тэргүүнд ашиг, өгөөж хайхаас илүүтэй хөрвөх чадвар, найдвартай байдал чухалчилдаг. Учир нь, ГВУН-өөс гадаад төлбөр тооцоо хийх, дотоодод валютын интервенц хийх шаардлагатай үед бэлэн байх үүднээс хөрвөх чадвартай хөрөнгөд байрших ёстойн дээр эрсдэлтэй банк, санхүүгийн байгууллага эсвэл хэрэгсэлд байршиж эрсдэлд орж болохгүй. Үүний зэрэгцээ байрших гадаад валютын нэр төрөл, хугацааны хувьд гадаад өр төлбөрийн хугацааны болон валютын бүтэц, импортын валютын төлбөрийн бүтэц зэргийг харгалзах ёстой болдог. ГВУН ямар төрлийн активт байршиж болохыг хуульд тодорхой заасан. Харин ГВУН-ийн удирдлагын хүрээнд нөөцөө байршуулах санхүүгийн байгууллагууд, санхүүгийн бүтээгдэхүүний болон валютын нэр төрлийг тусгайлсан шинжилгээ, эрсдэлийн удирдлагын хүрээнд тодорхойлдог.

Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах

Бусад орны төв банкуудын үйл ажиллагааны жишгийн дагуу Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа багтдаг. Энэ хүрээнд банкны үйл ажиллагаанд болон хадгаламжийн даатгалын корпорацын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Энэ нь банкны үйл ажиллагаа доголдож, татан буугдсанаас харилцагч, хадгаламж эзэмшигч хохирох ёсгүйн дээр, нэгэнт татан буугдах нөхцөл байдал үүсвэл хадгаламжийн даатгалын корпорацаас даатгагдсан хадгаламжийн хэмжээгээр нөхөн олговор олгогдож хохирлыг шийдвэрлэх ёстой гэсэн зарчим юм. Одоо үйлчилж буй хуулиар манай улсад даатгагдах хадгаламжийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг байна.

Үүний зэрэгцээ Монголбанкны зүгээс банкны харилцагчдын хадгаламж, зээлийн нөхцөлд тавигдах ерөнхий шаардлагыг стандартчилах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Макро зохистой бодлого хэрэгжүүлэх

2007-2008 оны глобал санхүүгийн хямралын дараагаас бодлого боловсруулагчид санхүүгийн системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн анхаарал хандуулах болсон. Тухайн нэг банкны санхүүгийн хүндрэлээс илүүтэй нийтлэг шалтгаанаар бүх санхүүгийн байгууллагуудад нэгэн зэрэг хүндрэл үүсэх нь санхүүгийн системийн эрсдэлийг бий болгодог. Өөрөөр хэлбэл, өрхийн өрийн дарамт хэт нэмэгдэх буюу өр, зээлийн эргэн төлөлтийн орлогод эзлэх хувь хэт өндөр болох нь эргээд зээлийн чанарт нөлөөлдөг болохыг харсан. Түүнчлэн гадаад валютын орлогогүй атлаа гадаад валютын өр, зээлтэй байх нь ханш сулрах үед зээлийн эрсдэлд хүргэдэг. Ийм төрлийн эрсдэлүүд нь бүх санхүүгийн байгууллагуудад нэгэн зэрэг бий болох тохиолдолд системийн эрсдэлийг хуримтлуулна. Иймд зээлийн нэр төр, валютын нэр төрөл, зээлийн хугацаа зэрэг зээлийн нөхцөлийн параметрүүд дээр хязгаарлалт тавих байдлаар эрсдэлийг бууруулах шаардлага үүсэх болсон.

Түүнчлэн банкны салбарын эх үүсвэрийн долларжилтоос сэргийлэх, зээлжих боломжтой эх үүсвэрт нөлөөлөх зорилгоор дотоод, гадаад валютын харилцах, хадгаламжид ялгаатай заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь тогтоох практик ч тогтоод байна. Иймд системийн эрсдэлээс сэргийлсэн макро зохистой бодлогын зорилгоор өр, орлогын харьцаа, зээл, барьцаа хөрөнгийн үнэлгээний харьцаа, зээлийн хугацааны хязгаарлалт, ялгаатай ЗБН тогтоох, гадаад валютын зээлийн эрсдэлийн жинг өндрөөр тогтоох зэрэг арга хэрэгслийг Монголбанк ашиглаж эхлээд байна. Монгол Улсын эдийн засагт хэрэглээний зээлийн өсөлт, өрхийн өрийн дарамтыг дагасан системийн эрсдэлээс сэргийлэх, эх үүсвэрийн хэт долларжилтоос сэргийлэх, ханшийн хэлбэлзлийн зээлийн чанар үзүүлэх нөлөөг бууруулах зорилгоор эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Бие даасан эдийн засгийн зөвлөгөө өгөх, санхүүгийн чанартай статистик гаргах

Монголбанкны эдийн засгийн бодлогын санал, зөвлөгөө нь ирээдүйг харсан, хараат бус байх, төв банкнаас гаргадаг санхүүгийн болон гадаад секторын статистик нь үнэн зөв найдвартай, шийдвэр гаргахад хэрэг болохуйц байхыг чухалчилдаг. Монголбанк эдийн засгийн бодлого боловсруулалтыг сайжруулах зорилгоор олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулах, статистик болон эдийн засгийн шинжилгээ, судалгааг өргөн хүрээнд хийж ирсэн. Статистик мэдээлэл, шинжилгээ, судалгааны үр дүнг цахим хуудас, ном товхимол, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах хэлбэрээр бодлого боловсруулагчид болон олон нийтэд түгээдэг. Түүнчлэн бодлогын зарим онцлох шинжилгээ, судалгааны үр дүнг зөвлөмж, санал хэлбэрээр Засгийн газар, УИХ-д хүргүүлэн ажиллаж байна. Монголбанкны мэргэжилтэн, судлаачдын онолын болон практик мэдлэг,  судалгаа, шинжилгээнд хэрэглэж буй арга зүй олон улсын түвшинд хүрч, судалгааны ажлууд нь олон улсын мэргэжлийн хянан магадалгаа хийгддэг сэтгүүлүүдэд олноор хэвлэгдэх болсон. Энэ хэрээр судалгааны үр дүн бодит байдалд илүү ойр байх, дүгнэлт зөвлөмж нь бодит хөрсөндөө бууж, бодлого боловсруулалт, хэрэгжүүлэлтийн үр дүнтэй байдал сайжрах боломж бүрдэж байна. 

Цаашид Монголбанкны бодлогын үр нөлөөтэй байдлыг сайжруулахын тулд түүний үйл ажиллагааны улс төрөөс хараат бус, бие даасан байдлыг улам бэхжүүлэх, цэвэр мэргэжлийн чадварлаг институц болгон төлөвшүүлэх, түүний санал, зөвлөмжийг Засгийн газар, УИХ-ын түвшинд “сонсож”, төсвийн болон бүтцийн бодлогыг оновчтой хослуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 

Эцэст нь, төв банкны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг түр хугацааны бодлого, үйл ажиллагаанаас ялгаж салгах нь чухал юм. Өнөөдөр инфляц хоёр оронтой тоонд байна, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулраад байна гэдгээр төв банкны өнгөрсөн 99 жилийн түүхэн хугацаанд гүйцэтгэсэн үүргийг үл тоомсорлож боломгүй. Мэргэжлийн, бие даасан бодлого хэрэгжиж, гадаад, дотоод нийлүүлэлтийн талд гарч байгаа шокууд буцсанаар инфляц эргээд 6 хувийн голчтой зорилтот түвшиндээ ирэх жилүүдэд орж, 2030 он гэхэд 4 хувийн зорилтыг тавих боломж бас бий. Иймд бодлогын үр нөлөө, институцийн нэр хүндийг “алсхан” харж дүгнэвэл зохино. 

Монголбанкны бодлого, үйл ажиллагаа мэргэн байж, Монгол Улсынхаа бадрангуй хөгжилд үлэмж хувь нэмэр оруулах болтугай! 


 

1 Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (D.Sc).

2 ‘Худалдаа, аж үйлдвэрийн банк’, ‘Монголбанк’ гэсэн нэрийг хэрэглэдэг байсан хэдий ч албан хэрэгт ихэвчлэн ‘Монголбанк’ гэж нэрлэж байжээ.